Ц.Золжаргал: Зайсангаас хотын төв хүртэл найман минут зорчих АГААРЫН ТАКСИ хийх гэж байна
"Оюуны Ундраа” групп Австрийн “Doppelmayr” компанитай хамтран Улаанбаатар “Cable саr” буюу агаарын такси төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр энэхүү төслийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тус төслийн хүрээнд эхний ээлжинд хотын төв талбай Зайсан толгой чиглэлд агаарын шугам татаж, агаарын шугамтай холбосон 100 кабин зэрэг явах “агаарын такси”-г хийхээр болжээ. Бид энэ талаар “Оюуны Ундраа групп”-ын Маркетингийн мэргэжилтэн Ц.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа:
-НИЙТ 2.8 КМ АГААРЫН ШУГАМ ТАТАЖ, ШУГАМААР ЗОРЧИХ 100 ГАРУЙ
БҮХЭЭГ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨГДСӨН-
-Одоогоор “Агаарын такси”-ны ажил ямар шатандаа явна вэ?
-Санамж бичигт гарын үсэг зурсан тул төслийнхөө шатанд явж байна.
-“Агаарын такси” гэж нэрлэж буй энэ унаагаар хаанаас хаа хүртэл зорчих вэ?
-Эхний ээлжинд Улаанбаатар хотын төв цэг буюу төв талбайгаас Зайсан толгой хүртэл нэгдүгээр төсөл, хоёрдугаар төсөл нь Зайсан толгойгоос Манзуширын хийд хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, төслийн хүрээнд эхний ээлжиндээ 40 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Зайсангаас төв талбай хүртэлх агаарын шугам татна. Дараагийн ээлжинд мөн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр “Их Зайсан” цогцолбороос Богд уулын орой хүртэл дүүжинт тэрэг зорчих агаарын шугам татна.
-Эхний шатны ажил хэзээ бэлэн болж, хэрэглэгчдэд үйлчилж эхлэх вэ?
-Санамж бичигт гарын үсэг зурснаар 2017 онд дуусгаж ашиглалтад оруулахаар заагдсан. Гэвч хөрөнгө оруулалтын томоохон асуудлууд бий тул яг нарийн хугацаа зааж хэлэхэд эрт. Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн системд шинэ үйлчилгээ бий болгож, дэд бүтцийг дэмжин ажиллаж, авто замын түгжрэлийг тодорхой хувиар бууруулан, аялал жуулчлалын хөгжилд шинэ бүтээгдэхүүн бий болгохоор зорин ажиллаж байна.
-Агаарын замын урт хэдэн км байхаар тооцоологдов?
-Нийт 2.8 км агаарын шугам татаж, шугамаар зорчих 100 гаруй бүхээг хийхээр төлөвлөгдсөн.
-Энэ тээврийн тусламжтайгаар бид Зайсангаас хотын төв, хотын төвөөс Зайсан хүртэл минутын хугацаанд зорчих вэ?
-Зайсан толгойгоос хотын төв хүртэл найман минутын хугацаанд зорчино. Өвөл, зун хамаарахгүй нэг цэгээс нөгөө цэг хүртэл дундаа ямар нэгэн буудалгүйгээр шууд очих маршруттай байна. Хоёр цэг дээр тасалбар түгээгч ажиллана.
-Хэрэглэгчид хэр их үйлчлүүлэх тухай таамаг гарсан уу? Зарим хүмүүс “railbus”-тай адилтгаж, зорчигч багатай байна гэсэн төсөөлөлтэй байна?
-Бид өөрсдийн компанийн пэйж хуудас дээр байршуулж, уншигчдын хандалтыг харахад “хурдхан хийгдээсэй, төр засаг нь хаачихгүй бол ажил нь хурдан яваасай, сайхан ажил болж байна” гээд их дэмжиж байгаа. Тэгэхээр одоохондоо болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг мэдээлэл, сэтгэгдэл алга байна.
-БАРИЛГА УГСРАЛТ БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЕВРОПЫН
ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ-
-Ийм төрлийн тээвэр манай улсад одоохондоо шинэ тутам байгаа тул аюулгүй байдлын тал дээр жаахан эмээж байна?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австрийн компани энэ ажлыг хариуцан хийж байгаа. Энэ компани хэд хэдэн улсад энэ төслийг хэрэгжүүлсний дээр өөрийн улс оронд ч мөн барьж байгуулан, хэрэглэж байна.Ер нь “Cable Car”-ын олон улсад мөрдөгддөг аюулгүй ажиллагаа, болон дүрэм журмыг баримтлан ажиллана. Барилга угсралт болон тоног төхөөрөмжийг Европын туршлагатай компани хийж гүйцэтгэнэ. Тухайн компани нь засвар үйлчилгээ болон хяналт шалгалтыг бүрэн хариуцаж байгаа.
-Монгол ажилчид ажиллах уу?
-Ер нь Австрийн компани хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурсан байгаа тул туслан гүйцэтгэгч тал дээр монголчууд ажиллана.
-Томоохон бүтээн байгуулалт баригдах бүрт манайхан гадны 100% хөрөнгө оруулалттай компани байхвий гэсэн хардалттай байдаг. Энэ ажлын хувьд?
-Монголдоо үлдэх, Монголын бүтээн байгуулалт болно. Манай компанийн “Их зайсан” төсөл буюу дотроо “Зайсан Хилл комплекс”, “Зайсан скүэр”, “Зайсан Ресиденс”, “Cable car” гэсэн дөрвөн хэсэгтэй төсөл нь Оюуны ундраа группын 100 хувь хөрөнгө оруулалттай ажил юм.
-Энэ агаарын унаа ашиглалтад орсноор авто замын түгжрэл хэдэн хувиар багасах тооцоо гарсан уу?
-Одоогоор авто замын түгжрэл болон ачаалалыг 30 хувиар бууруулна гэсэн тооцоо бий.
-Тасалбарын үнэ хэд байх вэ?
-Урьдчилсан байдлаар дүүжинт тэргээр зорчих тасалбарын үнэ 2000 төгрөг байхаар төсөвлөж байгаа. Гэхдээ эдийн засгийн байдлаас шалтгаалан хэлбэлзэх боломжтой. Эцсийн үнэ биш гэж хэлж болно.
-МОНГОЛЫН АНХНЫ ШИЛЭН ГҮҮР 2017 ОНД АШИГЛАЛТАД ОРНО-
-Танай бусад төслийн талаар ярихад “Монголдоо анхдагч шилэн гүүр”-ийг барьж байгуулж байна. Энэ ажил ямар явцтай байна вэ?
-Зайсан толгойн дунд зогсоолыг “Zaisan Hill Complex”-той шилэн гүүрээр холбох ажлыг бид хийж байна. Энэхүү гүүрээр дамжин тус цогцолборын долдугаар давхарт байрлах алсыг харах дурант тавцангаас Улаанбаатар хотыг алган дээрээ байгаа юм шиг л тольдож харах боломжтой. Мөн энэ хэсэгт чөлөөт уран бүтээлчдийн хэсэг байрлана. Энд өөрийн гэр бүл болон найз нөхдийнхөө зургийг зуруулж, Улаанбаатар хотын музей, уран зургийн галлерейгаар аялах боломжтой. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг бид олгохыг хичээж байна.
-Энэ шилэн гүүрний урт ямар байх вэ?
-Урт нь 30 метр, газраас 25 метрийн өндөртэй байна. Ашиглалтад орохдоо “Zaisan Hill Complex”-той хамт 2017 оны хоёрдугаар улиралд орно.
-“Zaisan Hill Complex” дотор ямар ямар онцлох бүтээн байгуулалтууд байгаа вэ?
-Зайсан орчимд баригдаж буй анхны энтертайнмент төв гэж хэлж болно. Хамгийн онцлохуйц бүтээн байгуулалт бол кино ертөнцийн бодит гайхамшгийг мэдрүүлэх 4D, 3D, Dolby Atmos системээр тоноглогдсон нийт найман танхимаас бүрдэх 1332 хүний суудалтай кинотеатр бий. Мөн бүтэн давхарыг хамрах хүүхдийн болон автомат тоглоомын төв, кофе шоп болон амрах булантай номын дэлгүүр, тансаг зэрэглэлийн ресторан, бренд дэлгүүрүүд, залуу хосуудын гал голомтоо бадраах гэрлэх ёслолын танхим, хөдөлгөөнт ханын систем бүхий хурал зөвлөлгөөн, хүлээн авалтын танхим, 500 хүний багтаамж бүхий 2-3 талбай, лоунж болон VIP өрөөнүүдийг төлөвлөсөн дэлхийн жишигт нийцсэн шөнийн клуб, цогцолборын хамгийн өндөр цэгт байрлах 360 хэмээр орчноо тольдох VIP өрөөг шийдсэн байгаа нь дотоодын төдийгүй гадаадын жуулчдын зорин очих төв цэг болно гэж харж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ