"Монголын нэр ертөнцийн чихнээ" теле хичээл /бүрэн эхээр/

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найм дахь жилдээ заасан теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний олон нийтийн Телевизээр шууд дамжуулан нэвтрүүлсэн юм.
Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.
МҮОНТВ-ийн хөтлөгч Н.Баярмаа: -Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчид ээ,
Сайн байцгаана уу, хүүхэд багачууд аа,
Монголынхоо нийт эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуучууд та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.
Зуны зугаатай өдрүүд ард хоцорч эрдэмд шамдах их аяны эхлэл 9 дүгээр сарын 1-тэй бид золгож байна. Жил бүрийн энэ өдөр улс орон даяараа нэгэн ангийн сурагчид болж Төрийн тэргүүнийхээ хичээлийг сонсдог уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн хичээлийн сэдэв “Монголын нэр ертөнцийн чихнээ”. Ингээд эрхэм хүндэт багшаа эрдмийн саруул танхимдаа угтан авцгаая.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ,
Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Амжилт хүсье.
/Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв/.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа. Суудалдаа сууна уу.
Энэ жилийн хичээлийн сэдэв юу вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ самбар дээр бичсэн байна. “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн ийм сэдвээр хичээлээ оръё гэж төлөвлөсөн. Хүүхдүүд маань энэ зун сайхан амарсан гэж бодож байна. Хичээл сургуульдаа бүгд бэлэн болсон байх гэж найдаж байна.
Хичээл сургуульдаа ороход хүн бүхэн сайхан ерөөл хэлдэг. Хүүхэд бүр өөрийн хүсэлтэй ирдэг. Энэ хичээлийн жил хүүхэд бүрийн хүсэл биелсэн, эсвэл хүсэл нь биелэхэд маш их ойртсон ийм сайхан жил байгаасай гэж бодож байна. Ингээд та бүхэнд амжилт хүсч хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн хичээлээ нээж байна.
Өмнө нь би 7 удаа теле хичээл орсон. Энэ жил 8 дахь удаагийн хичээл орох гэж байна. Би үнэхээр багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүддээ баярлаж байна.
Энэ хичээлийг жил бүхэн манай сурагчид, оюутнууд үзэж, бичиж авч, тэмдэглэл хөтлөн, тэр битгий хэл бяцхан ном гарган хадгалсан байсан. Намайг хөдөө орон нутгаар явж байхад хүүхдүүд миний хичээлийг үзсэн тухайгаа ярьж үзүүлж байсан. Тиймээс би үүнд баярлаж явдгаа юуны өмнө хэлэх нь зүйтэй байх.
Би эхний хичээлээ 2009 оны 9 дүгээр сарын 1-нд зааж байсан. Анхны хичээлийн нэрийг санаж байгаа хүүхэд байна уу? Тэр хичээлд оролцсон хүүхэд байна уу?
Тэнд нэг охин байна. Ямар сэдвээр хичээл зааж байсан билээ?
Сурагч Үүрцайх: -Намайг Үүрцайх гэдэг. Би “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 12 дугаар ангид сурдаг. 2009-2010 онд “Дэлхийн дулаарал ба Монгол орон” сэдвээр хичээл зааж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хэддүгээр ангид байсан бэ?
Сурагч Үүрцайх: -Би 5 дугаар ангид байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Эхний хичээл маань манай улс оронд, мөн дэлхий дахинд хамгийн тулгамдаж байгаа дэлхийн дулаарал, цаг уурын асуудлаар болж байсан. Өнөөдөр ч тийм байгаа. Тэр тухай маш их ярьдаг. НҮБ, улс орон бүхэн ярьдаг. Тэгээд энэ үйл ажиллагаа явсаар байгаад маш сайхан үр дүнд хүрсэн.
Үүнийг олон жил ярьж байгаад ноднин 9 дүгээр сард НҮБ-аас ирэх 15 жилийн хөтөлбөрөө гаргаж, дэлхий даяараа, түүн дотор Монгол Улс оролцож баталсан. Эндээс хамгийн гол асуудал бол цаг уурын асуудал юм.
Парис хотноо 2015 оны 12 дугаар сард дэлхийн олон удирдагчид, 140-өөд орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад хүмүүс цугларчдэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээрээ заавал хэрэгжүүлэх ёстой гэрээ байгуулсан. Энэ бол маш чухал ажил юм.
Монгол Улсын хувьд ч бид бас юм хийж байгаа. Монгол Улс миний зарлигаар жил бүрийн хавар, намар мод тарих өдөртэй болсон. Бүр албан ёсоор мод тарьдаг болсон. Та нар ч бас мод тарих үйл ажиллагаанд бүгд оролцсон байх. Бид нар тэр үед ярьж байгаад сургууль бүхэн өөрийн ногоон байгууламжтай болъё. Үүний төлөө явъя. Энэ сэдвээр хичээл дээр ярьдаг болъё. Оролцъё гэсэн. Сургууль бүхэн, сум, аймаг бүхэн, тэр бүү хэл манай нийслэл ч бас үүнд их идэвхтэй оролцсон.
Та бүхэн мэдэж байгаа. Туул голын наана байсан зайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байгаа шүү дээ. Хүмүүс их очдог. Хүүхдүүд их очдог газар болсон. Аймаг бүхэн өөрийн цэцэрлэгт хүрээлэнтэй болсон. Сумууд ч бас өөрийн цэцэрлэгт хүрээлэнтэй, мод тарьдаг болж эхэлж байгаа.
Жижигхэн үйлдлээс, жишээ нь, өрөөнөөсөө гарахдаа гэрлээ унтраадаг, биеэ угаахдаа савандаж байх үедээ усаа хаачихдаг, шүдээ угаахдаа сойздож байх үедээ усаа хаачихдаг гэх мэт ийм жижиг зүйлээс эхэлье. Энэ жижиг зүйлүүд явсаар байгаад дэлхий, хүн төрөлхтөний амьдралд нөлөөлдөг юм байна гэж бид нар ярьж байсан. Үүнийг манай хүүхдүүд сайн санаж байгаа байх гэж бодож байна.
2 дахь хичээл 2010 оны 9 дүгээр сарын 1-нд орж байсан. Энэ хичээлийг санаж байгаа хүүхэд байна уу? Оролцож байсан хүүхэд байна уу?
Сурагч Жаргалсайхан: -Намайг Жаргалсайхан гэдэг. Би Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуульд суралцдаг, 11-б ангийн сурагч. 2010 -2011 оны хичээлийн жилд та “Монгол бахархал” гэсэн сэдвээр хичээл заасан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм.
Монгол бахархал гэж юу вэ? Монгол хүн юугаар бахархах ёстой вэ гэж бид нар ярьж байгаад 6 зүйл дээр тохирч ярьж байсныг хүмүүс санаж байгаа байх.
Хамгийн эхний бахархал бол Монгол хүн болж төрснөөрөө бахархана, тийм ээ? Энэ Монгол эх орондоо монгол хүн болоод, ээж аавын охин, хүү болж заяасандаа бид нар бахархах ёстой. Дараа нь бид нар эх орноороо бахархах ёстой. Монгол эх орон гэдэг чинь ямар сайхан юм бэ гэж бахархана.
Дараа нь бид нар соёлоороо бахархах хэрэгтэй. Уламжлалаараа бахархана. Сайн сайхан зүйлээрээ бахархана, түүхээрээ бахархана. Ингэж бахархалуудаа бид тодорхойлж байсан. Эх орноороо бахархах бахархал, улс үндэстнээрээ бахархах бахархал бол тухайн улс үндэстний дархлаа нь болдог.
Ерөөсөө Монгол Улс цаашдаа хөгжин дэвжих, бие даасан дэлхийд данстай улс орон байхад улс үндсээрээ тэнд байгаа хүн бүхэн, хүүхэд бүхэн бахархдаг. Үүнийгээ хайрладаг. Түүнийхээ агуу түүх, сайн сайхан бүхнийг мэддэг, мэдэрдэг байх юм бол тухайн улс үндэстэн бие даан орших, цаашаа хөгжин дэвжих ийм хувь заяатай юм байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ тухай бид нар ярьж байсан. Жил жилийн хичээлийн сэдэв чухал байсан.
2011 оны хичээлийн сэдвийг санаж байгаа хүн байна уу? Тэр хүүхэд өөрийгөө танилцуулаарай.
84 дүгээр сургуулийн сурагч Г.Алтайхүү: -Би тэр үед 5 дугаар ангид байсан. Би Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн 11-а ангид сурдаг. Намайг Галбадрахын Алтайхүү гэдэг. 2011 оны хичээлийн сэдэв “Монголын сайхан орноор” гэдэг сэдэвтэй байсан. Би тэрүед сууж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сайн байна. Дахин уулзсандаабаяртай байна. “Монголын сайхан орноор” гэсэн сэдэвтэй. Надад зав л гарах юм бол очоогүй аймаг, сумуудаараа очих юмсан. Нэг малчин айлд ороод сайхан ярилцаж суух юмсан гэж боддог. Явах бүр, үзэх бүр монгол орны байгаль, монгол орон маань ямар их баялагтай юм бэ, ямар гайхамшигтай юм бэ. Хүмүүстэй явж байгаад харуулаад, бахархаад, гайхуулаад энэ ямар гоё ус мөрөн, уул хад вэ гээд ярилцдаг.
Тэгээд тэр үеэр нэг сайхан санаа гарч манай Монгол телевиз дэмжиж хэрэгжүүлсэн. Түүнийг та бүхэн санаж байгаа байх. Тэр үеэр би нэг санал хэлж байсан. Ер нь энэ монголын сайхан орноороо явцгаая. Говьд төрсөн хүүхэд хангайд очиж амьдардаг. Тэндхийн сургуульд сурдаг. Ийм сурагч солилцооны хөтөлбөр бий болгоё. Үүнийг сургуулиуд маш өргөн хийдэг байя гэсэн. Зарим улс оронд ангиар нь солилцдог гэж байгаа шүү дээ.
Улаанбаатарын нэг ангийн хүүхдүүд Ховд руу ч юм уу, Дорнод руу, Дорноговь руу юм уу яваад, тэнд байгаа ангийнх нь хүүхдүүд наашаа ирээд солилцдог байя . Өөр газар амьдраад, өөр өөр багш нартай уулзаад, өөр хамт олон дотор орох нь тухайн хүнийг хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох, юмыг таних мэдэхэд асар их нөлөөлдөг.
Манай Улаанбаатарын хүүхдүүд зуныхаа амралтаар хөдөө аав ээжийнхээ ах дүү, ойрхон садныхаа хүмүүс дээр очдог шүү дээ. Ямар их шинэ юм нээгдэж, ямар их шинэ юм сурдгийг та бүхэн мэдэж байгаа.
Би үнэхээр эх орноороо, Монгол орноороо маш их бахархдаг. Би ингэж боддог. Дэлхий дээр байгаа бүх орон л гоё сайхан, бахархах зүйлтэй байх л даа. Гэхдээ л Монгол бол арай илүү л гэж боддог. Үүнд улам их итгэх итгэл үнэмшил надад төрж байгаа.
Ертөнц дээр бүтээгдсэн хамгийн тансаг сайхан бүхнийг Монголд авчраад нийлүүлчихсэн мэт. Говь гэх юм бол говь байж байна. Хангай гэх юм бол модтой газар байх жишээтэй. Өндөр уулс гэх юм бол тэр Алтайн өндөр уулс нь байж байна. Их өргөн тал гэх юм бол манай Дорнын тал байж байна. Хамгийн гоё цэнгэг устай гол мөрөн гэвэл Монголд л байна. Ингээд л харахаар хамгийн сайхан бүхэн байдаг.
Бүр дөрвөн улирал нь хүртэл сайхан. Зарим газар халуунаараа л байдаг, тийм халуун бүс нутаг байдаг шүү дээ. Зарим газар зөвхөн цасан бүрхүүлтэй газар бий. Тэгэхэд Монголд зуны сайхан улирал нь байж байна. Хаврын сайхан улирал нь байна. Намар нь байна. Өвөл нь байна.
Тэгэхээр үнэхээр энэ хамгийн сайхан, хамгийн тансаг байх болох бүхнийг л Монголд цуглуулаад Монголыг бүтээчихсэн юм шиг. Ингэж санаж, ингэж бодож байгаа хүн бол эх орноо хайрладаг. Энэ үзлийг, энэ бахархлыг манай залуучууд, манай хүүхдүүд багаасаа хүлээж аваасай гэж би хувьдаа боддог.
Тэгээд энэ сурагч солилцооны хөтөлбөр цаашаа яваасай. Ээж аавууд ч бас өөрсдийх нь ах дүү өөр нэг аймагт амьдардаг бол хүүхдээ явуулаад, тэнд амьдруулаад, нэг сар тэндээ хичээллээд ир гэдэг байгаасай. Тэнд байгаа өөр нэг хүүхэд танайд ирээд, амьдраад, Улаанбаатарыг үзээд буцна гэдэг чинь бас л хөдөө орон нутгийн хүүхдүүдэд маш том боломж шүү дээ.
Би л гэхэд 16 хүрээд, 8 дугаар ангиа төгсөөд хотын барааг харж, Эрдэнэт хотод анх ирж, ийм том хот байдаг юм байна. Айлд орж телевиз харчихаад гайхаад, тэр үед телевиз мэдэхгүй, үзээгүй байсан. Телевиз гэж ийм сонин зүйл байдаг юм байна гээд л. Тэгээд тэр машин, унаа тэрэг яаж дотор нь багтдаг юм бол гэж боддог байсан. Та нарын хувьд бол миний тэр үеийнхтэй харьцуулбал орчлон дэлхий маш хурдан өөрчлөгдсөн. Гайхамшигтай их мэдлэг мэдээллийн дунд та бүхэн байгаа. Тэр бүхнээс зөв зүйлийг авч, хамгийн гол нь эх орон, заяасан улс үндсээрээ бахархаж явах гэдэг бол маш сайхан зүйл юм.
2012 оны хийчээл ямар сэдэвтэй байсан бэ?. Тэнд тэр охин гараа өргөж байна.
Сурагч Марта: -Сайн байна уу, Намайг Марта гэдэг. Би “Толь” дунд сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг. Тэр үед би 4 дүгээр ангид байсан. 2012-2013 оны хичээлийн сэдэв бол “Хүн болон багаасаа” байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Анги дотор бүгдээрээ суугаад үзэж байсан уу, чи?
Сурагч Марта: -Үгүй, студид ирж оролцож байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тийм. Хүн болох багаасаа. Ийм сэдвээр 2012 онд хичээл зааж байсан. Би боддог юм. Энэ монголчуудын гайхамшигтай уламжлал, оюун санаа үеийн үед хадгалагдаад, ялангуяа манай монголчуудын зүйр цэцэн үг, мэргэн сургааль явсаар байгаад “Хүн болох багаасаа” гээд гуравхан үгэн дотор багтаад хадгалагдсан байдаг.
Хүн төрөөд, өсөөд, хөгжөөд явж байхдаа хүний хийдэг алдааг хийгээд, алдаа дутагдал гаргаад явдаг юм байна л даа. Тэгээд явсаар байгаад ухаардаг. Ухаарахдаа хүн болох багаасаа. Ерөөсөө хүүхдээсээ эхлэх ёстой юм байна.
Тэр үед бид нар нэг юм ярьж байсан даа. Та бүхэн санаж байгаа байх. Би цээжилж аваарай, бичиж аваарай гэж хэлж байсан. “Улсын сайн хүнээсээ хүний сайн хүүхдээсээ” гэж.
Аливаа улс орон сайн байна гэвэл юунаас шалтгаалах вэ? Иргэдээсээ л шалтгаална. Тэнд амьдарч байгаа хүмүүсээс шалтгаална. Хүний сайн юунаас шалтгаалах вэ? Сайн хүн болъё гэвэл багаасаа, хүүхдээсээ л чи сайн байх ёстой. Багаасаа, хүүхдээсээ л чи дутагдалтай байх юм бол дутагдлаа хаяад, сайн юмыг улам сураад, өөртөө бий болгоод цаашаа явах ёстой.
Тэр үедгурван эрдмийг та бүхэн сураарай гэж бичүүлж байсан. Нэгдүгээрт, хөдөлмөрч хичээнгүй, хоёрдугаарт, үнэнч шударга,дээр нь тусч нигүүлсэнгүй байж чи сайн хүн болно. Зүгээр гэртээ байгаад, анги дээрээ ирээд хичээлээ сонсоод, багштайгаа уулзчихаадявахад сайн хүн болоход дутагдалтай.
Тиймээс саяын хэлсэн гурван зүйлийг өдөр, өглөө бүхэн бодож байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ерөөсөө өглөө босоод л сайн хүн болохын тулд наад зах нь өөрийнхөө нэрийг давтаад хэлж байх хэрэгтэй.
Монголын Цахиагийн Элбэгдорж. Чи нэрээ чанга хашгираад хэлж байх хэрэгтэй. Би боддог юм. Ер нь хүн бол давтагдашгүй юм байна. Манай дэлхий чинь хэдэн хүнтэй билээ? Долоон тэрбум. Тэр дундаас Монгол Улсын иргэн хэд байгаа билээ? Гурван сая гаруй байгаа.
Яг миний явсан замаар, миний аав ээжийн гэрт өссөн, яг энд зогсож байгаатай адил хүн байна уу? Байхгүй. Яг надтай адилхан явж байгаа хүн байна уу, байхгүй.
Тэгэхээр хүн гэдэг нэг л хувь юм байна. Бүр ихэр хүүхэд ч гэсэн нэг нь хичээл дээрээ байж байхад нөгөө нь багштайгаа уулзаад явж байдаг ч юм уу. Нэг эсийн ихрүүд ч гэсэн өөр өөрийн замаар л явдаг. Хүний хувь заяа, зам гэдэг давтагдашгүй байдаг байх нь.
Чи тийм агуу байхгүй юу. Түүнийгээ эхнээсээ мэдэр. Би ийм заяанд төрсөн юм байна. Би энэ дэлхий дээр ерөөсөө нэг л хувь юм байна. Үүнийгээ багаасаа мэдэрч урамшиж, нэгэнт би нэг л хувь заяанд төрсөн юм чинь би сайн хүн болох ёстой. Би өөрийнхөө амьдралыг аваад явдаг, бусдын амьдралд болж өгвөл нөлөөлж чаддаг хүн болох ёстой гэдгийг бодох ёстой. Ингэж чадвал хүн болох багаасаа гэдэг ойлголт суух болов уу гэж бодож байна. За, 2013 оны хичээл ямар сэдэвтэй байсан бэ? За тэр хүү хэлээрэй.
“Шинэ үе” сургуулийн сурагч Энхцацралт: -2013 онд“Хуулийн засаглал хүүхдийн оролцоо” гэсэн сэдвээр хичээл орсон.Студид сууж хичээлд оролцож байсан сурагчийн нэг гэдгээрээ би бахархдаг. Тэр хичээлээр бид Альберт Аси, хуулийн засаглал, хүүхдийн оролцооны олон сайхан жишээг ярилцсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тэр хичээлээс чамд юу үлдсэн юм юу байна?
“Шинэ үе” сургуулийн сурагч Энхцацралт: -Би хүүхдийн оролцоо гэдэг талаар нь хүлээж авсан. Би сургуулийнхаа сурагчийн зөвлөлд байдаг байсан. Түүнийгээ ашиглаад сургуулийнхаа орчинд эко орчин бүрдүүлэх талаар нэмэлт заалт оруулж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -“Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэхээр том сэдэв юм шиг санагдаж байсан байж магадгүй. Ерөөсөө ганцаараа амьдардаг, ганцаараа явдаг хүн гэж энэ хорвоо дээр байхгүй. Наад зах нь ээж аавтайгаа, ах дүүтэйгээ харилцаад л эхэлдэг. Хүн бол хүмүүсийн дунд амьдардаг. Тэр дундаас юугаараа ялгарах вэ? Би сая Олимпод явах гэж байгаа тамирчиддаа нэг зүйлийг захиж хэлсэн.
Та нар зохион байгуулалтаараа, хувийн сахилга батаараа ялгарах ёстой. Монголчууд нийтийн дүрэм журмыг яаж сахиж байгаагаараа ялгарах ёстой. Бүх л дэлхий дээр хүн бүр сайн хүн болохын төлөө л явж байгаа шүү дээ. Манай үндэстэнд ялгарах юм юу байж болох вэ? Танай сургууль юугаараа ялгарах вэ? Чи сургууль дээрээ юугаараа ялгарах вэ?
Сургуулийнхаа дүрмийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаараа, сургууль дээр биеэ хэрхэн зөв авч явж байгаагаараа, муу юмнаас ангид байгаагаараа ялгарах ёстой. Хуулиар муу зүйлийг хийж болохгүй гэсэн бол хийж болохгүй. Ийм систем, нийгэмд л хүн амьдардаг. Тиймээс үүнийг багаасаа ойлгох хэрэгтэй. Багаасаа л дэгтэй журамтай байх хэрэгтэй.
Монголчууд ярьдаг шүү дээ. Дээр хөх тэнгэр гэж. Мөнх тэнгэрийн хүчин дор гэж бидний өвөг дээдэс ярьдаг байсан. Би ойлгохдоо Мөнх тэнгэрийн хүчин дор захирагдах ёстой гэдэг бол явж явж өнөөгийн нөхцөлд хууль юм. Хүн төрөлхтөн хуулийн дор ижилхэн гэж ярьж байна. Бидний өвөг дээдэс бол Мөнх тэнгэрийн хүч гэдэг. Тэр зарлиг тушаал, гаргасан тогтсон дүрмийн дагуу л яв. Чи дүрэм зөрчсөн бол хариуцлагаа хүлээ. Энэ бол бүр хүүхдээсээ Төрийн тэргүүн хүртэл хийх, баримтлах ёстой. Ингэж улс орон хөгжил дэвшилд хүрнэ. Сайн сайхан болдог юм . Тиймээс энэ сэдвийг бид ярих ёстой.
Хүн хөгжиж сайн хүн болъё гэж бодох юм бол оролцож байж бүтдэг. Хамгийн гол нь хүүхдүүд оролцож байж сурдаг. Оролцоо гэдэг бол хамгийн чухал. Би оролцоё, би хийе гэж хүүхдүүд оролцох ёстой. За, 2014 оны хичээл ямар сэдэвтэй байсан бэ?
Сурагч: -Би одоо 6 дугаар ангид орох гэж байгаа. 2014 оны хичээлд сууж байсан. Тэр хичээл“Бүтээлч боловсрол, бүтээлч иргэн” гэсэн сэдвээр орж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Яагаад тэр хичээлийг ярьсан бэ гэхээр манай боловсролын систем өөрийгөө сайжруулах гээд жил бүр яриад л байгаа. Хүүхдэдээ зааж байгаа хичээл яавал үр өгөөжтэй байх вэ, яавал хүүхдэд илүү юм сургах вэ. Яавал манай хүүхдүүд бусад орны хүүхдүүдтэй ижилхэн, болж өгвөл илүү байх вэ гэдгийг би дэмждэг.
Хүүхдийг өөрөө өөрөөр нь сургая. Боловсролын салбарт багш бол хамгийн чухал хүн. Багшаа үргэлж хүндэтгэж явах ёстой. Багш хүүхдийг хөгжүүлж, боловсроход тусалдаг хүн байгаа юм. Хүүхдэд хамгийн ойр туслагч нь багш.
Хүн оролцож байж та бүхний хичээлүүд явдаг. Хими, математик, бусад хичээлүүд дээр та бүхэн өөрсдөө оролцож байж, нийгмийн салбарын хичээл дээр өөрсдөө ярилцаж оролцвол илүү ойлгодог байх. Самбар дээр бичээд заагаад л байвал тэр бол хуулбар болж хувирна. Өөрөө оролцоод, ухаж ойлгоод, энэ юу гэсэн үг вэ гээд цаад утга санааг ойлгох гэж хичээвэл та бүхний мэдлэг улам сайн болно.
Бид нар гэрийн тухай үлгэр ярьж байсныг санаж байна уу? Энэ ертөнц чинь гэр юм байна. Ханаа дугуйлаад барина гэдэг бол хамтын бүтээл юм байна. Гэрт амьдарна, гэрээ босгоно гэдэг чинь эв нэгдэл юм байна. Хамтарч бүтээж урагшаа явах юм байна. Хамтарч зүтгэж байж хүндрэлтэй асуудлаа шийдэх юм байна гээд ярьж байсан. Нэг үлгэр сонсоход л тэрнээс сайн юмыг олж авбал манай хүүхдүүд зөв явна гэдгийг ойлгох хэрэгтэй.Өнгөрсөн жил ямар сэдвээр хичээл орсон билээ?
33 дугаар сургуулийн 9-в ангийн сурагч Цэдэнсодном: -Өнгөрсөн жилийн хичээлийн сэдэв нь “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдэвтэй байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Шууд хараад л чамайг таньж байна. “Санаа зөв бол заяа зөв” гэж монголчуудын ярьдаг нэг зүйр үг байдаг. Сайн явах санааных гэж. Хүн үнэхээр сайн явъя, амжилтад хүрье гэж бодвол тэр тухай өөртөө л санах хэрэгтэй. Тэр тухай өөртөө давтах хэрэгтэй. Өөрөө л сайн хүн бай. Тэгээд л болно.
Орчлонг өөрчлөх гээд мөрөөдөж болно. Гэхдээ өөрийгөө эхлээд өөрчил. Хүмүүсийг удирдах гэж бодож болно. Хамгийн хэцүү юм бол өөрийгөө удирдах байдаг. Өөрийгөө удирдаад сурчих юм бол хүмүүстэй хамтарч ажиллаж зохион байгуулах шиг амархан юм байхгүй. Тэгэхээр бүх юм өөрөөсөө эхэлнэ.
Би хувьдаа боддог юм. Хүүхэд бүхэн төрөхдөө зөв заяатай төрдөг гэж боддог юм. Эхээс төрж байгаа хүүхэд бүхэн ижилхэн төрдөг. Сайн заяатай төрдөг. Төрөөд мөлхөж эхлэхдээ л, ахлхахдаа, хэлд орохдоо буруу юм сураад эхлэхээрээ л эвдрээд эхэлж байгаа юм.
Хүүхдийг багаас нь, сайн үеэс нь эхэлж сайн санаатай байлгах бүх л сайн сайхны үндэс бол оюун санаа юм. Би тэгж итгэдэг шүү. Чи муу юм бодоод, хүний тухай муу юм бодоод эхэлбэл тэр заавал бүртгэгддэг гэж боддог.
Ерөөсөө хүн энергийн бүтээл юм. Орчлон дээр байгаа эрчим хүчний бүтээл. Ер нь энэ орчлон чинь эрчим хүчний энерги. Тэр эрчим хүчний цугларлаас хүн бий болж байгаа. Муу, сайн юм хийвэл заавал бүртгэгдээд л үлдэнэ. Энэ бол бурхны сургаальдч, эцэг эхийн сургаальд ч байдаг зүйл.
Тиймээс ерөөсөө оюун санаагаа л сайн болгох хэрэгтэй. Бодож байгаа зүйлээ л сайн болгох хэрэгтэй. Ингэвэл сайн хүн болох чиглэл рүү хүн явдаг юм байна. Та нар муу сайн янз бүрийн юм боддог. Бодсон бодлоос чинь үйлдэл чинь гардаг. Би санаандгүй хийчихсэн юм гэж хэлдэг. Чи санаандгүй биш, чи тэр тухай бодсон л байгаа байхгүй юу. Тэндээс үйлдэл чинь гараад байгаа юм. Муу үйлдэл хийсэн бол муу үр дүн гарна. Сайн үйлдэл хийсэн бол сайн үр дүн гарна. Юм энгийн мэт мөртлөө агуулга нь цаанаа ийм байдаг гэдгийг хэлье.
Ингээд бид өмнөх долоон хичээлээ эргэн саналаа. Эргээд санахаар маш олон чухал сэдвээр хүүхдүүдтэйгээ 9 дүгээр сарын 1-нд санал солилцож байж.
Өнөөдрийн хичээлийн сэдэв бол “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдэв байгаа. Энэ сэдвийг бодохоор юу санаанд орж байна? Одоо ярилцъя. Хэдүүлээ хамтдаа энэ хичээлийг ярилцаж хийе. Хамтдаа хичээлээ бүтээе. Заавал мэддэг хүн орж ирээд яриад байх албагүй. Жишээ нь, ийм сэдвээр хичээл заа гээд сургууль дээр чинь бэлдэж ирээд ярь гэвэл чи хамгийн түрүүнд юуг ангийнхандаа ярих вэ? Юу гэж бодох вэ?За гараа өргөөрэй.
Хичээлийн дундуур хүүхдүүд асуултаа асуугаарай. Сонирхож байгаа, өнгөрөгч ярьсан сэдвүүд дотроос та бүхний сонирхлыг татаж байгаа, асууя гэж бодож байгаа, Ерөнхийлөгчтэй нэг уулзсаных та бүхэнтэй өдөр бүр уулзаад байхгүй учир нэг асууя гэж бодож байгаа зүйлээ асууж болно.
Сурагч: -“Монголын нэр ертөнцийн чихнээ”. Энэ үгийг эхэлж сонсоод Монгол эх оронд минь явж байгаа жуулчид хамгийн түрүүнд санагдсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жуулчид Монголын үзэсгэлэнт сайхан орноор явдаг. Намайг хөдөө явж байхад Монголын сайхан орноор аялж явж байгаа жуулчид тааралддаг. Мөн хамгийн түрүүнд монгол наадам, дэлхийд байхгүй эрийн гурван наадмыг тэр жуулчид гадныхан ирээд тэр гайхамшигийг нь бахаддаг.
Жуулчин гэхээр юу бодогдож байна? Бид нар юуг хиймээргүй байна? Наад зах нь л байгальд хогоо хаямааргүй байна. Миний хамгийн их сэтгэл зовоодог юм бол Монголын сайхан орон. Замаар явж байхад бөөн хог, уут, янз бүрийн гялгар уутнууд, ундаа, усны сав. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Би хувьдаа боддог юм Монгол хэдийд хогноосоо салж болох вэ?
Манай засаг захиргааны нэгж бүхэн, түүнийг удирдаж байгаа Засаг дарга бүхэн үүнийг дэвтэр дээрээ бичиж авах ёстой. Манай сумын нутаг дэвсгэр дээр хог байж болохгүй. Манай багийн нутаг дэвсгэр дээр хог байж болохгүй. Манай сургуулийн нутаг дэвсгэр дээр хог байж болохгүй. Манай байгууллагын нутаг дэвсгэр дээр хог байж болохгүй гээд л ажиллахад бүгдээрээ хогноосоо салж болно шүү дээ. Тэнд нь хогийн сав байрлуулаад багийнхаа нутаг дэвсгэр дээр байгаа хогийг хамтдаа түүчихдэг. Хогоо хаях гэж байвал хүмүүст сануулаад “Хог битгий хаяарай, хогоо энд хийгээрэй гэх юм бол Монгол хогноосоо салах боломжтой.
Монголын сайхан орон гээд жуулчин ирээд, хөдөө явж үзэх гэсэн чинь дүүрэн хог, нэг суурин газар ирэхэд дүүрэн замбараагүй юм байж болохгүй. Яаж Монголоо жуулчдад сайхан харагдуулах вэ. Үүнд би хувь нэмрээ яаж оруулах вэ гэдэг чамаас л эхлэх ёстой. Бидний энэ хичээлийг үзэж байгаа хүүхэд бүхэн дэвтэр дээрээ үүнийг бичиж аваад явах ёстой. Сургуулийн захирал, багш, сумын Засаг дарга бүгдээрээ санаачлаад энэ хичээлийн жилээс эхлээд Монгол хоггүй болох хэрэгтэй. Үүнийг би дахиж сануулж ярья гэж бодож байна.
Хоггүй сайхан байна гэдэг өдөр бүхэн хийдэг үйлдэл юм. Өдөр бүхэн та нар хоол унд иддэг, өдөр бүхэн нийтийн газар очдог, өдөр бүр илүүдэл зүйлээ гаргаж байдаг. Өдөр бүхэн хүн өөрийгөө цэвэрлэдэг. Өглөө бүр нүүр гараа угаадаг. Шүдээ угаадаг. Түүнтэй адил Монголынхоо сайхан байгаль, сайхан өнгийг өдөр бүхэн сайхан байлгахын төлөө хүүхэд бүхэн хувь нэмэр оруулах ёстой. Тэрнээс биш Ерөнхийлөгч нэг хэллээ гээд нэг удаа сайхан юм бодоод л, тэгээд цаашаа явахгүй бол тэгж болохгүй.
Дараагийн хүүхэд гараа өргөөрэй. Асуулттай хүүхэд асуултаа хэлээрэй.
“Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагч Сарангарав: -Та дүн үнэлгээний тухай юу гэж боддог вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүүхдийн хөгжлийг зөвхөн заасан хичээлээр хэмжиж, заасан хичээлээр дүн тавих гэдэг бол нэг үнэлгээ мөн боловч бүрэн гарч чадахгүй. Сургууль дээр хүүхэд юу сурах ёстой вэ гэвэл бие, хэл, сэтгэл гурав гэдэг шүү дээ. Үүн шиг бүгдийг цогцоор хармаар байгаа юм. Сургуулийг би хүүхэд хөгжих талбар гэж нэрлэдэг. Хүүхэд хөгжих ёстой газар. Түүнд сургууль, багш, хамт олон, эцэг эх оролцож байгаа. Эдгээрийн хамтын ажиллагаа их чухал.
Хүүхэд хөгжинө гэдэг бол оюун ухаанаараа миний хүү яаж хөгжиж байна. Бие, сэтгэлээрээ яаж хөгжиж байна. Тэр бүхнийг нийлүүлж цогцоор нь үнэлэхийн тулд явдаг, цогцоор нь хүүхдийг хөгжүүлэхийн төлөө явдаг байвал их зөв болно. Хичээлээ заана. Хажуугаар нь спорт, хүүхдийнхөө дуртай зүйлийг хөгжүүлнэ. Би хүүхдүүддээ хэлдэг юм. “Чи нэг зүйлээр бусдаас илүү байхын тулд өөрийн дуртай сонирхолтой нэг зүйлийг л илүү хийж сур” гэдэг.
Ой тогтоолтоор манайхнаас хэн нь мундаг вэ гэхэд л тэр тэмцээнд ордог хүүхдийн нэр гарч ирдэгтэй адилаар чи нэг зүйлийг л бусдаас илүү хий. Болж өгвөл бүх юмыг бусдаас илүү хийх гэж оролдох хэрэгтэй. Гэхдээ тийм хүүхэд, тийм хүн гэж бараг байхгүй. Бүх юмаараа бүх хүнээс давуу хүн гэж байхгүй. Чи нэг сайн юмаараа илүү байх юм бол дараа нь хоёр сайн гурван сайн юмаараа илүү болно.
Ой тогтоолтын чиглэлээр олон улсын тэмцээнд ордог хүүхдүүд бий. Энд ирсэн тийм хүүхэд байгаа юу?
Нэгдүгээр сургуулийн сурагч Пүрэвжав: -Сайн байна уу. Намайг Пүрэвжав гэдэг. Би ой тогтоолтоор 2013 оноос эхэлж хичээллэсэн. 3 дахь жилдээ хичээллэж байгаа. Энэ хугацаанд би дэлхийн аварга, Азийн аварга, олон улсын их мастер болсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Дэлхийн аварга гэдэг бол маш том цол шүү дээ. Яаж дэлхийн аварга болсон бэ. Аварга болохын тулд яаж уралддаг вэ?
Нэгдүгээр сургуулийн сурагч Пүрэвжав: -Энэ тэмцээн бага нас, дунд нас, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалтай. Энэ тэмцээний үеэр бүх төрлийн зүйлийг цээжилдэг. Тоо, нэр, зүс царай гэх зэрэг 10 төрлийн зүйл байдаг. Бүгдийг цээжилдэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхэн нэг зүйлд итгэх хэрэгтэй. Монгол Улс монгол хүнээрээ дамжиж хөгжинө. Монгол Улс монгол хүнээрээ дамжиж мундаг болно. Хүнээр дамжихдаа монгол хүний оюун ухаанд тулгуурлаж мундаг болно гэж би боддог. Үүнд үнэхээр итгэдэг.
Нэг удаа эрэл хайгуул хийж байхдаа би монгол хүн гэдгээрээ бүр их бахархсан. Хүний оюуны чадавхийн дэлхийн үзүүлэлт гэж байдаг. Түүнийг улс орон бүхэнд гаргажээ. Тэгсэн чинь 140 гаруй орон дотроос Монгол Улс,монгол хүн оюуны чадавхийн үзүүлэлтээрээ эхний 5-д орсон. Монгол хүн байгалиасаа, цаанаасаа ийм аугаа оюуны чадавхитай юм байна шүү дээ. Сингапур, Итали, Япон, Өмнөд Солонгосын дараа Монгол ордог.
Яагаад энэ хүүхэд дэлхийн аварга болсон бэ? Мэдээж энэ хүүхдийн хичээл, зүтгэл бий. Байгалиасаа ийм боломж монголчуудад байна. Өгөгдөхүүн байна. Бид хүнд улирал, янз бүрийн зүйл, сайн сайхан бүх юмны дундуур яваад үнэхээр тийм болсон байна. Монголчууд дэлхийн их гүрэн байгуулж явсан гэдэг бол манай өвөг дээдэс гайхамшигтай оюуны чадавхитай хүмүүс байж л дээ.
За дараагийн охин. Чи яг юу тааж түрүүлсэн бэ?
“Шинэ үе” сургуулийн сурагч Цэцэгзул: -Намайг Цэцэгзул гэдэг. Ой тогтоолтоор 2012 оноос хичээллэж байгаа. Энэ хугацаанд Азийн мастер болсон. 30 минутын хоёртын тоолол төрлөөр дунд насанд дэлхийн рекорд эзэмшдэг. Энэ бол зөвхөн 0, 1-ээс бүтсэн цифрүүдийг цээжилдэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ төрлийн дэлхийн рекорд чиний нэр дээр байдаг уу?
“Шинэ үе” сургуулийн сурагч Цэцэгзул: -Тийм. Дунд насанд.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баяр хүргэе. Ийм гайхамшигтай байна шүү дээ. /Сурагчид алга ташиж баяр хүргэв/
Та нарын дотор ийм найзууд байна. Үүний төлөө та нар яваарай. Олон улсын тэмцээнд оролцож байсан өөр хүүхэд байна уу?
Нэгдүгээр сургуулийн сурагч Гарьд: -Би энэ оны долдугаар сард Швейцарь улсад зохион байгуулагдсан олон улсын физикийн тэмцээнээс хүрэл медаль авсан. Олон улсын физикийн олимпиад гэдэг дэлхийн тал бүрээс ирсэн хүүхдүүд физикийн мэдлэгээрээ өрсөлддөг гоё тэмцээн болсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Монголын физикийн сургалт дэлхийн түвшинд явж байгаа юу. Та бүхэн тэр хүүхдүүдээс дутуу байна уу, түрүүнд нь байна уу, юугаараа илүү байна?
Нэгдүгээр сургуулийн сурагч Гарьд: -Мэдээж дутагдалтай талууд байгаа. Гэхдээ бид хичээл зүтгэлээрээ эн тэнцүү явдаг гэж би боддог.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Манай физикийн сургалт дэлхийн түвшинд, олон улсын дундаж түвшинд байж байна гэдгийг та нар мэдэрч байгаа биз дээ?
Нэгдүгээр сургуулийн сурагч Гарьд: -Тийм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жаахан илүү амжилт гаргахад л дэлхийн түвшинд гарч байна шүү дээ. Өөр хүүхэд байна уу? Олон байна шүү дээ. Ийм сайхан мэдээ сонсоход сонсож байгаа хүмүүст хүртэл сайхан байдаг. За тэр охинд микрофон өгөөрэй.
Сурагч Д.Мөнхзул: -Сайн байна уу? Намайг Даваахүүгийн Мөнхзул гэдэг. Би шатрын спортоор хичээллээд 4 жил болж байгаа. Би 8 насандаа дэлхийн аварга болж байсан. Азийн аваргын гурван алт, нэг хүрэл медальтай. Дүүргийн аваргаас эхлээд дэлхийн аваргын бүх алтан медаль надад байдаг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баяр хүргэе. Мундаг байна. /Оролцогчид алга ташив/ Яаж чи шатар тоглодог болсон бэ? Багаас чинь аав ээж нь заасан уу, өөрөө суръя гэж бодсон уу?
Сурагч Д.Мөнхзул: -Аав, аниа хоёр тоглодог байсан. Би 6 настайгаасаа тоглож сурсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Сургууль бүхэн дээр байх ёстой нэг зүйл бол шатар гэж би хувьдаа боддог. Энэ чиглэлээр Засгийн газар, Боловсролын яамтай ярьж байгаад хөтөлбөр хэрэгжүүлэх юмсан. Сургууль, сум бүхэнд, суурин газар бүхэнд шатрын клуб, дугуйлангууд ажиллаасай гэж би боддог. Шатар хүнд юуг сайн өгдөг вэ гэвэл тэвчээр суулгадаг. Шатар тоглодог хүүхэд тэр тухайгаа бодоод маш их тэвчээртэй болдог.
Амьдрал, бүх зүйлд маш олон хувилбар байдаг юм байна. Бухимдалтай хүүхэд байдаг байх. Гэтэл чамд ямар олон боломж, хувилбар байгааг харахгүй л байгаа. Зөвхөн харж байгаа хэсгээрээ бодоод л бухимдаад, уурлаад яваад байна шүү дээ. Тэгэхэд олон боломж байдаг. Шатар энэ бүхэнд сургадаг. Шийдвэр гаргах боломж өгдөг.
Улс үндсээрээ шатар тоглодог байх юм бол монголчуудын оюун ухаан улам мундаг хөгжинө. Тиймээс сургууль, суурин газар бүхэн шатрын спортыг дэмжээсэй. Дугуйлан, бүлгэмтэй байгаасай гэж хүсдэг. За тэр охин яриарай.
Орхон аймгийн сурагч Б.Есүй: -Намайг Баярын Есүй гэдэг. Орхон аймгийн орос 4 дүгээр сургуульд сурдаг. Миний хувьд саяхан болсон Рио-2016 олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр Монгол Улсаа төлөөлж оролцсон. /Оролцогчид алга ташив/
Маш том, гоё тэмцээн болсон. Өөрөөсөө мундаг том тамирчидтай эн зэрэгцэж уралдана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Би 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Гайхамшигтай. Тэр мундаг сэлдэг тамирчидтай өрсөлдсөн. Баяр хүргэе. Улам их амжилт хүсье. /Оролцогчид алга ташив/
Би хүүхэд байхдаа, оюутан байхдаа усанд сэлж сурахсан гэж их боддог байсан. Манай Зэрэг суманд жижигхэн булаг байсан. Хавар дулаараад ирэхээр тэнд бүгдээрээ очдог. Эхлээд хөвж сураад, тэгээд сэлж сурдаг. Оюутан байхдаа бассейнд болж өгвөл явдаг байсан. Одоо явахыг боддог. Усан спортыг би асар их дэмждэг. Хүнийг өв тэгш хөгжүүлдэг. Үнэхээр гайхамшигтай спорт. Энэ спорт төдийгүй зүгээр л энэ чиглэлээр хичээллэдэг хүн наад зах нь эрүүл байдаг. Стресс, муу муухайг ус аваад үлддэг. Би тэгж итгэдэг.
“Сант” сургуулийн сурагч Оюунтөгс: -Намайг Оюунтөгс гэдэг. “Сант” сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Багаасаа математик, физикийн олимпиадад оролцож, сая Гарьдтай цуг физикийн олон улсын олимпиадад явж хүрэл медаль аваад, Монголынхоо анхны хүрэл медаль авсан эмэгтэй сурагч болж, бас олон улсын олимпиадаас шагнал авсан хамгийн залуу сурагч болсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баяр хүргэе. Мундаг байна. /Оролцогчид алга ташив/ Тэр олимпиадад хэдэн орон оролцсон бэ?
“Сант” сургуулийн сурагч Оюунтөгс: -2016 онд Швейцарьт зохиогдсон физикийн олон улсын олимпиадад 80 гаруй орон оролцож Монгол Улс 20 дугаар байрт жагссан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Мундаг байна. Баяр хүргэе. /Оролцогчид алга ташив/
Бид олон улсад амжилт гаргаж байгаа хүүхдүүдээ харахад бидний залуу үе ямар гайхамшигтай үе болж өсөн торниж байгаа юм бэ. Тэдэндээ бага ч болов тус хүргэх юмсан гэж боддог. Энэ чиглэлээр оролцож, хүүхдүүддээ тусалж байгаа аав ээжүүдэд би маш их баярлаж явдаг.
Энэ хичээл дээр миний хэлэх нэг зүйл бол дэлхийд, олон улсад амжилт гаргахын тулд чи эхлээд гэртээ амжилт гарга. Дэлхийн хүн байхын тулд эхлээд чи өөрөө сайн хүн бай. Дэлхий рүү алхам хийхийн тулд чи эхлээд гэртээ, сургуульдаа мундаг бай. Сургуульдаа чи үнэхээр мундаг байгаа бол сумандаа, дүүрэгтээ, хамт олон дотроо мундаг бай. Сургууль, дүүрэгтээ мундаг байгаа бол улсдаа сайн бай. Улсдаа сайн байгаа бол дэлхийд сайн бай. Дэлхийн хүний хийх гэж байгаа анхны алхам бол гэрээс эхэлдэг. Сургуулийн хичээлээс эхэлдэг юм. Тийм учраас энэ талаар бодоогүй хүүхдүүд өнөөдрөөс алхмаа хийж эхэл. Ингэх юм бол чи амжилтад хүрнэ.
Монголын нэрийг ертөнцийн чихэнд, дэлхийн чихэнд гаргахын тулд эхлээд би өөрөө сайн байх хэрэгтэй юм байна. Би өөрөө энэ алхмыг хийх хэрэгтэй юм байна. Ертөнцийн чихэнд сайн мэдээ дуулгахын өмнө ээж аавдаа л сайн мэдээ дуулга. “Миний охин гэрээ цэвэрлэчихсэн, хоол ундаа хийчихсэн байна. Ийм юмаар амжилт гаргачихсан байна” гэж ээж аавууд нэг сайн зүйл сонсоод баярлаж байдаг. Дэлхийн хүнд, хүн төрөлхтөнд сайн мэдээ дуулгахын тулд чи эхлээд ээж аавдаа л сайн мэдээ дуулга. Анги дотроо л чиний тухай хүүхдүүд сайнаар ярьдаг бол. Тэгээд л чи урагшилна. Чи тэндээс өөрийнхөө эрчим хүч, эр зоригийг авдаг болно. За тэр охин яриарай.
85 дугаар сургуулийн сурагч Бадамхатан: -Намайг Бадамхатан гэдэг. 85 дугаар сургуулийн 12-б ангийн сурагч. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч. Манай шигшээ баг байгуулагдаад удаагүй. Сая 8 дугаар сарын 12-нд Японд 7 тоглолт хийсэн. Туршлага солилцоогоор явсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Японы ахмадын багтай тоглосон гэсэн. Хожсон уу?
85 дугаар сургуулийн сурагч Бадамхатан: -Хожсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ямар мундаг юм. Баяр хүргэе. /Оролцогчид алга ташив/
Хамгийн гол нь сүүлийн үед манай охидууд ийм адтай, мундаг болж байгаа. Би хөлбөмбөгийг байнга дэмждэг. Байнга үздэг. Хөлбөмбөгийн төлөө явдаг. Монгол Улсын сум бүхэнд хөлбөмбөгийн жижиг талбай байгаасай. Сургууль бүхэн заалан дотроо заалныхөлбөмбөг тоглодог байгаасай. Биеийн тамирын хичээл дээр хөлбөмбөг тоглодог байгаасай гэж боддог. Би үүний төлөө байдаг.
Аймаг аймгаараа баг байгуулаад монголчууд хоорондоо өрсөлдөөсэй. Нутгийнхаа нэрийг сайхан гаргахын төлөө зүтгээсэй. Дэлхийн хөлбөмбөгийн аугаа одууд, аугаа багуудад монгол хүүхдийн нэр нэг өдөр сонсогдоосой гэж бодож явдаг. Манай охид ийм амжилт гаргаад, тэмцээнд оролцоод явж байгаад их баяртай байгаа.
Ноднин дэлхийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн болсон. Хаанах түрүүлснийг та бүхэн мэдэж байгаа.
85 дугаар сургуулийн сурагч Бадамхатан: -Японы ахмадын баг өчигдөр бидэнтэй Хөлбөмбөгийн холбоон дээр ирж дахин тоглосон. Тэгээд бас хожсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бүр Монголд ирсэн юм уу? Сайн байна шүү дээ.
85 дугаар сургуулийн сурагч Бадамхатан: -Баасан гаригт дахин тоглоно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Дараа хөлбөмбөг тоглоцгооно оо. Манай хүүхдүүд их сайн тоглож байгаа. Хөвгүүдээс нэг нь тоглолтынхоо тухай ярь даа. Манай хүүхдүүд өнгөрсөн жил өөрсдийнхөө насны тэмцээнд оролцоод медаль авсан.
Хөлбөмбөг гэхээр бид Бразиль мундаг, Испани мундаг, Англи мундаг, Норвег мундаг, Азиас Япон мундаг гээд боддог. Гэтэл манай хүүхдүүд оролцоод, тэр багуудтай өрсөлдөөд медаль аваад ирсэн. За тэр хүү яриарай.
97 дугаар сургуулийн сурагч Шинэбаяр: -Намайг Шинэбаяр гэдэг. Би 97 дугаар сургуулийн 7-б ангийн сурагч. Бид 2014 онд Замын-Үүдийн тэмцээнд явж аварга болсон. Бас 2013 онд тантай хамт Хойд Солонгост айлчлалаар явж тоглосон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Хойд Солонгост бид очоод 50 мянган хүн цугласан стадионд тоглосон. Биднийг очиход 50 мянган хүн ороод суучихсан байсан. Хойд Солонгосын багийнхан байсан. Би очоод хаалга руу бөмбөг өшиглөж оруулаад, нээгээд, Хойд Солонгосын багийнханд бөмбөгөө бэлэглээд, манай хүүхдүүд тоглосон.Хойд Солонгосын хөлбөмбөгийн баг мундаг шүү дээ. Бид солилцоо хийх тухай ярьж байсан.
Чөлөө зав гарахаараа би үүн рүү маш их анхаарна. Хөлбөмбөгийн төлөө бүгдээрээ зүтгэнэ ээ. Сургууль бүхэн хөлбөмбөгийн багтай, охидын, хөвгүүдийн багтай болоосой гэж бодож байгаа. /Оролцогчид алга ташив/
Монголчууд цаашдаа спортын олон салбарт цахиур хагална гэж бодож байгаа.
Токиод болох олимпийн н
СЭТГЭГДЭЛ БИЧИХ