Боловсролын зээлийн сан боловсрогдсон хуучин ажил мөн үү

Нийгмийн бодлогын хүрээнд Боловсролын зээлийн санг шинээр байгуулж оюутан залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгсөөд ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлнэ гэж МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.3.3-т тусгагдсан. Тэд сонгогдсон. Харин одоо зарим амлалтуудаа биелүүлэх боломжгүй гэсэн тайлбараар “ам алдвал барьж болдоггүй” гэдэг үгийн эсрэг тэд зогсож буй талаар бүгд хэлэлцэх болов.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эрх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заа­вал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу” гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийн хуралдаандаа өчигдөр нэгэнтээ хэлжээ. Түүний хэлсэнчлэн нэг асуудлыг хөндюү гэлээ. Юу гэвэл, дээр дурдсан Боловсролын зээлийн сан гэдэг нь үнэхээр шинэ санаачлага мөн үү? Эсвэл хуучнаа сэргээх ажил уу? Өмнө нь Төрийн сангийн зээл гэж яг ийм зорилго бүхий үйл ажиллагаа хэрэгждэг байсан. Түүний нэр нь л өөрчлөгдөөд ороод ирэв үү гэж харагдаж байгаа юм. Төрийн сангийн зээл гэдэг нь мөн л дээд боловсролыг зээлээр авч, ажлын талбарт гарсан хойноо төлбөрөө нөхөж төлдөг байсан. Тэгэхээр МАН-ын шинэ гэж тодорхойлж байгаа энэ хөтөлбөр үнэхээр шинэ бол өмнөхөө давтахгүй байх учиртай. Давтуулахгүй хэмээн сэрэмжлэхийн учир бас байна.

Тухайн үеийн Сургалтын төрийн сан гэж баячуудын, дарга нарын хүүхдийг сургадаг “уурхай” байсан гэж хүмүүс ярьдаг байлаа. Учир нь нь энэ сангийн шугамаар гадаадад сурахын тулд бүгд барьцаа болгож орон сууцаа тавьдаг хуультай байж. Тиймээс эгэл жирийн буюу дундаж амьдралтай өрхийн хүүхэд ч тэр бүр хамрагдахад бэрх байсан юм. Харин 2013 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гадаадад суралцахаар зээл аваад алга болсон 500 зээлдэгчдийн нэрсийг ил болгосон байдаг. Учир нь төр засаг хангалуун байхдаа тэдэнд зээл өгчээ. Харин ядраад ирэхдээ зээлээ нэхэж, ядаж гэрээнийхээ дагуу эх орондоо ирж ажилла гэх үүднээс тэднийг тийнхүү олонд ил болгосон байна. Зарлагдсан нэрсийн дунд дарга нарын ар өврийн хаалгаар, ураг төрлийн холбоо сүлбээгээр, бүр дарга, баячууд нь өөрсдөө хүртэл төрөөс зээл авсан гэх маш олон танил эрхмүүд байсныг та бүхэн магад санаж байгаа биз ээ. Гэвч дээрх шийдвэр хэрхэн хэрэгжсэнийг одоо хэн ч мэдэхгүй, тэгсхийгээд л өнгөрсөн. Татвар төлөгчдийн мөнгө эргэн ирсэн эсэх нь тодорхойгүй...

Энэ удаад ч мөн ийм байдлыг давтагдуулахгүйн үүднээс өнгөрснийг бид ийнхүү санууллаа. Хэрэв үйл явдал давтагдах дээрээ хүрвэл УИХ-ын дэд даргын хэлсэнчлэн хэвлэлийнхэн ч, ард олон ч өмнөх шигээ дуугүй өнгөрөхгүй болов уу.

Ер нь Эдийн засаг элгээрээ хэвтсэн гэх энэ үед Боловсролын зээлийн санг хэрхэн шинээр байгуулахаар төлөвлөсөн ба хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгохгүй бол энэ мэт хардлагууд эргэн сөхөгдөж эхлээд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ