Улс төрийн ТОП шуугиан

Хуримын зар шиг олныг шуугиулах ч хуралдаж өгдөггүй АН-ын ҮЗХ энэ удаа яг хуралдах гэж байна. Сүүлийн хоёр өдөр телевиз, хэвлэлээр тус намын голлох хүмүүс болон шинэчлэлийн нэрийг өмчилж авсан талынхан ТВ хэвлэлээр том хэмжээний ярилцлага өгч буйгаас харахад хурлын уур амьсгал дүрмийн төсөл хэлэлцээд тарчихгүй бололтой.
Шинэ даргын тамганд зүтгэж буй бараг бүх нэр дэвшигчид Л.Болд, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар бараг бүгд шил дараалан ярилцлага өгч өөрийн ялгарах онцлогоо ярьцгаалаа. Гэхдээ энэ нам шинэчлэгдэж дахин улс төрийн тавцанд гарах хөрс бүрдсэн гэх онцлох шинж тун бага харагдана.
ҮЗХ болох хүртэл АН-ын дотоод амьдрал бужигнаан талцаан ихтэй байгааг харуулсан үйл явдал багагүй өрнөлөө. Хамгийн сүүлд экс дарга Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх сонгуульд нэр дэвшихээ “хариуцлагатай” мэдэгдсэнээр энэ намын дарга төдийгүй Ерөнхийлөгчид сойлгонд зогсох хүмүүсийн тоо багц нэмэгдсээр байна. Гэвч нэг намаас нэг л хүн нэр дэвших тул ширүүхэн юм болох нь тодорхой.
Энэ оны сүүлээр тов нь гараад байгаа Намын их хуралдаа олон жирийн гишүүд найдвар тавьж буйгаа илэрхийлж байгаа. Түүний наана болох ҮЗХ ээлжит Их хурлын өнгийг илэрхийлнэ гэж ажиглагчид хүлээж байна. Гэхдээ ҮЗХ-ны одоогийн бүрэлдэхүүний хуучин арга барилаар Намын даргад нэр дэвшүүлж, дүрмээ өөрчлөх нь ёстой хэлбэрийн төдий шинэчлэл болно гэдэг дээр АН-ын залуу үеийнхэн, шинэчлэлийн онолчид нь хатуу байрь суурьтай байна.
Одоогийн нэр дэвшигч нарыг нь харахад архаг хууч өвчнөө тээж мэдэх хамгийн хурц шинж тэмдэг нь бараг бүгд л нэг нэг том том фракцийн элч байсан, тохироо бонусаар сайд даргын суудал авч байсан эрхмүүд байна. Монгол улсдаа дээрээсээ тавд орох Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа өгч Намын даргад өрсөлдөхөө зарласан П.Цагааныг эс тооцвол бусад нь нэг ёсны фракцуудын хамгийн нөлөөтэй итгэмжит элч нар байсан гэж болно.
Ийм нөхцөлд дээрх нэр дэвшигчид бүгд л мэдрэмжтэй загнаж “надад фракц шиг хэрэггүй юм байхгүй,... би бэлтгэсэн улс төрч, лидер” гэж мэдэгдэж байгаа ч арын нөхөд нь атганаасаа амархан тавина гэж төсөөлөхөд одоогийн хөрсөн дээр буухгүй байгаа юм. Их хурлын дуулианаар зарим фракц тарлаа, буулаа гэж анхаарал татан өөрийн кандитатаа чөдрөөс салгах “ажиллагаа” ч явуулж үзсэн.
Гэвч фракцууд зүгээр нэг мэдэгдэл, дүрмийн өнгөцхөн өөрчлөлт төдийхнөөр тараад явчихгүй гэдгийг улс төрийн тогоонд байдаг АН-ын олон хүн мэдэрч байгаа. Тэгээд ч АН-ын шинэчлэлийн залуус Их хурлаасаа өмнө бүх фракц задарсан байх ёстойг хэлж байна.
Үнэхээр АН–ынхан ялагдлынх нь нүхийг ухсан фракцын амбицгүй болж, түүхэн Их хурлаа хийж, шинэ лидерээ ардчилсан журмаар өрсөлдүүлэн сонгож чадах уу гэдэг нь одоо болох урт хүлээлттэй ҮЗХ-ны хурлаас мэдрэгдэнэ.
Энэ улс оронд нэг намын дарангуйлал биш гэхэд хэлбэр арга барил тогтон бэхжих тун ойрхон байгаа энэ үед АН шинэчлэгдэж, ардчилагдаж чадах эсэх нь манай улс төрийн амьдралын анхаарлын төвд байх, яах аргагүй ТОД сэдэв хэвээр байна.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ