Засгийн газар үнэт цаас гаргана
Засгийн газар 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, маргаашнаас эхэлж 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар болоод байна.
Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн цоорхойг нөхөхөд чиглэнэ.
УИХ-аас 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг бууруулах бус өсгөсөн. Засгийн газрын зардлаа танах зорилгоор санал болгосон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоох, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэлгийн хэмжээг бууруулах заалтууд чуулганы танхимд шил дараалан унасан нь чухамдаа хууль тогтоогчдын тайлбарлаад байгаачлан эдийн засгийн хямралыг бодож гаргасан шийдвэр биш ирж яваа орон нутгийн сонгуулийг л харж хийсэн нүүдэл юм.
Уг нь бол статистик мэдээллүүд хууль тогтоогчдод төсвийн зарлагыг өсгөж болохгүйг удаа дараа анхааруулсаар ирсэн. Тухайлбал, энэ оны найман сарын гүйцэтгэлээр улсын төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөгт хүрч, оны төгсгөл рүү 4 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй болсон. Төсвийн орлого төвлөрүүлэлт хоёрдугаар улирлаас хойш сайжирдаг ч эсрэгээрээ бууралт үзүүлэх болсон юм.Сангийн яамнаас гаргасан энэ оны наймдугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн орлого төвлөрүүлэлт 785.4 тэрбум төгрөгөөр дутуу биелээд байна. Орлого буурахад импортын барааны НӨАТ ын орлого 160.8 тэрбумаар, импортын гаалийн албан татварын орлого 76 тэрбумаар, газрын тосны орлого 59.7 тэрбумаар, өмч хувьчлалын орлого 94.8 тэрбумаар, гадаад хандив тусламжийн орлого 206.4 тэрбумаар гэх мэтчлэн тус, тус төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсан нь нөлөөлжээ. Дээрх үзүүлэлт бол хувийн секторууд мөнгөгүй болж, эдийн засаг агшиж буйн том дохио юм. Тиймээс Засгийн газар арга буюу бонд гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж, амь торгоох арга хэмжээ авахаар зэхсэн хэрэг.
Уг нь өнөөгийн эрх баригчид өнгөрсөн дөрвөн жил цөөнх байхдаа Шинэчлэлийн болоод Шийдлийн Засгийн газарт “Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрлээ, зардлаа бууруулаач ээ. Төсвийн алдагдлыг бонд гаргаж битгий нөх” гэхчлэн зөвлөж ирсэн атал одоо харин төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөх даалгаврыг Засгийн газартаа өгчихөөд ээлжит бус чуулганаа завсарлуулав.
Монгол Улс хэзээнээс төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөггүй болох юм бол доо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ