Ачлагынхан Хавдар, Халдвартаас хол баймаар

Бидний хэлж сурснаар Хавдрын эмнэлэг. Гэр бүлийн нэг гишүүнийхээ хавдрын асуудалд шаналсан эцэг, эх хоёр эмчийн өмнө зогсож байжээ. Эмчилгээ хөөцөлдөлгөө бүхэн мухардаж, таагүй мэдээ сонссон эцэг эх гараад иртэл машин нь байсангүй. Зогсоолд тавиагүй гээд ачаад явсныг мэдэв. За тэгээд болдог л хүндрэл чирэгдэл үргэлжилж араас нь давхиж очиж. Машинаа ачуулаад торгуулж байгаа, ачиж авчраад торгуулийн мөнгөө аваад үлдэж байгаа хоёр талын дунд хэн хожоод, хэн хохироод өнгөрсөн нь тодорхой. Төлөвлөгөөт орлогынхоо мөнгийг 60 мянгаар ахиулсан компани, арай гэж цуглуулж байгаа хүүгийнхээ шинжилгээний мөнгөнөөс нэг удаагийн тарианы мөнгө алдсан эцэг эх хоёр.

Зогсоолыг нь шийдээгүй байж торгож ачаад байгаа энэ нугалааны талаар иргэд зөндөө л гомдоллосон. Машин ачлага хийдэг нөхөд орлогондоо улайрахдаа яарсан, зутарсан иргэдийн машиныг ачиж давчдуулах нь түгээмэл.

Тэдний дохиогоо дуугарган эргэлддэг газрын зургийг маршрутаар гаргавал хаана хаана орлогоо найдвартай хийж байгааг харж болно. Төрийн үйлчилгээний төвлөрсөн газрууд, агентлагууд. Иргэд хамгийн ихээр очиж дугаарлаж нервээ бардаг, машин байтугай хүн нь арай гэж багтдаг зогсоолгүй газруудаар бол үнэхээр “өлөн” эргэлддэг. За тэгээд баараггүй шүүрдэг газар нь бол мэдээж эмнэлгүүд. Улсын гэх тодотголтой хүнээ дийлэхгүй эмнэлгийн гадна ачлагын машин биш түр тавьсан машинуудыг зохицуулаад хооронд нь холбож өгөөд байдаг зохицуулагч хэрэгтэй байгаа юм. Түр зогсоод ганц шинжилгээний хариу аваад ирэх хооронд ачаад талийж байгаа нөхдөд учраа хэлбэл ажлаа л хийсэн гэсэн ширэн нүүртэй.

Тэдний зүгээс тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг олох, хэл дуулгах тал дээр гаргах санаачлага маш муу. Үнэндээ бол хэлбэрддэг. Үнэхээр дурэм бус зогссон, бусдынхаа хөдөлгөөнд саад учруулаад орхисон тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэн журамлаж, тухайнзам талбайн хөдөлгөөн хэвийн байх нөхцлийг хангах ёстой. Авто тээврийн хэрэгслийг журамлаж, ачиж байгаагийн цаад зорилго нь тухайн газар бөглөрөл гацаа үсэхээс сэргийлж байгаа ажил гэж иргэд ойлгодог. Тэгээд ч торгуулиа тэвчин төлөөд машинаа авдаг. Энэ үүргээ биелүүлэхийн тулд тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой холбогдох, машинаа дүрэм журмын дагуу байршуулах талаар шаардах зэрэг ачихын өмнө авах арга хэмжээний олон боломж байдаг. Харамсалтай нь орлого хөөх хандлага нь давамгайлсан түрэмгий багийнхан утсаа аваагүй гээд л машиныг нь ачаад явчихдаг нь нийтлэг болжээ.

Элээ улайн дээр эргэлддэг гэдэг шиг машин ачлагынхан томоохон эмнэлгийн үүдээр эргэлдэхдээ учиртай байгаач ээ гэж хүсмээр байна. Тэнд ер нь ачлагынхыг эргэлдэхийг болиулах хэрэгтэй. Харин машин унааг аргагүй нөхцөлд хараад, бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байршуулах зохицуулагч хүн л хэрэгтэй.

Нарантуул захын зогсоолууд хувьчлагдсан мэт болчихсон, хэдэн залуус машинаа харуулах уу гээд зогсож байдаг. Эмнэлгүүд дотроо ямар ачаалатай байдгийг бодоод гаднаа ядаж анхаарч, зогсоол орчимдоо машин тавиулах харах, хэл мэдээ өгөх хүнтэй болгомоор. Эрүүл мэндийн сайдад хэлэхэд эмнэлэг доторх хүнээ шийдэхийн зэрэгцээ гадаа байгаа машинуудыг зогсоол дээр нь зохицуулах хүн гаргах талаар нэг журам гаргаж мөрдүүлмээр.

Өдрийн орлогоо давуулан биелүүлэх шахуу даалгавартай “ачигчид” ядарсан сандарсан хүн, машин хоёр түлхэлцэж байдаг эмнэлгүүдийн ойрхон эргэлдээд бүүр сурчихжээ. Яаж ч хичээгээд, хайгаад зогсоол олдохгүй бол өвчтэй хавдартай хүнээ үүрээд хашаа тойроод алхаад байхгүй. Зай завсар харагдсан газар машинаа зүрхлэн орхихоос өөр аргагүй л болно. Өвддөггүй, үхэдгүй мэт ачлагынхан, автын цагдаа нар эмнэлгийн орчмоос машин ачих бол хүнлэг байж эзнийг нь дуудчихдаг байгаарай. Ер нь бол эмнэлгээс холуур тойрсон нь дээр, буян болно шүү.

Ялангуяа халдарт, хавдар зэрэг ачаалал нь дэндүү болсон газарт түлхүү “ажиллаж” хүний аминд тулсан асуудлаар цөхрөлд тулсан иргэдээ явгалж чангалаад байх хэрэггүй. Аль болохоор дуудаж авчраад, ядарсан нэгэндээ тарианы мөнгийг нь үлдээчихдэг бай.

Б.ИХЭР

\

.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ