Доналд Трампын Азид явуулах бодлого
Доналд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тэрээр ирэх дөрвөн жил ямар бодлого барих бол гэдгийг улс орнууд дор бүрнээ тунгааж буй нь лавтай. Хоёр сар гаруйн хугацааны дараа тэрээр албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа авна. Түүний бүрэн эрхийн хугацаа эхэлснээр АНУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь бодлогод хамгийн их өөрчлөлт гарч магадгүй гэж Японы Тэмпил их сургуулийн Ази судлалын тэнхимийн дарга Жефф Кингстон үзэж байна. Тэрээр Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Азид хэрхэн нөлөөлөх тухай ийн бичжээ.
Япон
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-тай харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсч буй. Маргааш Перуд болох АПЕК-ын орнуудын уулзалтаар Шинзо Абэ Д.Трамптай уулзах бөгөөд тэрээр Д.Трамптай уулзсан Азийн анхны удирдагч болох юм. Тус уулзалтаар Япон АНУ-тай улс төрийн холбоогоо улам батжуулах, сайжруулах талаар ярилцах аж. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трамп Япон, Солонгос хоёр бол АНУ-ын хамгийн хүчтэй холбоотнууд гэдгийг нэг биш удаа хэлж байлаа. Түүнчлэн Хойд Солонгос хэд, хэдэн удаа цөмийн туршилт хийгээд байгаа энэ үед Япон улс АНУ-ын тусламжтайгаар Хойд Солонгосоос өөрийгөө хамгаалах талаар ярилцаж буй. Тиймээс Д.Трамп энэ саналыг нь дэмжих болов уу гэж ихээхэн хүлээлттэй байгаа хэмээн Жефф Кингстон үзжээ. Япон улс Д.Трампын хойд Солонгосын талаархтөлөвлөгөөг мэдэхийг хамгийн их ихээхэн хүсч байгаа юм. Харин Д.Трампын хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахдаа таатай байх болно хэмээн хэлж байсан билээ.
Хятад
Доналд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр АНУ, Хятадын худалдааны бодлогын талаар шүүмжлэлтэй ханддагаа ил тод мэдэгдсээр ирсэн. Тэрээр Ерөнхийлөгч Барак Обамагийн байгуулсан Ази-Номхон далайн орнуудын Эдийн засгийн хамтын ажиллагааны бүтцийг сайшаахгүй байгаа хэлж байсан удаатай. Хэрэв Доналд Трамп Хятадын үйлдвэрүүд, худалдааны бодлогоос нүүр буруулж эхэлвэл цаашид дэлхийн эдийн засагт хүндээр тусна хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Харин Хятадын шинжээчдийн зүгээс Д.Трампыг хоёр дахиа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой ч байж мэднэ хэмээн тооцоод дараагийнхаа ялалтын төлөө бодлогогүй алхам хийхгүй байх гэж найдаж байна. Мөн АНУ-д Д.Трампыг эсэргүүцэгчид газар аваад буй энэ үед Д.Трамп Ерөнхийлөгчийн албаа аваад юун түрүүнд дотоод асуудлаа шийдэхэд анхаарах учир Хятадын өмнөд тэнгисийн асуудалд оролцохгүй байх гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост Ерөнхийлөгч Пак Гын Хэ улс даяар иргэдийнхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа учраас Д.Трамптай ойрын хугацаанд уулзаж завдахгүй л болов уу. Нийслэл Сөүлд сая орчим хүн жагсаал хийж, Пак Гын Хэгийн туслахуудыг баривчилж, өөрийг нь энэ долоо хоногоос шалгаж эхлээд буй билээ. Гэхдээ Өмнөд Солонгос бол АНУ-ын хамгийн ойрын түншүүдийн нэг гэдгийг мартаж болохгүй. Өмнөд Солонгост АНУ-ын 28 мянга 500 цэрэг, дайчин байрладаг бөгөөд цаашдаа пуужингаас хамгаалах "THAAD" системийг ч АНУ-тай хамтран өмнөд Солонгост байршуулахаар ярилцаж буй билээ. Гэхдээ П.Трамп Өмнөд Солонгосын найдвартай ар тал болж, хамгаалж байдагийнхаа хувьд АНУ тэднээс төлбөр авах ёстой гэсэн санаагаа өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан.
Филиппин
Филиппиний хэл амтай Ерөнхийлөгч Дутерте одоогийн Ерөнхийлөгч Барак Обаматай харилцаа сайнгүй байгаа ч ч Д.Трамп сонгогдсоноор АНУ, Филиппиний харилцаа хэвийн үргэжлэх болов уу хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Учир нь, Д.Трамп Дутертегийн явуулж буй хар тамхины дайныг буруутгахгүй байгаа нь Филиппиний Ерөнхийлөгчид таатай санагдсан аж. Тэрээр мөн Д.Трампын бизнесийг сайшаадгаа хэлж байсан юм. Ямартай ч Д.Трамп Ерөнхийлөгч болох үед АНУ, Филиппиний харилцаа дахин сэргэх магадлал өндөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ