Хэрээ хэрээнийхээ харыг хэр удаан гайхах бол

Энэ улсаа аврах итгэл үнэмшлийг даах эрх баригчид гэж хэн бэ? гэсэн асуултадхариулахад тун төвөгтэй болжээ. Өнгөрсөн хугацаан дахь хөгжлийн зам дардан байгаагүй ч боломжууд олон байсан нь мэдээж. Харин тэр бүгдэд эрх баригчид хэрхэн ажилласныг ердөө хоёр хүний цөөн үгийн жишээнээс харъя.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн ярилцлагадаа төр барьж байсан хоёр нам төсвийн мөнгөнөөс “хусдаг” тухай дурдсан нийтлэл гарсан.
Тэрээр “АН-ынхан нэг идэхээрээ өм цөм иддэг байхгүй юу. Манайхан бол гайгүй.Аймхай учраас бага сагаар, аахар шаахар иддэг. Тэдэн шиг өм цөм идэж чадахгүй” хэмээжээ. Үүнээс өмнө хэн ч түүн шиг МАН төрийн мөнгөнөөс хумсалж байсан гэдгийг ил цагаан хэвлэлээр зарлаж байсангүй. Үндсэндээ түүний хэлсэн үг бол МАН өнгөрсөн жилүүдэд засаглаж байхдаа аар саархан авлига авч, төсвийн мөнгийг шамшигдуулж байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Энэ талаар зоригтой илчилснээрээ тэр анхдагч болсон тухай ийнхүү хэвлэлд нийтлэгджээ. Тэгэхээр УИХ-д “насаараа” сууж буй тэрээр өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан АН-ын өм цөм идэж, уусан шуналыг хүлцэнгүй, дуугүй хараад суусан байх нь. Уг нь үггүй өнгөрөөх хүн биш юмсан.
Харин түүний хэлсэнчлэн МАН-ын аахар шаахар идшээс наад захын жишээг дурдвал, УИХ-ын дэд дарга эрхмийн 60 насны ойн бэлгийг төрөөс даахаар захирамжилсан байна. Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 02-ны 451 тоот захирамжид "...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дурсгалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан/ гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ. Энэ зардал цөөнх хэсэгт бараг юу ч биш бол нийгмийн дийлэнх хэсэгт бүтэн сарын хүнсээ даах хөрөнгө болно. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын их хэмжээний мөнгөн дүн бүхий бусад захирамжуудаас мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Мөн энэ дашрамд, пүрэв гарагт хуралдсан МАН-ын бүлгийн хаалттай хуралдааны үеэр Ц.Нямдорж “...Энэ оны төсөв батлах үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай намын бүлэг л эсэргүүцэж байгаад л болиулсан ш дээ. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ, ой санамжаа сайжруул...” гэснийг давхар дуулгая.
За ийнхүү МАН-ын зүгээс эдийн засгийн хямралыг бий болгосон хэргийн эзнээр АН-ыг тодорхойлох үг, өгүүлбэр чуулган бүр дээр цээжилтэл давтагдаж байгаа энэ үед АН ч үгүйсгэж эсэргүүцэж сүйд болохгүй байгаа юм. Ямар сайндаа АН болохгүй, бүтэхгүй байгаагаа, дотооддоо шинэчлэл, өөрчлөлт хийхээр болсон тухайгаа зарлаж байх вэ. Аргагүй алдаа гаргаснаа зөвшөөрч, шүүмжлэлийг хүлээн авч буй бололтой. Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэн үгсээс иш татвал:
-“Чингис”, “Самурай” бондоор хэдэн км зам барьж, юунд зарцуулсан нь тов тодорхой байдаг. Мэдээж энхийн цагаан тагтаа шиг бүх юм цав цагаан байсан гэвэл худлаа байх. Гэм буруутай этгээд нь хариуцлага хүлээгээд явна биз гэж хэлсэн нь АН “но”-той гэдгээ илчилснээс өөрцгүй. Мөн тэрээр “...МАН-ынхан 2008-2012 оны үед эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн гэж гайхуулаад байдаг. Гэтэл орж ирсэн мөнгө нь хаачсан юм бэ? Тэр хөрөнгөөр юу хийсэн бэ гэдгийг тайлагнах хэрэгтэй.
...Хэрэв шалгана гэж байгаа бол өнгөрсөн найман жилийн түүхийг сөхөж шалгах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын гаргаж байсан алдаа, өмнөх эрх барьж байсан улс төрийн намуудын алдааг ярих юм бол хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр л юм болно.” гэсэн байна. Энэ нь сүрдүүлэг үү, шударга үг үү гэдгийг мэдэхгүй юм.
Мөн энэ дашрамд дуулгахад, “2012-2016 оны Засгийн газрын өр 4,8 тэрбум ам.доллар юм. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-д өгөх ёстой 10,8 тэрбум ам.доллар, аж ахуй нэгжүүдийн авсан 2,7 тэрбум ам.долларын өр байна. Үүнээс харахад төсөвт хамаагүй 20 тэрбум ам.долларын өр байгаа юм. МАН-ынхан төсвөөс төлөх юм шиг ард түмнийг айлгаад байна. Үнэндээ тийм зүйл байхгүй.” гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлсэн байгаа юм.
Зөвхөн энэ хоёр эрхмийн үгнээс л гэхэд хэн ч хэнийг ч шалгахгүй өнгөрөөх том үүд хаалга эдний өмнө ямагт нээлттэй гэж харддаг олны үг ч ортой бололтой. Бас өнгөрсөн хугацаанд улсаас хэн нь их идсэн бэ гэсэн асуулт гарч ирэх ч ил тод үнэн эцсийн дүндээ барьцаалагдан нууц хэвээр алслагдан замхарна. Ер нь энэ улс орноосоо хэн илүү идсэн нь хамаагүй, бусдаасаа хумсалсан, хулгайлсан л бол түүнийг ард түмэн буруутнаар цоллож, зэмлэж, шүүмжилж, шүүж, эцэст нь хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны үйлдэл мөн. Тэгж гэмээ нь цаашдын зөв зам нээгдэх учиртай. Төрөө төвхнүүлэх ажлыг биеэ засахаас эхлүүлэх хэрэгтэй болсныг олон нийт хэлэлцэж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ