"Муухай" Монгол боловсон хүчин

Сүүлийн жилүүдэд иргэд хувийн болон хувьсгалын зардлаар гадаадад суралцах нь ихэссэн билээ. Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ Боловсролын сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Сургалтын төрийн сан /хуучин нэрээр/-гаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзжээ. Ийнхүү 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан.

Угтаа гадаад оронд суралцаж ирээд мэдсэн, сурсан зүйлсээ улсынхаа хөгжилд нэмэрлэж байгаа хүн их байгаа ч, тэр чигтээ “алга болсон” хүмүүс цөөнгүй байна. Түүнчлэн эдгээр хүмүүсийн дотор нэлээд хөрөнгөлөг хүмүүсээс гадна улс төрчид байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч чуулганы танхимд өдрийн од шиг үзэгддэг Б.Наранхүү Монголын толгой баячуудын тоонд ордог.

Гэтэл түүний дүү одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд тус сангийн зээлээр сурсан ч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. Түүнээс гадна УИХ-ын дарга М.Энхболдын үеэл дүү УИХ-ын гишүүн А.Ундраа мөн гадаадад сурсан төлбөрөө одоо болтол төлөөгүй нь илэрчээ. Тэрбээр 1998 онд гадаадад сурсан ч түүнээс хойш бараг 10 жилийн хугацаанд өр төлбөрөө төлөлгүй өнөөг хүртсэнийг Сургалтын төрийн сан ил болгосон байна.

Эдгээр хүмүүс сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллаж байхдаа Боловсролын зээлийн сантайгаа эргэж холбогдож, гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл улсаас хөнгөлөлттэй зээлээр суралцсан хүмүүс хэр үр бүтээлтэй суралцав гэдгээ тайлагнах ёстой аж. Гэтэл тэд таг мартсан уу, татаасаас нь зугтсан уу ямартай ч үүргээ биелүүлээгүй явсаар ирж. Ер нь их хурлын “хөрөнгөлөг” гишүүд нь зээлээ төлөөгүй байхад энгийн ажилтан ард нь арга ч үгүй биз дээгэж бодогдох.

Сүүлийн 16 жилийн хугацаанд нийт 2000 орчим хүн сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад их дээд сургууль төгсөж боловсрол эзэмшжээ. Улмаар 1700 орчим нь боловсролын сантай эргэж холбогдож гэрээний үүргээ, биелэлтээ тайлагнасан байдаг аж. Нэрийг нь зарласан 400-аад хүний дийлэнх нь эх орондоо ирээд яам, тамгын газарт хариуцлагатай мэргэжилтэн хийж, янз бүрийн алба хашиж яваа гэнэ.

Жишээ дурдахад, Япон улсын иргэд боловсролын зээлээр гадаад оронд суралцаж ирээд бүгд улсдаа ажилладаг аж. Ингэснээр одоогийнөндөр хөгжилтэй их наран улс бий болсон байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ