Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос хурдан гаргая!

Нийслэлээс арьс ширний үйлдвэрүүдийг гаргая. Энэ талаар олон жил ярьж, УИХ-аас 2012 онд тогтоол гарч байсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй таван жил болчихож.

Мөн одоогийн УИХ-ын нэр бүхий гишүүд Туул голын бохирдлыг шалгах ажлын хэсэг байгуулж, арьс ширний үйлдвэрүүдийг 2017 оны аравдугаар сарын 31-ний дотор Улаанбаатар хотоос гаргаж тогтоол хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн.Гэтэл өнөөдөр юмс өөрчлөгдсөн зүйлгүй, байдгаараа л байна.

Аль 2012 онд гарсан тогтоол хэрэгжээгүйн учир нь арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахад эхлээд нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн “шалтаг” ч юм шиг шалтгааныг хэлдэг. Ийнхүү эхлээд тэднийг Эмээлт өртөө рүү “хөөж” тэнд төвлөрүүлэх гэж гадаадаас эксперт урьж авчирч зөвлөгөө хүртэл авч байсан.

Гэвч Эмээлт нь хотод ойрхон учир малын гаралтай элдэв халдварт өвчин гарвал нийслэл рүү орох эрсдэлтэй, суурьшлын бүс бий болно гээд больж, сүүлдээ Дархан-Уул аймгийн бүсэд нүүлгэх талаар ярьж эхэлсэн. Энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа гэх.

Өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэр Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Саяхан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шалгалт хийсэн. Уг шалгалтаар арьс шир боловсруулдаг ​аж ахуйн нэгжүүдийн ойр орчмын 340 газраас дээж авч шинжлэхэд 33 цэгт аюултай агууламжаас хэтэрсэн гэх дүгнэлт гарсан байна.Энэ бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд үнэхээр ноцтойгоор халдаж байгаагийн бас нэгэн жишээ.

Нийслэлийн нэг сая 500 мянган иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны бохирдол хамгийн чухал сэдэв байсаар ирсэн.

Өнөөдөр нийслэл хотын хөрсний бохирдолхүн амьдрахад хүндрэлтэй болсныг судлаачид сануулж байна. Тухайлбал, арьс ширний үйлдвэрүүдээс гардаг бохирдол нь идээлдэг ба 6 ба 3 валенттай хром нь хорт хавдар үүсгэдэг. Ялангуяа улаан хоолой, элэг, ходоодонд маш хортой. Энэ нь хөрс усаар дамжин олон жил хордуулж эцэстээ хорт хавдрын үүр уурхай болгодог аж. Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлоос үүссэн өвчин 2013 онд 28.2 хувьтай байсан бол 2014 онд 527 тохиолдлоор буюу 20 гаруй хувиар өссөн байдаг. Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Гэтэл манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай байна.

Иймд нийслэл дэх арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчилмаар байна. Хотын баруун урьд хэсгийнхэн тэр аяараа өмхий үнэрэн дунд амьдарч байна. Хамгийн түрүүн төв цэвэрлэх байгууламжийг тойрон үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, хотоос гаргах шаардлага зхайлшгүй тулгарч байна. Нэгэнт даац нь хэтэрсэн төв цэвэрлэх байгууламжид эдгээр үйлдвэрүүд нэрмээс болж байна.Үүнийг “Ардын” Засгийн газрын гишүүд анхааралдаа авч, үтэр шийдэхгүй бол хотын иргэд маань хордож үхэхэд ойрхон байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ