Ж.Амарсанаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Тэрээр нийгмийн хүрээнд газар авч байгаа аливаа өвчлөлийн талаар олон талын судалгаа хийж, үр дүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулж ажиллахыг эрмэлздэг нэгэн. Тиймээс ч Ж.Амарсанаа элэгний вирусийн эсрэг тууштай тэмцлийн ажил өрнүүлж буй. Мөн түүний гаргаж ирж тавьсан бас нэг асуудал бол Транс тос. Энэ талаар удаан хугацаанд хэлж, сануулж байгаа хэдий ч одоо болтол тоймтой ажил хийхгүй байгаад бухимдаж тэрээр ийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

"ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН нас баралтын тэргүүн шалтгаан болоод удаж байна. ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой. Гэтэл манай үндэсний 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортоор жилд 2749 ТОНН транс тос оруулж хүнсэнд хэрэглэж байна. Цус харвалт, даралт ихсэлт, зүрхний шигдээс, дутагдлаар ямар олон хүн залуугаараа хорвоог орхиж байнаа!!! Хүнс хөдөө аж ахуйн яам, хил гааль, засаг төр яагаад арга хэмжээ авахгүй байнаа???
Хэзээ болтол бид өөрийн эрхгүй ХОР идэж амьдрах болж байнаа?!
Иргэд нь ҮХЭЭД ДУУСАХЫГ хүлээгээд байгаа юм уу!?

Хүнсний үйлдвэрүүд транс тосоо нуугаад, шошгон дээрээ “цөцгийн тос“ гээд улаан цайм худлаа бичээд эхэллээ шүү дээ. Юу идэж байгаагаа ард түмэн бидэнд МЭДЭХ ЭРХ БАЙХГҮЙ ЮУ???
Сургууль цэцэрлэгүүд хүртэл ХҮҮХДҮҮДЭД МААНЬ транс тос өгч байна!!!
Энэ асуудалд анхаарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна." хэмээн цахим хуудсаараа дамжуулан дуулгалаа.

Транс өөх гэдэг нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг байна.

ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Харин 2018 он гэхэд транс өөх тосны хэрэглээнээс бүрэн татгалзахаар болсон.

Манайд тус өөх тостой холбоотой нэгдсэн стандарт байхгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон ч энэхүү стандартыг боловсруулахад багагүй хугацаа шаардагддаг бололтой.

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ