Халамжийн "ялгавар" хаашаа хөтлөнө вэ

Төрөөс нийгмийн халамжийн чиглэлээр зарцуулах төсөв харьцангуй ялгавартай байх нь мэдээж. Гэвч зарим ялгаварлал иргэдийн дунд нэлээд шүүмжлэл, гомдлыг дагуулж байна. Энэ асуудлыг дараах харьцуулалтаар авч үзье:
Хөгжлийн Бэрхшээлтэй нэг иргэнд Нийгмийн Халамжийн сангаас нэг сард 140000 төгрөг,
Тэтгэвэрийн насны иргэд Нийгмийн Даатгалын Сангаас нэг иргэн нэг сард хувь тэнцүүлсэн дүнгээр 216000 төгрөг, бүрэн тэтгвэрийн дүнгээр 251000 төгрөг,
Хүүхдийн үдийн цай хөтөлбөр 1200 төгрөг, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн нэг өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг,
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүст өдрийн хоолонд 5000 төгрөг зарцуулдаг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны зургадугаар сараас 240000 төгрөг болсон. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор ихэнх байгуууллагууд аль болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлахыг хичээж буй. Тэгэхээр татвар, татаасаа суутгуулаад гар дээр 200000 төгрөгийн цалин ирэх болно.
Харин эрх зүйн дор хүмүүжигч нэг иргэн сард улсын төсвөөс 372000 төгрөгийн /өдөрт 12400 төгрөг/ хоол иддэг байна. Түүнчлэн дулаан байр болон элдэв хөтөлбөр сургалтанд хамруулахын сацуу эмчийн үзлэгт байнга хамруулдаг байна. Хязгаарлагдмал эрхийн хүрээнд иймэрхүү үйл ажиллагаа явуулах нь эргээд нийгэмшихэд чухал ач холбогдолтой нь мэдээж.
Нөгөө талаар гэмт этгээдүүдийг тусгаарласнаар нийгэмд учруулах хор хохиролоос урьдчилан сэргийлнэ.Нэгэн эх сурвалжийн хэлснээр тэд өдрийн 3 хоолтой. Өглөө маслотой талх, хар цай, өдөр, оройн хоолонд дотор махаар хийсэн хоол өгдөг аж. Ингэхдээ хоолонд хийх ногоогоо өөрсдийн аж ахуйдаа тарьж ургуулдаг байна. Түүгээр ч үл барам зарим нь өөрсдийн мал аж ахуйтай байдаг гэнэ. Тэгэхээр 372000 төгрөгийг юунд зарцуулдаг юм бол гэсэн хардлага ч урган гарч ирж байгаа юм.
Хамгийн гол нь хөдөлмөрийн насны залуус эрх зүйн дор хүмүүжигчдээс доогуур үнэлэгдэж буй энэ үед улс орны төлөө гэх сэтгэл зүрх хэр олшрох бол гэсэн эргэлзээ бий болоод байна.
Тиймээс өдрийн хоолны өндөр төсөвтэй, бэлэн хоолтой, үнэгүй байртай, түүнчлэн үнэгүй интернэт, зурагттай гэх мэтээр бүрэн тохижилт, үйлчилгээ хангамжтай газрыг зарим нэгэн дуртайяа зорино. Магад иймийн учир айж, эмээх зүйлгүй болж, урьд өмнө дуулдаж байгаагүй аймшигт жигшүүрт хэргүүд гарах болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Тэдэнд цаазын ял хэзээ ч оногдохгүй. Монгол Улсад нийт 27 хорих анги байна. Хэт их ачаалал нь хүчирхийллийг ихэсгэж, шоронгуудын чанарыг муутгадаг болохыг АНУ-ын жишээнээс харж болно.
Ямартай ч дээрх халамжийн харьцаанд таатай хандах иргэн байхгүй л болов уу. Олон улсад шоронжсон Монгол улс гэж нэрлэгдэхээсээ өмнө төрийн түшээд энэ асуудалд анхаарлаа нэг хандуулах шаардлагатай болжээ гэдгийг олон нийтийн хандлагаас харагдаж байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ