Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

Сагсан бөмбөгийн 3х3-ийн Дэлхийн аваргын мөнгөн медалийн эздээр Монголын шигшээ тодорлоо.
Хэсгийн эхний тоглолтдоо хүчирхэг Бразилыг хожоод, дараа нь Олимпын наадмын мөнгөн медальт Испанид нэг хожигдсоноос хойш Герман, Украин, БНХАУ, АНУ, Польшийг дараалан хожсоор финалд шалгарсан. Олимпын аварга, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга багуудыг ээлж дараалан хожсоор финалд Нидерландын шигшээд яалт ч үгүй нуруу дутан хожигдож, Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. М.Цэрэнлхамын хэлснээр бол Дэлхийн цувралд тоглолтуудад 50 гаруй удаа дараалан хожигдож, шантарвал шантрахаар байдалд орсон ч гэлээ эргэн босож, хөлс хөдөлмөрөө гарган, ирээдүйдээ итгэж зүтгэсний хүчинд ийнхүү төсөөлшгүй том амжилтад хүрлээ.
Энэ бол Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн санамсаргүй, гайхамшигтай амжилтуудын нэг болж түүхэнд тэмдэглэгдэх болно.
Мөн Монголын спортын түүхэн дэх хамгийн аугаа ялалтуудын нэг, итгэж, зүтгэж чадвал ямар ч амжилтад хүрч болдгийн үлгэр жишээ боллоо.
Гайхамшгийг бүтээсэн багт Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Мөнхсайханы Цэрэнлхам, Нямжавын Нандинхүсэл нар тоглож, монголчуудынхаа магнайг дахин дахин тэнийлгэлээ. Маш их баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД