Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх ЗГ-ын төлөвлөгөө

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн мэдээлэл ба хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийх юм. Ерөнхий сайдын өгөх мэдээллийн талаар товч хүргэж байна.

Улаанбаатар хотод нийт цэцэрлэгийн 37 хувь болох 79 цэцэрлэгт нь хамран сургах тойргийн хүүхдүүд багтахгүй нөхцөл байдал үүсч байгаа аж. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 27 хороо байна. Энэ нь хотын нэгэн том дүүргийн хороотой бараг тэнцэж байна гэж бодохоор нэг том дүүрэгт нэг ч цэцэрлэг байхгүйтэй адилаар төсөөлж болох юм.

Энэ онд багтаж улсын төсвийн хөрөнгөөр 6, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 Японы тусламжаар 1, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 6700-гаар, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 2 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орж 175-аар тус тус нэмэгдэх юм байна.

Зөвхөн цэцэрлэг барих замаар асуудлыг шийдэхгүй нь тодорхой байгаа тул нэн шаардлагатай газарт л төрийн өмчийн цэцэрлэг барих, бусад тохиолдолд шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа аж. Тухайлбал, ашиглалтгүй сул суудалтай хувийн цэцэрлэгт хүүхэд хамруулснаар 3087 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болсон. Үүнийг цэцэрлэг барих арга замаар шийднэ гэвэл 40 тэрбум төгрөг зарцуулж, 24 сар хүлээх байжээ. Тэгэхээр энэ арга зам нь тодорхой үр дүнг харуулсан ажил боллоо.

Мөн байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг ГХЯ, ХНХЯ-д байгуулж ажилчдынхаа 100 хүүхдийг хамруулсан бол МУБИС дэргэдээ цэцэрлэгтэй болсон байна. Түүнчлэн ХХААЯ, УУЯ ийм цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа аж.

Гэвч хүүхэд харах үйлчилгээний талаарх шийдвэр одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа бөгөөд иргэд энэ үйлчилгээ нь зөв зүйтэй ажил байсныг хэлэлцэж байгааг дурдахад илүүдэхгүй болов уу.

Засгийн газар байгуулагдсан эхний сард цэцэрлэгийн хомсдлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасны нэг нь 9-өөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөж байх, орон сууцны хороолол, хотхоны ерөнхий төлөвлөлтөд цэцэрлэг сургуулийг тусгаж байх талаар Барилга хот байгуулалтын яаманд даалгасан байна.

Харин сургуулийн тухайд энэ хичээлийн жилд 798 ЕБС-д 561 мянга 691 сурагч сурч байна. Өнгөрсөн хичээлийн жилээс 26 мянга 636 сурагч нэмэгджээ.

Нийслэлийн хүн амын өсөлт, сургуулийн барилгын насжилт өндөр байгаагаас хамааран ЕБС-ийн хүчин чадал хомсдох асуудал үүсч байна. Энэ жил 320 суудалтай нэг л сургууль ашиглалтад орсон гэсэн мэдээллийг өгч байгаа бөгөөд ондоо багтаж 3140 суудалтай 10 сургууль, он дамжин баригдах 8 сургууль ирэх онд ашиглалтад орж 6800 суудал нэмэгдэх орох юм байна. Огцом өсөлттэй энэ төлөвлөгөө биелэлээ олвол сайшаалтай байх сан. Гэтэл 10 сарын хугацаанд 1 сургууль ашиглалтад орсон мэдээлэлтэй байхад оноос өмнө 10 сургуультай болох нь итгэл төрүүлэхгүй байгааг нуух юун.

Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх зорилгоор 32 сургуулийн барилгыг концессоор ирэх онд бариулах, хөрөнгийн асуудлыг 2018 оны төсөвт тусгах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Үүний 29 барилга нь нийслэлд баригдах бөгөөд 3 ээлжтэй сургуулиуд 2 ээлжтэй болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Хуучин барилгыг нь буулгаж шинээр барьж байгаа нийслэлийн 14, 32, 38, 73 дугаар сургуулиуд ч ирэх онд ашиглалтад орно.

Ямартай ч БНХАУ-ын тусламжаар эхний ээлжинд 2017 онд нийт 5740 суудал бүхий 7 сургуулийг Улаанбаатарт, 100 хүүхдийн цэцэрлэгийг Архангай аймагт барих бол 2-р ээлжинд 8440 суудал бүхий 14 сургууль барих болсон гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ