П.Цагаан: Савангийн дуурьт шимтэхийн хэрээр бидний соёлын дархлаа суларч байгааг анхаарах цаг болсон

М.Мөрөн

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр. Энэ өдрийг тохиолдуулан П.Цагаан санаачилж, хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлтийг хийлээ. Номын нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, Ч.Дүүжий болон эрдэмтэн судлаачид, Дархад зоны төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Нээлтийн үеэр П.Цагаан “2016 оны Улсын Их хурлын сонгуульд Монгол Улсынхаа хоймор нь болсон Хөвсгөл аймагт нэр дэвшсэн. Хэдийгээр УИХ-д сонгогдож чадаагүй ч байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайг захлан суусан зон олонтой уулзан, учрах ховор завшаан олдсонд баяртай явдаг.

Нутгийн иргэдтэй уулзаж, ярилцаж явахдаа тэр хүмүүс өвөг дээдсийн маань 700-800 жилийн соёлын өв, хэл яриа, аялгууг өдий хүртэлхадгалан тээж явааг хараад бахархаж явлаа. Тэр дундаа дархад зон олны урлаг соёл, дуу хуурынгайхамшгийг мэдэрч,илүүолон хүнд сонсгож, мэдрүүлэх юмсан гэсэн чин хүсэл төрсөн.Тиймээс Бямбын Ринчин гуай “Амьд соёлын 700 жилийн түүх” гэж тодорхойлсон Дархад зоны дууг эмхэтгэн хэвлүүлье гэж бодсон” хэмээн ном бүтээх болсон тухайгаа ярив.\

Мөн“Номынхоо нээлтийг Олон улсын эх хэлний өдөр нээж байгаа маань санамсаргүй үйл явдал биш юм.Монгол одоо хүртэл олон янзын аялгуугаар ярьж байна гэдэг Монгол үндэстэн агуу том, асар уудам нутагт тархан суурьшиж байсны баталгаа, бас бахархал юм. Тиймээс хойч үедээ Монгол Улсын оршин тогтнох дархлаа болсон эх хэл, соёлоо нандигнан үлдээх үйлсэд “далайд дусал нэмэр” болох үүднээс энэхүү номыг хэвлүүлэн гаргалаа.

Сүүлийн жилүүдэд монголчууд гаднын улсын“савангийн дуурь”-т хэт шимтэж тэр хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтэрч байна. Нөгөө талдаа уламжлалт соёлын өвийг тээгчдийн тоо цөөрсөөр байна. Монгол Улс бусад улсаасондооших, омогших тэр мөн чанар гээгдэж, соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай.Хүн төрөлхтөн одоогоор 6000 орчим хэлээр ярьж байгаагийн тал нь ойрын хугацаанд устаж үгүй болохоор байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Бид үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Монгол монголоорооүлдэх боломж бол эх хэл, соёл юмЭнэ удаад дархад зоны дууг нийтийн хүртээл болголоо. Цаашдаа буриад, урианхай, хотгойд, халх монгол гээдМонгол Улсын дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа зон олны ардын болон зохиолын дууг хадгалж хамгаалж нийтийн хүртээл болгож, хойч үедээ үлдээх нь бидний үүрэг” гэлээ.

Түүнчлэн ном бүтээх санааг ажил хэрэг болгох их ажлыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн хүмүүс болон Шинжлэх ухааны академийн судлаачид, Хэлний бодлогын үндэсний зөвлөл,эрдэмтэн судлаачид, Дархад зоны төлөөл Ч.Дүүжий, Батбаяр, яруу найрагч Мягмардорж, зайран Гансүх, Улаан уул сумын иргэн Шишгэдмаа болон бусад хүмүүст талархал илэрхийллээ.

Дашрамд,Олон улсын эххэлний өдрийг 1999 онд ЮНЕСКО-гийн 30 дугаар Ерөнхий хурлаас тогтоожээ. Хэл, соёлын олон төрөл байдлыг хадгалах зорилгоор Монгол Улс 2000 оноос хойш жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд энэ өдрийг тэмдэглэж байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Дархад нутгийн нандин үгс нь нийтээр хэлэлцэхдээ шулгуйлах, дархад аман аялгуунд хонь, адуун сүргээ шулбайлж яваа даа гэх мэт бэлчээрийн мал маллагааны өргөн далайцтай утга ухагдахууныг агуулсан үгс, дархад хэллэг хэлц гэхэд

Айргээ амт л шингээсэн

Аяга л модаар барноот хоё

гэж аман хувилбараар нь сонгосон байна. Сонгосон хэлц нь “аяга л модоор барноот хоё” гэсэн хэлц хэллэг дархад нутгийн аялгууны өвөрмөц хэлц хэллэг юм.

Уг санаа нь айргийн амтыг шингээсэн аяга (хонхор) мод байтугай гэсэн санааг ийн илэрхийлэн дуулмагц дархад ардын дуу болон амилаад ирж байна.

Ойролцоо үгийн ялгамжаа, утгын нийлц, зэргэд байрлал зэрэг нь нутгийн аялгуунд нөөц болон хадгалагдаж байдаг. Жишээ нь дархад дууны үгэнд гардаг

Ойлоол хүрч л болдоггээ

Онгон Цойцон хангай минь

гэхэд ойлоол гэдэг үг бүтэц нь ой-ойл-оод л. Утга нь давхиад л, ойлж цойлоод л, довтолгоод л гэсэн санаа. Ойролцоо утгат үг нь: тавиал, ойлоол, цойлоол, давхиал, довтолгоол гэхэд ойролцоо үгийн цойлохын өмнөх зэргэд давхих утга нь дархад аялгуунд байх жишээтэй. Дууны үгэнд орж нийтэд түгээд ирэхээрээ утга зохиолын хэлний нэгж болоод монгол үгийн сангаа арвижуулдаг ундарга нь болдог ажээ.

Дархад дууны аялга үгс нь “хоё хоё, аа хоё, хооеэ хооеэ, хооеэ, иш дээ” гэх мэт, үүнийг бодит байдалд хандсан утгын өнгө аяс, үнэлэмжийг сэтгэл догдлолын аясаар хөгжөөхийн тулд ая данг, дууны хэмнэлтэй тохируулаад орхихлоор сэтгэл хөвөлзүүлээд, дуу болон цогцолдог байна. Дархад ардын дуу судлаач, дуучин Д.Агармаагийн бичсэнээр:

“Дархад нутгийн аялгууны үгээр нь дуудаж, дархад дуугаа жинхэнэ өөрт нь байх ёстой үг хэллэг, донж маягаар нь нутаг усны нь аялгуугаар нугалаа, чимэглэл, өнгө зохицол, хурд аясыг тааруулан, ялангуяа бэсрэг урт аяны нарийн төвөгтэй нугалбаруудыг гоё сайхан гаргаж, олон янзаар солигдох ая эгшгийн эргэлтийг хоолойнхоо эв зохицлын дагуу дуулж сурахад нь хойч үеийнхэндээ сургаж өвлүүлэх нь соёлын ажилтан бидний үүрэг гэж бодож байна” гэж зөв зүйтэй бичжээ.Номд орсон дуунаас хүргэвэл:

ТАТГЭЭ МИНЬ

Бав л бараан модонд нь хоё

Баавгай явна оо татгээ минь (битгий зүглэ! бурхан минь)

Бараан голдоо (голдуу) сарлаг маань

Бүрэн байдаг болбоо (болов уу) хоё

Өврээ (өврийн) бараан модонд нь хоё

Өвгээ (өвөөхий-баавгай) явна оо татгээ минь

Өөхөн цоохор сарлаг маань

Бүрэн байдаг болбоо хоё

Хэцээн бараан модонд нь хоё

Хэрээ явна оо татгээ минь

Хэдэн цоохор сарлаг маань

Бүрэн байдаг болбоохоё


СЭТГЭГДЭЛ БИЧИХ