Найзыгаа “уруу татан” Монголд ирсэн С.Нэйш

Манай улсад гадаадын иргэд айгаад байхаар теорризм, хүчирхийлэл байхгүй. Гэхдээ үе үе цочирдом мэдээ гарна. Ууланд төөрөөд амиа алдах бол жуулчдын хувьд байх тохиолдол. Харин урьж авчраад ууланд аваачаад буудчих бол гадаад ертөнцөд маш ихээр цочирдом мэдээ. Жилдээ багаар нэгээс хоёр удаа гадаадын жуулчид ямар нэг байдлаар гадны нөлөөтэй амь насаа алдсан тухай мэдээ дуулддаг. Жилдээ 700-д мянгахан жуулчин арай гэж авч байгаа манай улсад иймэрхүү хар мэдээ тун сөргөөр тусна.

Хэдхэн хоногийн өмнө Их Британийн парапланы нисэгч Стивен Эдвард Нэйш / наймдугаар сарын 31-ний өдөр /дээрэмдүүлсэн байдалтай, бусдын гарт амиа алдсан байж магадгүй тухай мэдээг Англид суух ар гэрийнхэн нь хүлээж авчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Э.Нэйш бол энгийн нэгэн байсангүй. Англидаа болоод парапланы спортод нэртэй тамирчин байж. "Adventure in Mongolia” нэртэй фэйсбүүк хуудас нээн, Монгол дахь аяллынхаа тухай зураг, нийтлэл мэдээлэл оруулдаг, Монголд аялж жуулчлахыг идэвхтэй уриалдаг нэгэн байж. Монголын хөх тэнгэрийг ойр харж агаарыг нь мэдрэхийн тулд өөрийн найзыг “уруу татан” байж хоёрдохоо Монголд ирээд ийнхүү харамсалтайгаар бусдын гарт амиа алдаад байна. Замд гарахын өмнө хамт ирсэн аялагч нөхөр нь бие таагүй болсны улмаас ганцаараа түрүүлж гарсан нь ийнхүү амь насаа алдах байдалд хүргэсэн бололтой. Иран, Иракт байсан бол тэрээр ийн ганцаараа явахдаа их л эргэлзэх байсан байх. Харин энэ удаад тэрээр Монголын амар амгаланд бол итгэлтэй байсан хэрэг.

Стивийн нас барсан мэдээ Англид олны анхааралд орсон төдийгүй гашуудан харамслаа илэрхийлж буй найзууд нь парапланы спортоор хичээллэгч тамирчдын эрүүл мэндийн төлөө мөнгөн хандив цуглуулж байгаа юм байна. Энэ бүх аян санаачилгын дуулианы ард Монголд амиа алдах эрсдэл их байгаа талаар давхар сурталчилгаа явна гэхэд харамсалтай.

Одоогоос бараг 15 жилийн өмнө Хөвсгөлийн улаан тайга орчимд бид ажлаар явж байхад эзгүй хээр нэг дугуйтай Америк эр аялж явахтай таарч байв. Ойр орчим 20-иод км-т ямар ч хүн, айл байхгүй ууланд аялах гадаад эрээс “ганцаараа айхгүй байна уу” гэхэд “.. Монголчууд их найрсаг намайг харахаараа инээгээд л байдаг юм. Зарим эрчүүд нь их сонжсон харцтай. Гэхдээ мэнд мэдэнгүүт л их энгийн болчихдог ... Азидаа бол хамгийн тайван, хамгийн гоё тэнгэртэй орон шүү ... гэж хариулж байлаа.

Үүнээс хойш нэг зундаа сая жуулчин авах тухай ч дуулианыг хотынхон гаргаж байлаа. Харин 10–аад жил өнгөрсний дараа аялж жуулчлахад эрсдэлтэй үзүүлэлтээр Монгол маань нэлээн дээгүүр орчихсон яваа талаар нэг гадаад танил маань бичиж байлаа. Манай агаарын замыг тун эрсдэлтэй гэж тооцдогоо тэрээр нуусангүй. Газраар машинаар аялахад бие засах, хоол ундны зэрэг асуудалд хүндрэл гарах ч, байгалийн гайхамшгийг харах мэдрэх тул сайхан гэнэ. Гэхдээ олон жуулчны хувьд зүгээр машины цонхоор хараад давхиад байх бус алхаж гүйж онгон дархан байгалийг амьсгалаараа мэдэрч, хамар нэвт сэнгэнэх эрүүл салхийг уушиглах зэрэг бол Монголд ирсний бахархал болдог тухай өгүүлдэг.

Ийм л мэдрэмжийг дэлхийн өөр хаанаас ч бус Монголоос олж авдаг гэж бахархаж явсан нэгэн гадаад жуулчин, тамирчин Монголд зорин байж ирээд бусдын гарт амиа алджээ. Амиа алдсан С.Нэйш өөртөө байрлал илрүүлэгч сансрын холбоотой байсан тул амиа алдсанаас нь хойш их удалгүй олж авсан байна. Ийм төрлийн багаж хэрэгсэлгүй яваад амь насаа алдсан бол манайхан эрлийн баг гаргасаар хэзээ олж мэдэх байсныг хэлэхэд бэрх. Ядаж ирсэн жуулчдынхаа байгаа газар, байрлалыг тогтоогоод байдаг үүрэн хэрэгсэл авахыг санал болгодог бол бас нэг хамгаалалт болно.

С.Нэйш амь насаа алдсан хэрэгт цагдаагийнхан хоёр хүнийг сэжигтнээр татаад байгаа бололтой. Нэгэнт хэрэг гарсан хойно бол манай цагдаагийнхан сайн, алуурчныг бариад авах биз. Харин Монголд ирэх эсэхтээ одоо ч эргэлзсээр байгаа гадаад найзад маань харуулчих жуулчдыг эрсдлээс хамгаалах тухай, амь насаа алдсан тохиолдолд мөнгө гаргачих даатгал,эрсдлийн талаар үзүүлчих ямар нэг цаас, хөтөлбөр аялал жуулчлалын салбарынханд байна уу?

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ