Хэдэн лайкны үнэтэй амь юм бол

(Дахин нийтлэв)
Монгол эр хүний жудаг, хүн чанар улам бүр гээгдсээр байгаагийн бас нэг нотолгоо. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэлдэж, Монгол хэмээх нэрийг дэлхийд тамгалж явсан эрчүүдийн цус хэрүүлийн газарт дуслаж, хүчгүй дорой хүүхэд, эмэгтэйчүүдийн нулимсанд сүлэлдэх цаг ирэв үү гэмээр.
Бас болоогүй хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж, тэнзэн ташуурын амтаар талын чоныг агнаж явсан хийморь өөрийн бус техникийн хүчээр амьтан тамлаж ид бахаа хангах адын хүсэлтэй солигдов уу гэлтэй.
Жийп хөлөглөсөн залуус чоно хөөж давхилдан, дахин дахин дайрч буй бичлэг үзлээ. Хүүхэд ахуй цагт Ч.Лодойдамбын “Шаргачин” хэмээх өгүүллэгийг уншиж, хөөрхий янзагатай шаргачинг өмөөрч хулгайн анчдыг жигшин жигшин уншиж байсан дурдатгал дээр дурдсан дүрс бичлэгийг үзэж байх үед дахин сэргэх мэт болов.
Тэр залуус ижил хийморьтойдоо харагдаж, илүү хийморьтойдоо алагддаг гээд өөрсдийгөө ихэд бодож яваа болов уу. Чононоос илүү хийморьтой болох гэсэндээ хөөж, дайрч алсан тэдэнтэй хэн хариуцлага тооцох вэ.
Ер нь ганц энэхүү бичлэг ч төдийгүй алсан амьтныхаа хатаж амжаагүй цусыг нь урсган авахуулсан зураг, бичлэгээ твиттер, фэйсбүүктээ тавьж, тэнд энд очиж ан хийж хийморио сэргээсэн тухайгаа бахдаж лайк даруулах явдал хэдийнэ моод болжээ.
Тэд цус урсган, амьтан алж кайф авч буйгаа хэнд үлгэр жишээ үзүүлэх гэж олон нийтийн сүлжээнд тавьдаг юм бол. Хүүхэд, залуусыг цусанд дасгаж, ан амьтан алж зугаагаа гаргах хүслийг төрүүлэх гэж тэр үү.
Байгаль дэлхийн бүтээсэн халуун амь хэдэн лайкны үнэтэй бол?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ