Төрийн хүний харизматик чанар

Харизм гэдэг нэр томьёог анх Германы социологич Max Weber (1864-1920) гаргажээ. Харизма гэдэг грек үг нь дээрээс заяатай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Харизм сайтай хүн төрх байдал, нүүр царай, харилцаагаараа бусдыг өөртөө татаж чаддаг ба хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч дагадаг учир бурханаас заяасан хүн гэж үзэх нь ч бий.
“Монголын нууц товчоо”-нд Есүхэй баатар хүү Тэмүжиндээ бэр гуйхаар явах зуур Хонгирадын Дэй сэцэн таарч, Тэмүжинг үзмэгц “Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. Есүхэй худ манай гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз” гэж хэлсэн байдаг. Монголчууд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэж хэр баргийн хүнийг хэлдэггүй. Дэй сэцэнд Тэмүжиний нүүр царай, гадаад төрх, биеэ авч явах байдал нь маш их таалагдсан байх ба өөрийн хүргэн болгох шийдвэрийг шууд л гаргасан байдаг. Чингис хааны энэ харизматик шинж чанар нь дайн байлдааны үед олон овог аймаг, улс орны удирдагчдыг гарз хохиролгүйгээр өөртөө татан нэгтгэж, Европ, Азийг дамнасан их гүрэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж профессор Ё.Батсуурь “Чингис хааны удирдагчийн зарим шинж чанарын тухай” илтгэлдээ тэмдэглэсэн байна.
Америкийн “Вашингтон Пост” сонин өнгөрсөн Мянганы хүнээр Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол нэг үндэстэн дангаар дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал юм. Чингис хаан болон түүний залгамжлагчид Ази, Европ тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, Дорно, Өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. Тэд Интернэт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн” хэмээн үнэлж дүгнэсэн билээ.
Орчин үед дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна. Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup-ын судалгаагаар 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд юу вэ” гэсэн судалгааны дүнгээр хамгийн чухал гурван шинжид голч шударга чанар, ажилсаг шургуу чанар, хүмүүстэй нийцтэй чанар орсон байдаг. Дэлхий ертөнц даяарчлагдаж, улс төр, эдийн засгийн үйл ажиллагаа хил хязгааргүй болж буй энэ үед Чингис хаан маягийн удирдагчид зайлшгүй үгүйлэгдэж байна. Энэ орон зайд орчин үеийн Монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд уламжлалаа шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан яагаад хөл тавьж болохгүй гэж. Дэлхий Монголыг сонсдог, сонирхдог болсоор байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Монголчууд бол баатарлаг түүхтэй, сайхан сэтгэлтэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн” гэж хэлсэн юм.
Чингис хаан 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн Монголын ихэнх овог аймгийг нэгтгэж, Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Мөн 1206 онд буюу 44 насандаа Монголын Нэгдсэн Улсыг байгуулж, овог аймгийн хуучин тогтолцоог устган аравт, зуут, мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийсэн. Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг шинэчлэн зохион байгуулж, чадварлаг тактик стратегитай дэлхийд хамгийн шилдэг армийг байгуулжээ.
Төр, хууль цааз хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Төр байж хууль цааз тогтоодог, хууль байж төрийг бататган бэхжүүлдэг. Монголын товч түүхэд Хүннү улсын хууль цааз нь хөнгөхөн бөгөөд дагахад амархан ба хаан түшмэд нь харилцахад төвөггүй хөнгөмсөг болоод бүх улсаа захирахад нэгэн хүнийг захирах лугаа адил, дээд дорд хэмээн атаа тэмцэл гарахгүй, албан үйлдвэр хэмээн олны хүчийг үл хохируулах ба ард олон нь гоёмсоглох хээнцэрлэхэд дургүй, ганц малаар биеийг тэжээнэ. Бас ч авир зан нь хатан догшин боловч ардын гэмт явдал туйлын бага тул улсын бүх ялтан нь хэдэн арваас үл хэтэрнэ гэжээ.
Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй байжээ. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням “...үндэс угсааг үл ялгаварлан гадуурхах үзлээс монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж байсан явдал юм. Энэ бүхэн өнөөдөр ч нэн хэрэгтэй байна” гэсэн нь өнөөдөр нэгэн улсын дотор аймаг сум, баруун зүүнээрээ талцах болсон бидэнд сануулан чимхээд авснаас ялгаа юун. Чингис хаан “Тэрчлэн намайг миний үр хүүхдийн нэг залгамжилж, миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай” хэмээн сануулсаар байна.
Манай улстөрчдөөс хамгийн харизм сайтай нь хэн юм бол...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ