Энэ талаар хэлэх үү, байх уу...

“Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр”, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх мэт хэлц үгс бодит байдлаас гарч ирсэн байж таарна. Ерөнхийдөө бол хүний хэрэгт хушуу бүү дүр гэсэн утгатай. Үүнийг уншсан Таныг бусдын асуудлыг шийдэхэд туслах бус асуудлаас зугтахад хүргэх вий гэж эмээв. Тэгэхээр энэ талаар хэлэх үү, байх уу...гэж хэсэг эргэлзлээ.
Уг нь хүний сайхан сэтгэл, хүн чанар, тусч зангийн үүднээс авч үзвэл хэн нэгний хохирлыг гэрчлэх нь шударга үйл хэрэг. Гэтэл хүмүүс гэрч болохоос зайлсхийх, үнэн мөнийг тайлбарлахаас залхах, айх, тээршаах явдал нэлээд байдаг байна. Энэ хэрэг явдлын талаар холбогдох газарт нь хандаж хэлэх үү, байх уу гэсэн эргэлзээ дийлэнх хүмүүст байдаг. Тэгвэл яагаад хүмүүс ийм байдалд ордог вэ?
Жишээ дурдъя. Нэгэн архичин гудамжинд ухаангүй унасан байсныг харсан эмэгтэй цагдаа, түргэнд дуудлага өгчээ. Унасан хүн нас барсан байж. Харин анх дуудлага өгснөөрөө өнөөх эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгч, улмаар дахин дахин дуудагдах болсон бөгөөд үүнээс залхаж, дахин ийм юманд орооцолдохгүй хэмээн ярьж байв. Мөн айлын гэрээс их хэмжээний утаа гарч байсныг харсан настай эмэгтэй галын дуудлага өгснөөрөө мөн гэрч болжээ. Түүн дээр цагдаагийн алба хаагчид хэд хэдэн удаа ирж тайлбар авч байснаа сүүлд нь цагдаагийн хэлтэс дээр очиж дахин тайлбар өгч, гарын үсэг зурах ёстой гэсэн аж.Мөн л тээршааж эхэлжээ. Энэ мэтчилэн адгийн зарга 10 хоног гэгчээр байн байн цагдаагийн байгууллагатай холбогдож явахаас иргэд залхдаг, тээршаадаг аж. Энэ бол бараг өдөр тутамд үзэгдэх дүр зураг.
Тэгвэл бусад гэмт хэргийн тухайд асуудал бүр хүндэрнэ. Нийгмийн хамгийн хүнд сэдэв болсон гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ярьвал бүр ч төвөгтэй. Энэ төрлийн хэргийн гэрч болохыг хүн тэр болгон хүсээд байхгүй нь лав. Доржийн эхнэр хүчирхийлэлд автсаныг, эсвэл байнга хүчирхийлэлд автдаг Дулмаагийн тухай хуулийн байгууллагад мэдэгдэх Бат, Цэцэгээ нар тийм ч олон байхгүй болов уу. Гэрчиллээ гэхэд ард нь ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн хувьд айдастай, тодорхой хэмжээгээр дарамттай болно. Хүчирхийлэгч этгээд болон түүний ар гэр, найз нөхөд эсрэг талаас хов хүргэсэн хүнийг “сайн байна” гэж толгойг нь илэхгүй нь мэдээж. Тэдний зүгээс ямар нэгэн муу зүйл хийхгүй байлаа ч “айхгүй ч гэсэн аягүй” гэдэг шиг гэрч таагүй байдалд орно. Уг нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий таван байгууллагын нэгд Тахарын алба гэж байсныг татан буулгаснаар хамгаалалтын нэг бамбайг аваад хаячихсан. Гэрч, хохирогчийг хамгаалах газар ихэвчлэн хохирогч ханддаг.
Ийнхүү аливаа асуудал, хэргийг гэрчлэх нь тухайн хүнд ямар нэгэн дарамт авчирдгаас гадна цаг хугацааны хувьд ч тодорхой алдагдал хүлээх болдог. Энэ бүхнээс л эхэнд дурдсан хэлц үгс гарсан болов уу.
Хэдийгээр иргэн гэмт хэргийн талаар мэдээлэх үүрэгтэй ч хараагүй, сонсоогүй, мэдээгүй юм шиг асуудлаас зайлсхийхийг илүүд үздэг нь үнэн. Гэвч хэргийн талаар мэдээлээгүйгээсээ болж хариуцлага хүлээх болдгийг бас энд сануулах нь зүйтэй. Ингээд асуудал яриад байвал олон зүйл бий. Гагцхүү аливаа хэргийн талаар хэлэх үү, байх уу гэх эргэлзээг тайлах түлхүүр нь шударга байдал, иргэний үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Харин одоо нийгэмд ийм ухамсраар энэ хоёр түлхүүрийг хэрэгтэй үед нь хэр олон хүн ашиглаж байгаа бол?
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ