Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна...

БНМАУ-ЫН ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА
УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР
(1936-1940 ОН)
Монгол төрийн цагдаагийн байгууллага нь 1936 оны 05 дугаар сард БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрыг Дотоод явдлын яам болгон өргөтгөн зохион байгуулагдахад түүний харьяандУлсын цагдан сэргийлэх газар” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ.
БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм” хэмээх 7 бүлэг, 34 зүйлтэй шинэ дүрмийг батлан гаргажээ. Дүрмийн нэгдүгээр зүйлд:“БНМАУ-ын ба ард нийтийн хувьсгалын зохих журам ба амгалан тайвнаар хөгжих явдлыг сахин хамгаалах талаар тавьсан чухал бодлого зорилгуудыг амжилттайгаар хөгжихийн тулд Дотоод явдлын яамны харьяанд улсын цагдан сэргийлэх газрыг байгуулмой” хэмээн заасан байна.
Зураг 1. 1936 оны 06 сард батлагдсан “БНМАУ-ын цагдан сэргийлэх газрын дүрэм
1936 оноос эхлэн улс орны гадаад нөхцөл байдалтай уялдан Улсын цагдан сэргийлэхийн төв газарт мэргэжлийн албад, хөдөө орон нутагт цагдан сэргийлэх салбар анги, нэгтгэлүүд олноор байгуулагдах болсон байна. Тухайлбал: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор 1936 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цагдан сэргийлэх байгууллагад уурын тэрэгний ашиглалт, тоо бүртгэл, жолооч нарын сахилга бат, үйл ажиллагааны хяналт тавих үүргийг хариуцуулж, УЦСГ-ын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс”-ийг байгуулж, улмаар 1936 оны 11 сарын сүүлээр “Хөдөлгөөн зохицуулах постын салаа”-г байгуулан нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг дүрмийн дагуу зохицуулж эхэлсэн нь өдгөөгийн Замын цагдаагийн албаны эх үндэс болжээ.
Зураг 2. 1936-1938 он. Дотоод нөөц боломжоо ашиглан, туйпуу болон модон материал бэлтгэж барьсан энэхүү зураг дахь 2 давхар /Одоогийн ЦЕГ-ын төв байрны суурин дээр/ барилгад УЦСЕГ байрлаж байв.
Цагдаагийн ажилтнуудыг давтан сургах байнгын курс 1939 онд “Гүйцэтгэх ажилтан” гэх нэртэй байгуулагдаж, анхны төгсөлтөөр 27 хүн төгсөу 1940 оны сүүл гэхэд УЦСГ-ын дэргэд байнгын курс ажиллаж сургалт явуулах болов.
Зураг 3. Цагдаагийн ажилтнууд сургалтанд хамрагдаж байгаа нь.
Мөн онд Улсын цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах албыг хоёр хувааж, хорооны байцаагч, морьт, явган эргүүл, чухал обьектын улсын хамгаалалт зэргийг хариуцуулсан “хот хамгаалах тасаг”, гэрээт обьект хамгаалж байгаа албыг удирдах “гэрээт харуул”-ын тасгийг тус тус байгуулж, мөн оны сүүлчээр тус хоёр тасгийг өргөтгөн “сэргийлэн хамгаалах” болон “гэрээний хэлтэс” болгожээ. Тус онд улсын өмч бүхий 106 обьект хамгаалж байсан бол 1938 онд 160 обьект болж өргөжсөн байна. Тийнхүү улсын өмч бүхий обьектууд нэмэгдсэн учир 1938 онд төвийн харуулын ангийг өргөтгөж, морьт явган эргүүл ба улсын обьектыг хамгаалах 4 салаа бүхий 4 суманг байгуулав.
1936 оны 9 сард байгуулагдсан эрүүгийн гэмт хэрэгтэнтэй тэмцэх “Гүйцэтгэх ажлын тасаг”-ийг өргөтгөж, “Гүйцэтгэх албаны хэлтэс” болгож хот, хөдөөд гарсан гэмт хэргийг илрүүлж, хэргийг бүртгэн шүүхэд шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх болж, 1937 онд “Эрүүгийн гүйцэтгэх ажил эрхлэх”, 1938 онд “Өмчийн ашиглалтай тэмцэх эдийн засаг” гэсэн 2 тасагтай болгон өргөтгөжээ.
1937 оноос эхэлж Улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх үүрэг, ажлын чухал байдлыг харгалзан тус албаны ажилтныг“Цэргийн татлага”-аас чөлөөлөх болов.
1939 онд “Цагдан сэргийлэх газрын штаб”, БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын1939 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын “Санхүүгийн хэлтэс”-ийг тус тус байгуулав.
Хөдөө орон нутагт 1936-1940 оны хооронд
Архангай (1938 оны 05 дугаар сарын 10-нд Цагдан сэргийлэх анги нэртэйгээр офицер 3, цагдаа 9 хүний орон тоотой),
Булган (1938 оны 05 дугаар сарын 11-нд Маршал Чойбалсангийн 111 дүгээр тушаалаар Булган аймгийн цагдан сэргийлэх анги нэртэйгээр анх байгуулагдан 3 тооны үхэр тэрэг, унлагын 10 морьтой, нагаан буу 17, сэлэм 11, офицер 7, цагдаа 6, бичээч 1, орон тоотойгоор),
Хэнтий (УЦСГ-ын төвийн бүх дарга, цагдаа нарын зөвлөлгөөн 1938 оны хоёрдугаар сарын зөвлөлгөөний шийдвэрээр тус оны хавар Хэнтий аймагт Цагдан сэргийлэх анги байгуулагдсан байна),
Дорноговь (БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Цагдан сэргийлэх анги нэртэйгээр Дотоодыг хамгаалах хэлтсийн харъяанд ангийн дарга, төлөөлөгч, байцаагч, 5 сэргийлэгчийн орон тоотой),
Өвөрхангай (БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1939 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 89 тоот тушаалаар 3 тасагтай),
Өмнөговь (БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1939 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар Өмнөговь аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяанд),
Увс (1940 оны 04 дүгээр сард аймгийн ДХГ-ын дэргэд Цагдан сэргийлэх анги нэртэйгээр дарга 1, төлөөлөгч 1, байцаагч 1, цагдаа 2 орон тоотой),
Баян-Өлгий (БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1940 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн663 дугаар тушаалаар ДЯЯ-ны Баян-өлгий аймаг дахь Цагдан сэргийлэх анги),
Говь-Алтай (БНМАУ-ын Дотоодыг Хамгаалах газрын 1940 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 984 дүгээр тушаалаар Дотоодыг хамгаалах хэлтэс байгуулагдаж, түүний харъяанд аймгийн Цагдан сэргийлэх ангийг доорхи орон тоотойгоор) аймгуудад тус тус цагдан сэргийлэх газар байгуулжээ. 1940 он гэхэд хөдөө орон нутагт цагдан сэргийлэхийн 15 анги салбар байгуулагдаж ард нийтийн дунд нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улс орны хэмжээнд өрнүүлэн ажиллах болжээ.
Мөн түүнчлэн 1939 оны эцсээр бүх төрлийн ангийн бууны асуудлыг БНМАУ-ын ДЯЯ-аас шилжүүлэн авч бүртгэл хяналт тавих үүргийг Улсын цагдан сэргийлэх газар хариуцан ажиллах болсон байна.
БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1940 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар тушаалаар Цагдаагийн ажилтнуудыг шаардлагатай зэвсэг, хэрэгслээр хангаж эхэлжээ.
Зураг 4. Сумын хэсгийн төлөөлөгч 1940-өөд он.
Мөн энэ үед БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын тушаалаар 11 бүлэг 351 зүйлтэй ЦСБ-ын Дотоод албаны дүрэм батлуулан мөрдсөн байна. Тус дүрэмд зааснаар цагдаагийн албан хаагч 3 жилээс доошгүй хугацаагаар алба хаах баталгаа гаргаж, 21 наснаас доошгүй, цэргийн алба хаасан, бичиг мэдэх хүнийг нэг сар туршин ажиллуулах бэлтгэл орон тоотой байх, цэргийн албан хаагчид хөнгөлөлт үзүүлэх зэргийг зааснаас гадна бүх төрлийн ажлыг удирдан зохион байгуулах журмуудыг тодорхой заажээ.
1936-1940 оны үеийн БНМАУ-ын ДЯЯ-ны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын даргаар Буянгийн Аюуш (1936.05-1937), Гэлэгийн Хас-Очир (1938-1939), Маналжавын Дамдинсүрэн (1939-1940) нар тус тус ажиллаж байв.
- 1.Буянгийн Аюуш (1936.05-1937 он)
1902 онд Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт төрсөн. 1926 онд Намын сургууль элсэн суралцсан. Тэрээр 1934 онд Цэргийн гавьяаны 2-р зэргийн одонгоор шагнагдсан. 1932-1936 онд Дотоодыг хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, 1936 оны 05 сараас Дотоод явдлын яамны харьяа Цагдан сэргийлэх газрын даргаар ажилласан.
- 2.Гэлэгийн Хас-Очир (1938.01-1939 он)
Тэрээр Хэнтий аймгийн Галшар суманд 1897 онд төрсөн. 1927 оноос ДХГ-т бичээч, Тамсагбулагт туслах төлөөлөгч, Сулинхээрт жинхэнэ төлөөлөгч, 1932 оноос ДХГ-ын Өмнөговь дахь хэлтсийн дарга, 1934 оноос Хязгаарын ба цэргийн хэлтсийн тасгийн дарга. 1938 оны 01 сарын 08-нд ДЯЯ-ны сайдын 2 тоот тушаалаар Цагдан сэргийлэх газрын даргаар тохинуулагч цолтой томилогдсон.
- 3.Маналжавын Дамдинсүрэн (1939.05-1940.07)
1903 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1938-1939 онд гал түймэр эсэргүүцэх хэлтсийн дарга. 1939.05 сараас 1940.07 сар хүртэл Улсын цагдан сэргийлэх газрын даргаар ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Байлдааны гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Зөвлөлт Монголын “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын 25, 40 жилийн ойн медаль, 1940 онд намын 10-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ.
Ийнхүү цагдан сэргийлэх байгууллага нь БНМАУ-ын ДЯЯ-ны харьяа болсноор хот, хөдөөд нэгэн адил зохион байгуулалт бүхий эрх зүйн хувьд бэхжсэн, боловсон хүчнийг сургах, бэлтгэхэд тодорхой ахиц дэвшилт гарсан чухал үе байв.
ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ