Улсын хэмжээнд инфляц IV сард жилийн дүнгээр 11.3 хувьтай гарлаа

Жилийн инфляцын 42.5 хувийг импортын барааны үнэ бүрдүүлжээ.



Дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 1.3 хувиар өссөнөөр жилийн 11.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц өмнөх оны мөн үед жилийн 15.8 хувьтай гарч байсантай харьцуулахад өсөлтийн хурдац 4.5 нэгж хувиар буурсан байна.

Жилийн инфляцын 42.5 хувийг буюу 4.8 пунктийг импортын барааны үнэ бүрдүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сард дотоодод төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.28 хувиар чангарсан юм.

Инфляцын жилийн өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 17 хувиар, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 19.5 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.2 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 24 хувиар буюу хамгийн өндөр хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хэдийгээр жилийн инфляцын хурд саарсан ч сарын 1.3 хувьтай гарсан нь сүүлийн таван сарын хугацааны хамгийн өндөр дүн болж байна.

Инфляцын сагсыг бүрдүүлж буй 400 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээг 13  дэд бүлэгт ангилан тооцсон үзүүлэлтээс харахад дөрөвдүгээр сард хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 3.3 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар, гэр ахуйн бараа, тавилгын бүлгийн үнэ 0.6 хувиар тус тус өссөн байна.

Харин оны эхнээс 4.7 хувьтай гарсан бөгөөд Монголбанк энэ онд инфляцыг нэг оронтой тоонд хадгалах зорилт дэвшүүлээд байгаа юм.

“Инфляц алгуур буурах хандлага руу орсон. Мөнгөний чанга бодлогын үр дүн гарч байна. Төгрөгийн хадгаламжийн өгөөжийг нэмэгдүүлж, иргэд хадгаламжаа төгрөгөөр хадгалуулах сонголтыг хийж байна” хэмээн Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин