Д.Цэвээнжав: Жилдээ 7-8 тэрбум төгрөгийг иргэдэд олгодог

“Тэнгэр хол, газар хатуу цагт даатгал ойрхон” гэж үг байдаг.
Манай улсад даатгалын байгууллага үүсээд 80 гаруй жилийн түүхийг бичсэн байгаа . Харин албан журмын даатгал буюу жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжээд тавхан жил болж байгаа. Гэхдээ нийт жолооч нарын 96 хувь нь хариуцлагын даатгалдаа хамрагдсан байгаа нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт юм байна. 800 мянга гаруй автомашины жолооч нарын хариуцлагын даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг ханган оролцож ажиллаж байгаа Албан Журмын Даатгагчдын Холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав-тай таван жилийн үйл ажиллагааных нь талаар ярилцлаа.
-Ярилцлагаа уншигчдад “жолоочийн хариуцлагын даатгал”-ын тухай товчхон хүргэж эхэлвэл ямар вэ?
-Манай байгууллага ашгийн бус байгууллага. Ямар нэгэн ашиг орлогын хойноос хөөцөлдөөгүй. Хуулийн гол агуулгыг төрөөс батлахдаа ард иргэдийг маань хохиролоос урьдчилан сэргийлэх, ялангуяа эдийн засгийн хохиролыг нь тухай бүр барагдуулах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх зорилго тавьсан. Энэ зорилгыг ханган биелүүлэхэд бидэнд иргэдийг ойлголт, мэдээлэлтэй болгох явдал чухал байгаа юм. Ер нь “жолоочийн хариуцлагын даатал”-ыг ингэж олон нийтэд сургалт зэрэг янз бүрийн хэлбэрээр өргөн хүрээтэй сурталчилсаны ач холбогдол энд харагдаж байгаа юм. Монгол улсад даатггалын салбар хөгжөөд 83 жил болсон боловч даатгал татвар хоёр ямар ялгаатай юм бэ гэдгийг хүмүүс бараг ялгаж мэдэхгүй. Даатгал гэдэг нь ерөөсөө ямар нэгэн арга саам хэрэглэж мөнгө аваад эргээд бидэнд ашиг тус байдаггүйгэсэн ойлголттой байсан. Тэгвэл “жолоочийн хариуцлагын даатал”-ын тухай хууль батлагдаж гараад 5 жил болж байна. Энэ 5 жилийн хугацаанд бид мэдээллийг олон хэлбэрээр иргэдэд түгээсний үр дүнд “жолоочийн хариуцлагын даатал”-д хамрагдвал зохих хүмүүс 96%хүрч хамрагдсан байна. Энэ бол 60 гаруй жил хөгжсөн бусад хөгжингүй улс орнуудын түүхээс давсан амжилт л даа. Бидний эцсийн зорилго бол ерөөсөө л олон нийтэд “жолоочийн хариуцлагын даатгал”-ыг сурталчилж ойлгуулах, зам тээврийн ослыг бууруулахтай холбоотой мэдээлэл өгөх, анхааруулах чиглэлийн сургалт сурталчилгааны ажил юм. Даатгалын компаниуд манай гишүүн байдаг. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, хуулийн байгууллагын өмнө тэднийг өмгөөлж хамгаалах үүрэгтэй. Гэхдээ даатгалын компаниудын зөв үйл ажиллагааг хуулийн байгууллагад ойлгуулж хамгаалдаг. Тэрнээс биш хүнд суртлын ч гэдэг юмуу хүнийг хохироож байгаа ажлыг өмгөөлж хамггаалахгүй. Харин тийм тохиолдлыг нь анхааруулж даатгуулагчийг хамгаалах жишээтэй.
-“Жолоочийн хариуцлагын даатал” даатгалын онцлог юу вэ?
- “Жолоочийн хариуцлагын даатгал” бол өргөн агуулгатай даатгал. Нэг өрх айл байлаа гэхэд дор хаяж нэг машинтай, магадгүй нэг мотоциклтой ч юмуу байдаг. Тэр өрх айлд гураваас доошгүй хүндээд тал нь 15 ам бүлтэй байдаг. Нэг машин нэг мотоциклын цаана тэр бүх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Энэ утгаараа зөвхөн замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслээ жолоодоод орж байгаа хүн гэдгээр нь авч үзэж болдоггүй. Бүтэн гэр бүлээр нь хамруулах юм бол Монголын нийгэмд хүрч үйлчилдэг өргөн агуулгатай даатгал юм. Ер нь олон улсын практикыг үзсэн ч тээврийн хэрэгсэлтэй холбогдсон даатгал нь илүү сайн хөгжиж, бусад даатгалаа урагш нь татаж авч явах хандлагатай байдаг. Тийм ч учраас манай “Жолоочийн хариуцлагын даатал” үнэн хэрэгтээ даатгалын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхэлсэн. Даатгалын салбарын жилийн нийт орлого 80 тэрбум гаруй төгрөг байдаг. Гэтэл “жолоочийн хариуцлагын даатал” -аар орж ирж байгаа мөнгө нь 24 тэр бум хүрч байна. Тавхан жилийн дотор нэг жилд олж байгаа хэмжээ нь ингэж өслөө. Өөр нэг тоо баримт дурдвал: 2012 онд энэ даатгалын ажил хэрэгжиж эхэлсэн. Ингээд 2012 оны эцэс гэхэд улсын хэмжээгээр 300 мянга орчим тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдаж байлаа. Тэгвэл энэ оны эцсийн байдлаар гэхэд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдаад байна.
-Даатгалын нөхөн олговрын талаар дурдвал?
-Хамгийн чухал нь юу вэ? гэхээр намайг хохироход миний хохиролыг нөхөн олгосон уу үгүй юу гэдэг нь иргэн хүнд хэрэгтэй байдаг. Нөхөн олговрын хэмжээ жилд дундажаар 8 тэрбум гаруй төгрөг, жилд 7-8 тэрбум төгрөгийг ард иргэдэд олгож байдаг. Энэ л тэр хүний хувьд сэтгэл ханамжийг нь илэрхийлэх зүйл. Бид цаашдаа энэ хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавина. Гэхдээ нэмэгдүүлнэ гэдэг маань зам тээврийн ослын тоог аль болох бууруулах ажил өрнүүлнэ гэсэн үг. Осол буурна гэдэг чинь гарах хохирол багасна гэсэн үг. Хохирол багасах нь бизнесийн байгууллага гэдэг утгаараадаатгалын салбарт хэрэгтэй. Гэхдээ бидний зорилго бол нэг хүнд олгож байгаа хэмжээгээ нэмэгдүүлэх замаар буюу цаашдаа ард иргэдийн амжиргаанд ньэрсдэлийг 100% нөхөж хаадаг зарчим руу явна.Энэ талаас нь зохих нэмэлт өөрчлөлтүүдийг хуульд оруулах хэрэгцээ байгаа. Өнөөдөр хүний амь нас ямар үнэтэй вэ? Даатгалаас хүний амь насанд 4-8 сая төгрөг л өгөх хуулийн заалт байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол тэр хүний амь насны өчүүхэн хэсгийг ч нөхөхгүй шүү дээ. Ийм болохоор бид үүнийг бусад улс орны жишиг хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх зарчмыг баримтлана. Нөгөө талаар тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүст олгож байгаа тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм байдлаар даатгалын ач тусыг анхаарч үзнэ. Өнөөдөр даатгалыг төрөөс заавал хийлгэж байгаагийн учир холбогдлыг өргөн хүрээнд харж ойлгож байна. Цаашдаа ард иргэд өөрийнхөө хариуцлагыг бүрэн ойлгоод ирсэн цагт үүнийг төрөөс заавал хийхийг шаардахгүй. Албан шахалтын биш сайн дурын даатгалын хэлбэр рүү шилжих ёстой юм. Үүнд мэдээж тодорхой хугацаа шаардагдаж таарна. Иргэдийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага хэр сайжрахаас хамаарч энэ хугацаа хэзээ вэ гэдэг нь шийдэгдэх байх.
-Даатгалын байгууллагууд үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Манай даатгалын компаниуд мэдээж бизнесийн байгууллага. Өөрийнхөө ашиг орлогыг бодолгүй яахав. Бизнес утгаар нь хариуцлагын даатгалыг цаашдаа авч явж болохгүй. Энэ бол цэвэр нийгэмд үйлчлэх, нийгмийг нэгдүгээрт хариуцлагажуулах, нөгөө талаар зам тээврийн ослын гэнэтийн тохиолдлын үед бий болсон, ард иргэдэд учирсан хохирлын эдийн засгийн эрсдлийг нь хааж өгөх талаас нь цаашдаа авч үзнэ гэдэгт итгэж байна.
-Хэрвээ “жолоочийн хариуцлагын даатгал”-гүй иргэн зам тээврийн осол гаргавал яах вэ?
-Манай холбоо нөхөн төлбөр олгох ажил дээр нэгэн зарчмын үүрэг хүлээдэг. Энэ нь юу вэ гэвэл даатгагдсан хүмүүсийн хувьд даатгалын компаниараа дамжаад хохирлоо нөхүүлэх үйл ажиллагаа нь явагддаг. Гэтэл хуулийг санаатай ч гэх юмуу хайхрамжгүй байдлаасаа ч гэх юмуу хэрэгжүүлээгүй, даатгалгүй этгээд замын хөдөлгөөнд оролцож яваад хохирол учруулах тохиолдол байсаар байна. Тийм тохиолдолд гуравдагч этгээд буюу иргэнд бий болсон хохиролыг өнөөдөр төрийн нэрийн өмнөөс манай холбоо олгож байна. Ер нь бол даатгалгүй этгээд ийм юм хийсэн нь сайн гээд орхиж байгаа юм биш. Цаана нь хохирч байгаа тэр иргэн хүний хохиролыг шуурхай барагдуулах, эрсдэлийг түргэн хаах зорилгоор төрийн нэрийн өмнөөс манай холбоо нөхөн олговор олгож байгаа юм. Харин хохирлыг буруутай этгээдээс бид буцааж нэхэмжлэн авч байгаагаараа онцлог юм. Жилд дунджаар 150 сая гаруй төгрөгийг 50 гаруй ийм тохиолдол өгч байна. Өөр нэг асуудлаар бидэнд хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдвал зохих хүмүүсийн статистик мэдээллийг нэгтгэж гаргах. Үүнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч жолоочийн мэдээллээс гадна бас иргэн хүний мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг манай даатгалын компани, зуучлалын байгууллагууд ашиглаж даатгалын гэрээг хийж байгаа. Бид энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд МИИС гэдэг онлайн систем боловсруулж мөрдөөд ажиллаж байна. Үүний ачаар Монгол улсын зах хязгаар хаана ч байсан иргэний мэдээллийг даатгалын компани, зуучлагч нар онлайнаар шууд мэдээллээ аваад даатгалын гэрээгээ хийдэг болсон. Үүний нөгөө талд хүмүүсийн хариуцлагын асуудлыг хамт багтааж байгаа. Жишээлбэл: Тухайн гэрээг хийхээр орж ирсэн хүн өмнө нь зам тээврийн осол гаргаж байсан уу, үгүй юу гэдгийг манай системээс олж харсанаараа тухайн хүний итгэлцүүр болоод тухайн жилд төлөх хураамжийн хэмжээг нэмэгдүүлдэг. Хэрвээ осол гаргаагүй “сайн” жолооч бол хураамжийн хэмжээ нь 5 хувиар багасаад явна. Энэ сүлжээний ачаар даатгагч, зуучлагч нарын үйл ажиллагаа хөнгөн шуурхай болсон бөгөөд өнгөрсөн 5 жилийн манай ажлын нэг том үзүүлэлт юм.
-Хөдөө орон нутагт даатгалын хууль, даатгалын үйлчилгээ хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?
- Бидний гурав дахь үүрэг бол даатгалын тохиолдлын газар дээр шуурхай очиж үйлчилгээ үзүүлдэг шуурхай алба ажиллуулдаг. Манай шуурхай алба бол даатгалгүй этгээд зам тээврий осолд холбогдсон бол тэр газар дээр очих үүрэгтэй. Гэтэл даатгалын компаниуд маань бас хараахан дэгжиж чадаагүй байгаатай холбогдоод орон нутагт ажиллаж буй манай бүх салбарын хүмүүс орон нутгийн дуудлагыг хариуцдаг. 5 даатгалын компани өөрсдөө дуудлагаа хариуцаад явж байгаа. Бусад 11 даатгалын компаний хөдөө орон нутаг дахь шуурхай албаны үүргийг манай орон нутгийн салбар гүйцэтгэж байна. Ер нь шуурхай албаны үйлчилгаа бол маш хэрэгтэй. Нийслэлд бас манай алба гэрээгээр үйлчилж байсан. Одоо “Авто Сос” гэдэг компани чадавхжиж бие даан ажиллаж байна. Уг компанитай бид санамж бичиг үйлдээд үйл ажиллагааг нь дэмжиж ажиллаж байна. Дээр дурдсан МИИС системээр дамжуулж Монголын хаана ч гарсан аваас осол дээр хохирлын үнэлгээг хийлгэх ажлыг онлайнаар татаж аваад нийслэл дэх мэргэжлийн хүмүүсээр нь хийлгээд буцаагаад явуулдаг ажиллагааг бэлэн болгож чадсан. Гэхдээ хохирол үнэлгээчид маань хараахан үүнийг ашиглаагүй л байна. Шуурхай албаны үйл ажиллагаа статистик мэдээлэл талаасаа нэгтгэж дүгнэлт хийх ажил дээр хараахан зорилгоо хангаж чадаагүй байна. Энэ ажил цаашдаа боловсронгуй болно гэж бодож байгаа.
Орон нутагт мөн 21 салбар ажиллаж байна. Төвдөө 15 албан хаагч ажиллаж байна. Ийм цомхон орон тоо бүтцээр “жолоочийн хариуцлагын даатгал”-ыг хэрэгжүүлж байна. Ер нь хариуцлагын даатгал цаашдаа өргөжнө. Олон улсын практикаар ч тийм байна, Монгол улсын төрийн бодлого ч тийм. Тэгэхээр хамгийн анхных болох жолоочийн хариуцлагын даатгалын суурь баазыг зөв тавьж, зохион байгуулалтыг нь сайн хийж өгсөнөөр дараагийн хариуцлагын даатгалууд ар араасаа саатахгүйгээр хөгжүүлэх боломжтой болно. Энэ бааз суурийг их зөв тавьсан гэж үзэж байна. Одоо манай улсад өмгөөлөгчийн хариуцлагын даатгал, эмчийн хариуцлагын даатгал, эмчилгээний хариуцлагын даатгал, барилгын материалын чанарын даатгал гэх мэт хариуцлагын даатгалууд ар араасаа бэлтгэгдээд явж байна.
-Та түрүүн Жолоочийн даатгалын тухай хууль батлагдаж мөрдөөд 5 жил болж байна гэж хэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаад явж байгаа оролцооны байгууллагын хувьд таны дүгнэлтээр энэ хуульд алдсан ч юмуу засчихаар зүйл байдаг уу?
-Дээр хэлсэнчлэн жолоочийн хариуцлагын даатгалыг хөгжүүлээгүй улс бараг байдаггүй. Харин Монгол улс энэ тал дээр оройтож эхэлсэн. Хэдий оройтсон ч бид энэ хуулийг боловсруулахдаа бусад улс оны баялаг туршлага, хуулиа боловсронгуй болгосон хувилбарыг өөрсдийнхөө хөрсөн дээр сайн буулгасан. Тиймдээ ч манай хууль бол харьцангуй боломжийн хууль. Өнөөдөр нэг яригдаж байгаа зүйл бол зам тээврийн осол болоход хүний эд хөрөнгө, машин техник эвдрэхээс гадна хүний эрүүл мэнд хохирдог. Тэгэхээр энэ хуулинд дутуу анхаарагдсан зүйл бол хүний эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг яаж нөхөх вэ? Түүнийг хаанаас яаж гаргах вэ гэдэг асуудал юм. энэ асуудал арай ойлгомжгүй бүдэг, дутмаг байгаа. Үүнийг эхний ээлжинд авч үзэх ёстой. Хэрэгжүүлж байгаа даатгалын компаниудын хувьд хураамжын хэмжээг нэмэгдүүлэх санал их байдаг. Харин миний санал бол хураамжийг нэмэгдүүлэхдээ биш. Энэ бол арай өөр агуулгатай даатгал учраас төрийн бодлоготой санал нэг байдаг.
-Ерөнхий боловсролын сургалтад даатгалын тухай мэдлэг өгдөг байвал ямар вэ?
-Маш чухал асуудлыг хөндлөө. Монгол улсад иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх том хөтөлбөр гаргасан юм. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Банк тэргүүлэх үүрэгтэйгээр мөн засгийн газар, боловсролын яам, Дэлхийн банк, ОУСБ –ууд ч дэмжлэг үзүүлэн оролцсон. Гэр бүлийн санхүү, иргэн хүний санхүү, яаж орлого олж хэрхэн зарцуулах вэ гэдэг агуулгатай хөтөлбөр юм л даа. Энэ асуудлыг анхаарч санхүүгийн боловсрол дотор даатгалын боловсролыг оруулах саналыг бид Монгол Банкинд тавьсан. Уг хөтөлбөрт оролцогч гишүүдийн чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Уулзалтанд яг үүнийг би ярьсан. “Жолоочийн хариуцлагын даатгал”-ыг сурталчилж бид бүхэл бүтэн кольцо систем бий болголоо. Манай энэ арга туршлагыг улам дэлгэрэнгүй болгоод, ард иргэдэд энэ сургалтыг явуулаач. Өрх гэрийн санхүү, хувь хүний санхүүгийн зэрэгцээгээр даатгалын боловсролыг бүлэг болгож оруулж өгөөч гэдэг саналыг тавьсан. Ингээд тус хөтөлбөрт багтааж чадсан. Одоо сургалтын том хөтөлбөр бэлэн болсон байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүүхдэд нээлттэй сургалт явуулах мөн тодорхой бүлгүүдэд хандсан сургалт явуулах хөтөлбөрт “жолоочийн хариуцлагын даатгал”-ыг суулгаж чадсан. Үүний ач холбогдол асар их. Хүмүүст мөнгө ол, олсон мөнгөө зарцуул гэдэг нь амархан яриа. Даатгал гэдэг бол би 10 төгрөг төлчихөөд арван сая төгрөг авах боломж шүү дээ.
-Гэр бүл гэдэг санаа их зөв байна л даа. Нэг машины ард өрх гэрийнхэн бүгд байгаа шүүдээ. Онлайны тухай тодруулъя. Үнэлгээний асуудал маш их хэл амтай байдаг. Өндөрхөн үнэлүүлээд өг гээд 20 цаас ил далд хавчуулдаг гэх яриа ч байдаг.
-Онлайн системийн хувьд цаана нь Дорж байна уу, Дулмаа байна уу ерөөсөө харагдахгүй. Жишээлбэл Дархан-Уул аймагт гарсан зам тээврийн ослын материалыг замын цагдаа болоод манай салбарын ажилтан бүрдүүлээд онлайнаар наашаа манайх руу бүртгүүлнэ. Манайх тэрнийг нь аваад хохирол үнэлэгчдийн холбооноос манайхтай холбогдсон хэдэн үнэлгээчин байна, тэр хүмүүс рүү материалаа сүлжээгээр хүргэнэ. Тэд үүнийг харж байгаад энэ хохиролыг манайх хариуцъя, энийг танайх хариуц гээд 2-3 компани үнэлгээ хийгээд үзнэ. Эхний үнэлгээ 1,2 сая, нэг нь 1,5 сая нөгөө нь 2,0 сая байж болно. Ингээд нөгөө саналуудыг буцаагаад бид орон нутаг руу нь явуулна. Нөгөө хохирсон хүн саналуудыг үзээд арай илүү өндөр үнэлгээтэйг нь сонгоно биз дээ. Гэтэл нөгөө хохиролыг бас буруутай этгээд төлнө. Тэр хүн нь бас хяналт тавина. Энэ бол манайхаар дамжуулсан тохиолдолд. Харин даатгалын компаниар дамжуулвал арай өөр. Ингээд сонголт хийх боломжийг хохирогчид олгож байгаа юм.
-Энэ систем тэгээд практик амьдралд хэр бууж байна?
-Энэ бол маш хялбархан. Улаанбаатарт хохирол үнэлгээний 15-16 компани байгаа болохоос биш хөдөө орон нутагт байхгүй. Одоо Өмнөговь аймагт 1, Орхон аймагт 1 “Ашид билгүүн” гэдэг компани ажиллаж байна. Тэр орон нутгийн хүмүүсийн эрх ашиг хохирч байгаа. Тэдэнд туслах зорилгоор үнэ төлбөргүйгээр өөрсдөө боловсруулаад програм бэлдчихсэн юм. Харин хэрэгжүүлэхгүй байгаагийн цаана өөр сонирхол байхыг үгүйсгэхгүй. Манайд хандахгүй л байгаа.
-Иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж үүнийг ашиглах ёстой юм байна.
-Манай орон нутагт байгаа салбар дээр очоод уулзахад л бүх зүйл ойлгомжтой, сүлжээг ашиглаж үйлчилгээ авах боломж байгаа. Бид тэр хүнээс 1 төгрөг ч авахгүй.
-Нөгөө даатгалд хамрагддаггүй үлдсэн 4 хувьд ямар хүмүүс байдаг бол?
-Монгол улсын хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Гэхдээ 170 мянга орчим тээврийн хэрэгсэл элэгдээд байхгүй болсон. Сэлбэгэнд явчихсан, айлын өвөлжөөнд хэвтэж байгаа. Тэд даатгалд ордоггүй 4 хувьд тэднийг оруулж тооцох боломжгүй. Бүртгэлээс хасуулах гээд очихоор татвархураамж нэхэж таарна. Тэгэхээр хасалт хийлгэхээ болиод буцдаг. Үүнийг судалж, татварын өршөөл үзүүлэх замаар бүртгэлээс хасаж цэгцлэх ажил хиймээр байгаа юм. Жилд 50 гаруй даатгалгүй жолооч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгуулдаг. Манай ажилтнууд замын цагдаатай хамтарч даатгалгүй жолооч нарыг тогтоох ажил хийж байгаа.Үүний нэг нь камерийн хяналт юм. Камерт орж ирж байгаа машинууд даатгалтай, даатгалгүй гэдэг талаарх мэдээлэл давхар харагддаг болох систем. Энэ ажил руу орох гэж байгаа.
Ярилцсан П.БАЯР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ