Байт харваа олимпийн аваргын бидний "бай" мөн үү?

Түүхийн нум эвшиж, “сум” ингэж исгэрнэ.Алдарт Чингисийн чулууны бичигт Монгол баатар эр Есүнгэ мэргэн 335 алд буюу 500 метр хол харван байгаа онож байжээ.

Дахин ч нэг “түүхэн сум” ийн исгэрнэ.

1971 онд Англид зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн гишүүн Д.Дэмбэрэл хэмээх бүсгүй байт харвааны 30 метрийн зайд алтан медаль авч бүх спортын тамирчдаас анхдагч дэлхийн аварга болсон байна. Харин өдгөө 21-р зуунд Монгол, Буриад, Өвөр Монгол гээдМонгол туургатны хүүхдүүд Олимпийн төрөл болсон Байт харваа хэмээх нум сумны орчин цагийн спортоор нөхөрлөн өрсөлдөж байна.

Цэц мэргэн, цэгц тодорхой оюун санаа,бие бялдар монгол угсаатан хүүхдүүдийн генэнд нь ч бий, хичээл зүтгэлд нь ч бий.

“Монгол 2017 олон улсын хүүхдийн 7-р их наадам “спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаагаас Байт харвааны төрлөөр 17 хүртэлх насны 47 тамирчин өрсөлдөж байна.

Байн их биеийг аравч,аравчин дундах тусгай тэмдэглээстэй хэсгийг цаасан бай гэдэг аж. Хэдийгээр Үндэсний сураас өөр олимпийн төрөл ч гэлээ мөн ялгаагүй нум сум агсана.

Хамгийн тодорхой өгөгдөлтэй, шударга шүүлттэй энэ спортын төрлөөр 2008 оны Бээжингийн паралимпоос олимпийн аваргатай болсон гэдгийг бид мэднэ. Мөн Лондон,Бразилийн олимпуудад ч Монголчууд байт харвааны төрлөөр эрхээ авч амжилттай оролцсоор л байгаа. “Монгол 2017 олон улсын хүүхдийн 7-р их наадмын байт харвааны өсвөр үеийнхний тэмцээнийг харж Монгол хүүхдүүдээ амжилттай харвахыг үзээд , эндээс л ирээдүйн олимпийн аваргууд төрнө дөө хэмээх итгэл үнэмшил гадна талдаа бий болж байсан ч, дотороо бодохнээ хөндүүр зүйлүүд бас байнаа. Монголчууд бидний далд оюун санаа, дадал зуршил, бие бялдрын олон давуу чанарт мөн чанар нь нууцхан агуулагдсан энэ спортыг хөгжүүлэхэд Монголын байт харвааны холбоогоо ганцаардуулаад байх шиг.

Монголын түүхэнд бичигдсэн анхны дэлхийн аваргаа байт харвааных гэдгийг олон нийт хир мэдэх вэ, яагаад өнөөдөр байт харвааны талбайн газар олдохгүй ,тамирчид маань энд тэндхийн газар зайчилж бэлтгэлээ хийнэ вэ? Уртаашаа 100 хан метр, өргөөшөө 30 хан метр, ердөө хагас га ч хүрэхгүй газар шүү дээ. Ингэхэд байт харваа олимпийн аваргын бидний “бай” биш гэжүү ?

Төв цэнгэлдэхийн хажуу талд байрлах Үндэсний сурын талбайд болж байгаа Монгол, Буриад, Өвөр Монгол өсвөрийн байт харваачдын наадмыг сурвалжлахаар олон сэтгүүлчид ирсэний нэг нь “Буриадын Үнэн” сонины сэтгүүлч Борис Балданов байлаа. Тэрээр өөрөө байтаар харвадаггүй ч спортоор тэр дундаа байтаар дагнаж бичих дуртай гээд манай И.Степанова2016 оны Риогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн шүү дээ хэмээн бахархангуй өгүүлж байсан юм. Тиймээ. Манайх ч дэлхийн аваргатай,бас паралимпийн аваргатай.

Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч П.Цагаан:

Уламжлалт үндэсний сурын харваа болон орчин үеийн спортын төрөл болох байт харваа амжилттай хөгжиж сонирхогч, тамирчдын дундаас олон арван алдартнууд төрөн гарсан. Тухайлбал Монгол Улсын анхны Дэлхийн аварга, анхны Паралимпийн аварга төрөн гарсан нь Монголын бахархал юм. Байт харвааны спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, тамирчдын амжилтыг олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, улмаар байт харвааны спортын төрлөөр Олимпийн медальтан төрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. 8настай балчираас 80 настай буурал хүртэл хичээллэх боломжтой олимпын спортын төрөл. Монгол хүний бие бялдар галбирт их тохирдог. Байтаар хичээллэсэн хүүхдүүд их тэвчээртэй, хариуцлагатай болж суралцдаг. Телевиз, интернет гээд орчны бүх зүйлс хөдөлгөөнтэй болж байгаа хөгжлийн урсгалыг сөрж,анхаарлаа төвлөрүүлж суралцах ач холбогдолтой. Мөн богино хугацаанд өөрөө шийдвэр гаргаж чадах ур чадвар суулгадаг. Монгол, Буриад, Өвөрмонгол гээд Монгол туургатны хүүхдүүд байтаар харваж байгааг харахад их зохимжтой, сайхан байна.

Монголын Байт Харвааны Холбооны ерөнхий менежер Б.Цэцгээ

Байт харвааны спортын хувьд ОУ-ын хүүхэд залуучуудын олимп болдог. 18 онд Аргентинд зохион байгуулагдана. Эрхээ авах урьдчилсан сорилт тэмцээний нэг болж байна. Хүүхдүүд маань өнөөдөр анхаарлаа төвлөрүүлж, салхиа мэдэрч сайн харваж байна. Халуун нартай өдөр ус ундаа гээд бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэж байгаа АПУ компанийнхандаа талархал илэрхийлье. Энэ удаа алтан медаль авсан тамирчдын багшд нь бас медаль өгч байгаа. Манайхан багийн харваагаар эрэгтэйчүүд алт, эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртлээ.Тэмцээн энэ сарын 16 –ныг дуустал үргэлжлэх юм.

Ц.Баярмаа: Монголын Байт Харвааны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ОУХМ шүүгч

Маш шударга шүүлттэй спорт. Хоёр тамирчин нэг байнд харваж, хамтдаа үр дүнгээ үзээд, бие биенээ хянаад явдаг. Маргаан гардаггүй, гарсан тохиолдолд шүүгч оролцоно.Ганцаарчилсан харвааны эрэгтэй эмэгтэй алт мөнгө хүрэл медальтан тодорч байна. Эцэг эхчүүд хэлж байна. Танай спортоор хүүхдүүдээ явуулмаар байна,эрүүл мэндэд ач холбогдолтой, зорилготой,хамт олонсог, хариуцлагатай болох юм байна гээд.Үнэхээр ч үнэн л дээ.Бие бялдрын хөгжил, хүний хүмүүжил, мэдлэг боловсрол гуравт их чухал. Эрүүл мэндийн талаасаа өдөрт цэвэр агаарт маш их явган явдаг. Өвчтэй хүүхдүүд яваад эдгэрсэн тохиолдол олон ажиглагддаг. Өдөрт 2 тонн юм өргөсөнтэй тэнцэх ачаалал авдаг гээд маш тустай сонирхолтой,маш гайхамшигтай спорт.

С.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ