“Сайн” хөтөлбөрүүд үргэлжлэх үү

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж, тайлбарлан “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” хөтөлбөрүүдийг зогсоосон билээ. Энэ бол МАН-ын шийдвэр. Хэрэв уг хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байсан иргэд байгаа бол бухимдах шаардлагагүй. Учир нь МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ бүхнийг хэрэгжүүлэхээр тусгасан гэж болно. Ер нь тус мөрийн хөтөлбөрт өмнөх эрх баригчдын, өмнөх засгийнх нь хэрэгжүүлж эхлээд байсан ажлууд цөөнгүй тусгагдсаныг харж болно. Үүнээс “Сайн” хөтөлбөрүүд гэж болох заалтуудыг авч үзье.
1. “Сайн” оюутан хөтөлбөр: Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана.-АН
Мөрийн хөтөлбөрийн 1.3 дахь “Төлбөрийн дарамтгүй төгсөөд ажилтай-Оюутан, залуучууд”: “Боловсролын зээлийн сан” шинээр байгуулж оюутан, залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлнэ.-МАН
2. “Сайн малчин” хөтөлбөр: Арилжааны банкаар дамжуулан тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн болох малчдын үйлдвэрлэлийг дэмжих 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулан баталсан.-АН
Мөрийн хөтөлбөрийн 2.9 дэх “Монгол малчин” хөтөлбөр: Малчдад хөнгөлттэй нөхцлөөр зээл олгох, малчинд ээлтэй зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх замаар зээлийн хүүгийн дарамтыг бууруулна.-МАН
3. “Сайн хувьцаа” хөтөлбөр: Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хувьцааг 300, 426 төгрөгөөс иргэдээс холбогдох журмын дагуу шууд худалдан авах, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийсэн.-АН
Мөрийн хөтөлбөрийн 2.4 дэх “Уул уурхайн хөгжил” хөтөлбөр: Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгоно.-МАН
4. “Сайн хашаа” хөтөлбөр: Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан.-АН
Мөрийн хөтөлбөрийн 5.2 заалт “Орон сууцжуулах таатай нөхцөл”: Өмчилсөн газартаа дулаан, цэвэр бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууц барих төсөл хөтөлбөрийг бүхий л талаар дэмжиж, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх араг хэмжээ авна.-МАН
Хэрэв МАН-ын мөрийн хөтөлбөрүүд бүрэн хэрэгжвэл "Сайн" хөтөлбөрүүд ч хэрэгжсэнээс өөрцгүй болох юм. Үг, өгүүлбэрийн ялгаа харагдахаас утга агуулгын хувьд хол зөрүүгүй эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хоёр намууд эцсийн зорилго нь нэгэн зүгт чиглэж байна. Тиймээс одоо өнгөрсөнөө шүүж, ирээдүйгээ буруутгаж, хов базахаас илүүтэй дээрх ажлуудаа хамтраад хийх хамгийн зөв зохистой арга замаа тодорхойлоод алхаагаа арай хурдлуулаад ажлаа урагшлуулаад явбал зохино.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ