Э.Содномпилжээ: Ижий, аавын нутаг усныхан “хоншооргүй” байлаа
ОУХМ Э.Содномпилжээ “Рио 2016” паралимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулж байсан цаг саяхан. Амтай бүхэн Э.Содномпилжээг магтаж, хөлтэй бүхэн түүн рүү хөл хөөрцөг болон гүйж байв. Төрийн өндөрлөгүүдээс, нийслэлийн удирдлага, томоохон пүүс компанийн захирлууд хүртэл өөрийн цахим хуудсаар дамжуулан түүнийг “Монгол түмний бахархалт хүү” хэмээн ам мэдэн зарлаж байв. Гэвч хэн нь ч сайхан магтаал, урмын үгээ бодит болгож чадсангүй. Бид паралимпийн хүрэл медальт ОУХМ Э.Содномпилжээтэй цөөн хором ярилцлаа.
#003366;">-МИНИЙ ҮНДСЭН МЭРГЭЖИЛ БОЛ ЭДИЙН ЗАСАГЧ НЯГТЛАН БОДОГЧ-
-Риогоос ирснээсээ хойш та хэзээ бэлтгэлдээ оров оо? Одоо таныг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Би бэлтгэлдээ ороод гурван долоо хонож байна. Ирэх онд Дубайн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд Европын дэлхийн цом, Канадын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гээд үргэлжилсэн тэмцээнүүд хүлээж байна аа.
#000000; font-family: Verdana, Arial, Helvetica, sans-serif; font-size: 10px; margin: 5px; float: left;" src="http://www1.medee.mn/pic/106823.jpg" alt="" width="400" height="600" />-Риод гаргасан амжилтыг тань өөрийн багштайгаа харилцаа холбоо сайтай байсантай холбоотой гэж Паралимпийн холбооны ерөнхийлөгч Д.Нямхүү тайлбарласан. Багштайгаа хэрхэн ажиллаж байв аа?
-Би Риод багшаасаа түрүүлж, есдүгээр сарын 5-нд очсон. Багш маань есдүгээр сарын 9-нд очсон. Багшийгаа очих хүртэл бие даагаад хоёр удаа, багштайгаа нэг удаа бэлтгэл хийгээд тэмцээндээ орсон. Бид хоёр бие биенээ их ойлгож, бүх зүйлээ ярьж, төлөвлөж байдаг юм. Ер нь багштайгаа энд хийж байсан төлөвлөгөөгөөрөө л тэмцээнд орсон. Бид 210-аар эхэлнэ гэж ярьж байсан, түүгээрээ л болсон. Ерөнхийдөө дээд жинд орох боломж байсан ч шүүгч нараас будлиан гаргасан зүйл бий. Үүнийг Монголын ард түмэн өөрсдөө мэдэж байгаа байх.
-Үүн дээр та тайлбар хийхээс татгалзсан байдаг?
-Одоо тайлбар хийгээд яах билээ. Силваг гаргахын тулд шүүгч нар яаж ажиллаж байгааг харсан байх.
-Монголд бэлтгэл хийхдээ эрүүл тамирчдын техник дээр хийдэг ч паралимпийн дэвжээн дээр гарахад тусгай тоног төхөөрөмж дээр хийсэн гэсэн. Монголдоо зориулалтын тоног төхөөрөмж дээр бэлтгэлээ хийх боломж огт байхгүй юу?
-Спортын төв ордон дээр штанг тавиур зэргийг аваачаад тавьчихаж болно. Улс үүнийг бэлдээд өгч болох ч туслах дасгалуудаа хийх тоног төхөөрөмж байхгүй болчихно. Би хувийн клубуудэд тусгай зориулалтын штангаа байрлуулъя гэхэд зайгаа бодоод тэд зөвшөөрөхгүй. Аль аль талдаа жаахан хүндрэлтэй. Өнөөдөр Спортын төв ордонд байдаг төхөөрөмжүүдийг хар л даа. Зөвхөн анхан шатныханд зориулсан төхөөрөмж гэж хэлж болно. Яг мэргэжлийн болоод гарчихсан надад гэхэд тэнд бэлтгэл хийхэд үнэндээ хэцүү байдаг. Харин энэ жилээс улсын шигшээ баг төлбөрийг нь бүтэн жилээр дааж “Gold`s gym” клубэд бэлтгэлээ хийж эхлээд байна.
-Та одоо хаана ажиллаж байна вэ?
-Ард санхүүгийн нэгдэлд ажилладаг. Миний үндсэн мэргэжил эдийн засагч, нягтлан бодогч. Ард санхүүгийн нэгдэлд нягтлан хийдэг, ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийдэг байсан. Өнгөрсөн 2015 оноос бэлтгэлээ дагнаж хийхээр болсон.
-Амжилт гаргасны дараа танд хэд хэдэн боломж нээгдлээ. Үүнээс өмнө та энэ ажлынхаа цалингаар амьдралаа болгодог байв уу?
-Үүнээс өмнө би бэлтгэлээ “Голден жим”-д үнэгүй хийдэг байсан. Энэ жилээс Улсын шигшээ баг энэ жимтэй холбож өгсөн болохоор одоо эндээ хичээллэж байна. Өмнө нь бусдын адил цалингаараа амьдралаа авч явдаг байсан.
#003366;">-ТАМИРЧДЫГ ШУУД БАЯЖЧИХДАГ ГЭЖ ХҮМҮҮС БОДДОГ Ч БОДИТ
БАЙДАЛ ДЭЭР ИЙМ Л БАЙДАГ-
-Уучлаарай, та өөрийн цахим хуудастаа олимп болон паралимпид амжилт гаргасан тамирчид бүгд байртай болсон байхад одоогоор танд байр өгөхөөр ам нээсэн хүн байхгүй тухай бичсэн байсан. Энэ талаар таныг ний нуугүй яриасай гэж хүсч байна?
-Яах вэ. Төрсөн нутаг устай хүн сайхан л байдаг юм байна. Хүний эцэг эхийн төрсөн нутаг ч сайхан ивээдэг юм байна. Би уг нь их гайгүй нутаг уснаас гаралтай байгаа юм. Ээж маань Увс нутгийнх, аав маань Хөвсгөл нутгийн хүн. Тамирчдыг медаль аваад ирэхэд энэ манай нутгийн хүү, энэ манай нутгаас төрсөн хүү л гэдэг. Би байр гуйх гэсэнгүй ээ. Олимпоос медаль аваад ирсэн тамирчдад нутгийн зөвлөл болон пүүс компаниудаас байр өгчихдөг уламжлал гэх үү, жишиг тогтчихсон байдаг.
-Нутгийн зөвлөлүүд ядаж тань руу баяр хүргэж залгав уу?
-Үгүй. Яриагүй.
-Та өөрөө яг хаана төрсөн юм бэ?
-Би Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. Гэхдээ миний төрсний гэрчилгээг Эрдэнэтээс авсан болохоор Эрдэнэтэд төрсөн гэж бичиг баримтаараа явдаг юм.
-Энэ хандлагыг зарим хүмүүс пара тамирчдыг ялгаварлан үзэж байна гэж харж байхад зарим нь нутгийн зөвлөл, холбогдох байгууллагууд “хоншоортой байж чадсангүй дээ” гэх юм. Та юу гэж бодож байна?
-Манай ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хороо байр өгөх сураг дуулдах нь дуулдсан. Яг өнөөдөртөө өгөөгүй болохоор авлаа гэж хэлэхэд хэцүү. Хоёрдугаарт, ижий аавын нутаг ус “хоншооргүй байлаа” гээд хэлчихмээр байна.
-Улсаас шагналын 30 сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхой байна уу?
-Он гараад л өгөх байлгүй дээ. Тухайлбал, би энэ жилийн гуравдугаар сард болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийхээ шагналын мөнгийг аваагүй л яваа шүү дээ. Ер нь шагналын мөнгө заавал 1-2 жилээр ухарч олгогддогоос гадна өгөхдөө хэд хэд хувааж өгдөг юм. Олимпийн мөнгө маань бүтэн орж ирэх байх аа. Үнэндээ их мөнгө сонсоод л тамирчдыг шууд баяждаг гэж хүмүүс боддог ч бодит байдал дээр ийм л байдаг даа.
#003366;">-БИ ӨӨРИЙГӨӨ БАЯН ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВДАГ-
-Одоо та хаана амьдарч байна вэ? Шинэ хүнээр бүл нэмсэн гэсэн...
-Би Ханын материалд хашаа байшиндаа л амьдарч байгаа (инээв. сурв). Шинэ хүн маань долоон сарын 11-нд төрсөн дөө.
-Таныг медаль аваад ирэхэд хамгийн их баярласан хүн хэн байв аа?
-Мэдээж миний ээж.
-Ээж тань хүүгээсээ хол байх гэж үзээд чадаагүй, их хэцүү юм билээ гээд бидэнд ярьж байсан. Хар багаас тань хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан хүн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүн болгон ээждээ хайртай шүү дээ. Би ч ээждээ их хайртай. Ээж минь байхгүй болохоор их эвгүй, гэр хоосроод л, нэг зүйл дутуу санагдаад хэцүү юм билээ. Би төрснөөсөө хойш одоо болтол ээжтэйгээ хамт амьдарч байна.
-Таны хүү одоо хэддүгээр анги вэ?
-Миний хүү одоо тавдугаар анги. Явах болгонд л медаль авч ирээрэй гэж аавдаа захидаг юм. Хүүгийнхээ захиасыг биелүүлж, хүүдээ медальтай ирэхийн зэрэгцээ ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй, эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг. Тамирчид бид чинь ард түмнийхээ сэтгэлийн дэмээр, сэтгэлээс гадна ард түмнийхээ мөнгөөр л уралдаан тэмцээнд явдаг шүү дээ.
-Та гэр бүлийнхээ хүний талаар ярихгүй юу? Та хоёр хэрхэн танилцаж байв аа?
-Манай хүн их даруухан. Бид хоёр бар саванд танилцаагүй ээ (инээв. сурв). Манай хүн тогооч мэргэжилтэй. Тэгээд л хоолыг нь идсээр байгаад дасчихсан даа (инээв. сурв).
-Амжилттай яваа хүний ард ар гэрийнхэн нь түшиж байдаг гэлцдэг. Таны гэр бүлийнхэн таныг хэрхэн дэмждэг вэ?
-Ээж маань намайг сэтгэлзүйгээр их дэмждэг. Бүхий л тэмцээнд оролцох болгонд “Миний хүүмедаль авч чадна” гэдэг.
-Таны ээж “Паралимпийн тамирчид болон миний хүү маш их тэвчээртэй. “Босч чадахгүй өвдөж байхад эм уу гэхэд допинг гарчихна гээд уудаггүй, өмнөөс нь миний бие өвдөх шиг болдог” гэж бидэнд ярьж байсан?
-Тийм ээ. Сэргээш илрэх вий гээд би элдэв эм тан уудаггүй. Амьдралын минь зорилт энэ шүү дээ. Тэмцээн уралдаанд оролцоод явах нь миний ажил, улс надад итгэж байна. Би том хариуцлага хүлээсэн хүн учраас гүрийх ёстой. Хэдий миний булчин өвдөөд, байх суух аргагүй байсан ч тэвчих л хэрэгтэй. Эм тан уулгүй аль болох дасгал хийж, түүгээрээ эмчлэхийг хичээдэг. Би өөрөө айлын ганц хүү. Ээж надад амьдрал бэлэглэж, гарыг минь ганзагад, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн. Бусад айлын хүүхдүүд шиг баян чинээлэг болгоогүй ч ухаанаар намайг баян болгож хүмүүжүүлсэн. Тийм болохоор би өөрийгөө баян хүн гэж бодож явдаг.
#003366;">-ТӨМӨР ӨРГӨХ ТООЛОНДОО БИ САХИУСУУДТАЙГАА СЭТГЭЛ
ЗҮРХНЭЭСЭЭ ХОЛБОГДДОГ-
-Энэ удаагийн паралимпийн тамирчдыг сэтгэлзүйчтэй ажиллаж байсан гэсэн. Хэрхэн ажиллаж байв аа?
-Би Долгор доктортой хоёр удаа уулзаж байсан. Долгор доктор намайг “Чи өөрөө сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй, өөрөө өөрийгөө аваад явчих боломжтой. Сэтгэлзүйн тест чинь гарсан. Тиймээс чамд санаа зовох зүйлгүй” гэдэг юм.
-Тэгвэл та өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн авч явж байв аа? Монголын ард түмэн бүгд харж байна, хүлээж байна гэсэн сэтгэлийн хөдлөлүүдээ дарж, зөвхөн тэмцээндээ анхаарал төвлөрүүлэх хүнд биз?
-Сэтгэлзүйгээ зохицуулна гэдэг хамгийн хэцүү асуудлуудын нэг. Миний онгод шүтээн миний ухаан санааг эргэж, зам мөрийг минь тэгшилж, ухааныг минь саруул болгож өгдөг. Төмөр өргөх тоолондоо би сахиусуудтайгаа сэтгэл зүрхнээсээ холбогддог.
-Та гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Гаргасан амжилт болгоноороо бахархаж, сэтгэл хангалуун байдаг.
-Тэнд байхдаа Монголд ирээд ирээдүйгээ хэрхэн өөрчлөгдөх талаар төлөвлөж, төсөөлж байсан болов уу?
-Монголдоо ирэхийг маш их яарч, яагаад ч юм гэрийнхнээ маш их санаж байсан. Хүний нутагт хөгжилтэй сайхан ч гэсэн өөрийн нутгийг яаж гүйцэх вэ дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэндээс медаль авчихаад бодож, төсөөлж, хүсэн хүлээж байсан зүйлс амьдрал дээр биелсэнгүй.
-Одоо та сонгосон замдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ яг энэ амжилтад хүрэхэд амаргүй ээ. Сэтгэлийн тэнхээ, хатуужил, амжилтад хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэй. Спортын амьдрал хатуу шүү дээ.
...Риогийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон #c0c0c0;">тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн. #c0c0c0;">Өнөөдрийн байдлаар медаль хүртсэн бусад гурван тамирчинд аймаг, сумынх нь нутгийн зөвлөл, томоохон пүүс компаниуд байр, машинаас эхлээд бишгүй олон зүйлийг бэлэг болгон хүргүүлэв. Гэвч паралимпийн хүрэл медальтан, ОУХМ Э.Содномпилжээд энэ мэт зүйлс ирсэнгүй.
#003366;">Манайхан найрааныхаа начинд байр өгч, уначихаад уйлдаг бөхийг аргадах гээд машин бэлэглэчихдэг бэлтэй улс. Гэтэл дэлхийн хамгийн том спортын наадамд оролцож, эх орон нутаг усныхаа нэрийг дуурсгаж, медаль хүртээд ирсэн тамирчин хоосон суугаа нь харамсалтай.
Хамт явсан, амжилт гаргасан найзууд нь шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авсан тухай сайхан мэдээнүүд ар араасаа цуварсаар байна. Энэ сайхан мэдээнүүдийн араас Э.Содномпилжээ ч мөн сайхан мэдээгээ дуулгана гэдэгт бид итгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ