Б.Анхбаяр:Олны хараанд өртөж амьдрахыг хүсдэггүй

“Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Анхбаяр аавтайгаа хамт кино урлагт хүчин зүтгэж яваа. Тэрээр жүжигчин, найруулагч У.Батбаатарын хүү билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
- Таны шинэ уран бүтээл “Зоорь” аймшгийн уран сайхны кино дэлгэцнээ гараад байна, та ямар дүр бүтээв ээ?
-“Зоорь” нэртэй шинэ уран бүтээл маань бэлэн болж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Сэтгэл өндөр байна. Миний хувьд энэ кинонд Батжаргал гээд залуугийн дүрд ажилласан. Гол дүрийн Галсан гээд залуугийн дүү. Өмнө нь бас “Улаан ой” гээд аймшгийн төрлийн кинонд тоглож байсан. Сэтгэлзүйн драмын төрлийн “Улаан дөрвөлжин” кинонд тоглож байлаа. Аймшгийн гэдэг утгаараа миний тоглосон хоёр дахь кино. Уран бүтээлчид маш их кино хийдэг болжээ. Өрсөлдөөн үүссэнээс киноны чанар сайжрах сайн талтай. Монголын кино урлаг хөгжиж дэвшиж байна л гэж ойлгодог шүү.
-Сүүлийн үед өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Боловсрол суваг” телевизийн “Мөрдөгч” гээд 40 ангит киноны сериалд бас нэгэн цагдаагийн дүр бүтээж байгаа.
-Ер нь олон ангит кинонд ихэвчлэн тоглох юм аа. Тэр тусмаа цагдаагийн дүр их бүтээх юм?
-Хүмүүс харин байнга тэгж хэлдэг. Бодвол миний дүр төрх тийм дүрд тохирдог байх л даа. Хамгийн сүүлд МҮОНТ-ийн “Босго тотго” кинонд цагдаагийн дүр бүтээсэн."Нэгэн нарны доор" гээд 18 ангитай кинонд оюутан байхдаа тоглосон. Дараа нь "Улаан эрэг" гээд хэлмэгдүүлэлтийн үеийн тухай өгүүлдэг кинонд ажилласан. Одоо "Мюзик холл" продакшны "Цахлай нисэх гэж төрдөг" гэж кино хийгдэж байгаа. Энэ кинонд ажиллаж байна. Мэдээж олон ангит кино цаг хугацааны хувьд ялгаатай. Жүжигчний ажиллах нөхцөл байдлын хувьд ч нэг ангит киноноос өөр. Олон ангит киноны зураг авалт объект объектоороо хөөгдөж хийгддэг. Тэгэхээр өмнөх зурган дээрээ хэрэглэсэн жижиг хэрэглэл, өмссөн хувцсаа давхар санаж байх хэрэгтэй. Тэгээд өмнөх сцен дээрээ тоглолт ямар байсан, ямар тээштэй тоглосоноо санаж залгуулж тоглох гээд асуудлууд байна.
-Кинонд тоглох санал хэр их ирж байна?
-Ойрын үед их ирж байгаа. Уран бүтээлч хүний хувьд мэдээж эхлээд зохиолыг нь уншина, өөрийн дотор төсөөлөлдөө дүрээ үүсгээд тоглох эсэхээ шийддэг. Ер нь аль болох тоглох талаас нь хүлээж авдаг. Тоглохгүй гээд буцааж байсан тохиолдол байхгүй дээ.
-Залуу уран бүтээлчид “Хэвлэлийн бай” болсноороо олонд илүү танигддаг шиг санагддаг. Харин таны тухай элдэв мэдээлэл би лав сонсож байгаагүй юм байна?
-Би олны хараанд өртөж амьдрахыг хүсдэггүй. Их дуу цөөтэй хүн л дээ. Ярилцлага бараг өгч байгаагүй. Ганц хоёр телевизэд жаахан яриа төдий зүйл л өгч байсан. Сэтгүүлчдээс аль болохл зугатаадаг шүү.
-Хувийн амьдралынхаа талаар яриач. Эхнэртэй бил үү?
-Эхнэртэй. Одоогоор хүүхэдтэй болоогүй л байна. Бид хоёр арван жилийн нэг ангийг хоёр л доо. Тэгээд тэр үеэс үерхэж нөхөрлөөд, татагдаад тэгээд л суучихсан.
-Хамгийн сайн уран бүтээлч найз нөхөд чинь ямар хүмүүс байна?
-Сайн найз нөхөд байна. Гэхдээ уран бүтээлч хүмүүс бид тэр бүр дотно нөхөрлөөд байж чаддаггүй. Яагаад гэхээр байнга холбоотой байж, уулзалдах боломж ч ховор. Ийш тийшээ кинонд явчихна.
-Багадаа ямархуу хүүхэд байв даа?
-Нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Хичээлээ тараад л байрныхаа хүүхдүүдийг нэг нэгээр нь уруу татаж гэрээс нь дуудаад л, найзуудтайгаа гадаа тоглож байдаг хүүхэд байлаа. Өдөржингөө тоглож тоглож орой л халтар царайлсан юм гэртээ харьдаг байсан. Их гүйж харайх дуртай, юм юман дээгүүр үсэрч явдаг байлаа. Тэр үед хүүхдүүд контейнэр дээгүүр их гүйж, харайж тоглодог байсан. Яг л тэгж тоглодог байсан даа. Гадуур аав ээжтэйгээ явж байхдаа хажуугаар зөрж өнгөрсөн хүмүүсийн алхаа, нүүрний хувирлыг их дууриаж алиалж явна. Тэр хоёр минь намайг шоолж инээгээд л. Бас спортод их дуртай хүүхэд байсан. Ширээний теннис, софт теннисний дугуйланд хичээллэдэг байлаа. Харин дунд ангид ороод сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Тэмцээнд ч оролцдог байлаа.
-Дунд сургуульд сурч байхдаа урлагийн тэмцээн, уралдаанд оролцдог байв уу. Жүжигчин болох авьяас эртнээс тодорсон уу?
-Нэг их эртнээс тодроод байсан юм байхгүй ээ /инээв/. Ер нь дуулах дуртай байсан. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгийн хамтлаг дууны номерт их оролцдог байсан. Ангийнхаа гурван хөвгүүнтэй нийлээд дуулдаг байлаа. "Камертон" хамтлагийн улаан фен байсан шүү. Ялангуяа "Амин нутаг" дуунд нь бүр ч их дуртай байсан. Энэ дууг нь дөрвүүлээ хуваарилж авч байгаад л дуулдаг байсан.
-Таныг жүжигчин У.Батбаатарын хүү гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Хүмүүсээс аавтайгаа адилхан гэдэг үгийг хэр их сонсдог вэ?
-Бараг байнга л сонсдог. Харсан хүн болгон л адилхан гэдэг юм.
-Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан юу байв. Аавын нөлөө байсан уу?
-Аавынхаа мэргэжлийг өвлөх гэсэн хүсэл байсан. Би өөрөө ч энэ мэргэжлээ сонирхсон. Миний бие дааж гаргасан шийдвэр. Дунд сургууль төгсөөд л шууд энэ мэргэжлийг сонгож элсэлтийн шалгалт өгсөн. Гэнэт шийдсэн асуудал л даа.
-Энэ сонголтыг аав тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Гаргасан шийдвэрээ гэрийнхэндээ хэлсэн. Аав ээж маань нэг их дургүйцээгүй ээ. Уг нь би дунд сургуульдаа уран зургийн гүнзгийрүүлсэн анги төгссөн л дөө. Аав намайг тэр мэргэжлээрээ цаашаа гүнзгийрүүлж сурах, тэрийгээ эзэмшинэ гэж боддог байсан гэсэн. Одоо бол намайг энэ мэргэжлийг сонгосонд харамсдаггүй байх гэж боддог
-Оюутан насныхаа тухай дурсаач?
-2001 онд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний элсэн орж 2005 онд төгссөн. Анх нэгдүгээр курст ороход манай ангийг Н.Сувд багш дааж авч байсан. Тэгээд ардын жүжигчин Сарантуяа багшийнхаа удирдлаган дор төгссөн. Хөгжилтэй, дурсамжтай он жилүүд байсан.
-Хамгийн анх камерын өмнө ямар бүтээлийн, ямар дүрээр гарч байв?
-Намайг гуравдугаар курст сурч байхад манай сургуулийн захирал Ж.Солонго "Удам" гээд түүхэн сэдэвтэй кино хийсэн. Би тэр кинонд Чилүгэ гээд гол дүрд тоглож байсан. Ангийнхаа Түвшинбаяр, дуучин С.Сэрчмаа гээд олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байлаа. Бас МУГЖ С.Жавхлангийн "Миний найз" дууны клип байна. Энэ уран бүтээлүүдээр л анх камерийн өмнө гарч үзэж байсан даа.
-Зураг авалт хамгийн хүндрэлтэй явагдаж байсан уран бүтээлээ нэрлээч. Таны "Улаан дөрвөлжин" кинонд бүтээсэн дүр өвөрмөц санагддаг?
-Яах аргагүй "Улаан дөрвөлжин" киног нэрлэнэ. Дүрийн хувьд ч тэр, зураг авалтын нөхцөл байдал ч тэр хүнд байсан. Өнгөрсөн жилийн яг өдийд зураг авалт хийгдэж байсан. Их хүйтэнд гадаа зураг авалттай байлаа. Эмнэлгийн хувцастай, гэрийн шаахайтайгаар эмнэлгээс оргодог хэсгийн зураг авсан л даа. Энэ кинонд тэр хэсгээс гадна жүжигчний ур чадвар шаардсан хэсгүүд олон байсан.
-Тайзны уран бүтээлүүд дээр хэр их ажиллаж байв?
-Энэ тал дээр тийм олон тоо байхгүй ээ. Оюутан байхдаа "Жамух" гээд жүжгийн олны хэсэгт орж байсан. "Атга нөж" жүжгийн Бэлгүдэйн бага насны дүрд тоглосон. Ер нь дэлгэцийн бүтээлд түлхүү ажилласан. Мэдээж уран бүтээлч хүн бүр сонгодог жүжигт дүр бүтээх хүсэлтэй, тайзны уран бүтээлд авьяасаа гаргая гэсэн бодолтой байдаг.Тийм болохоор хүсч мөрөөдөж явдаг зүйлсийн минь нэг
-Чөлөөт цаг хэр их гарч байна. Хэрхэн өнгөүүлэх дуртай вэ?
-Би ер нь аяллаар явах, хөдөөгүүр явах хоббитой. Зуны улиралд бол болж өгвөл агаар салхинд гарч, гэр бүлээрээ амрах дуртай. Бас фитнессээр хичээллэх дуртай шүү.
-Ямар нэгэн студи, продакшнд харъяалагдаж байгаа юу?
-Одоо бол би чөлөөт уран бүтээлч. Манай аав бид хоёр "Хаан гарьд" гээд студи байгуулсан. Тэр студийнхээ ажлыг давхар хийж байна. Студи маань голчлон клип, кино гээд дэлгэцийн уран бүтээл хийдэг.
-Сэтгэл дотроо төсөөлдөг, бүтээхийг мөрөөддөг дүр байдаг уу?
-Байлгүй яахав. Заавал түүхэн киноны дүр, алтан үеийн киноны тэр дүр шиг гээд хэлэх дүр байхгүй. Гэхдээ тайзан дээр ч бай, дэлгэцийн ч бай, сонгодог ч бай, орчин үеийнх ч бай цаанаа л нэг сайхан, ард түмний сэтгэлд хоногшсон дүр бүтээх юмсан гэж боддог. Киноны төрөл тийм ч хамаатай биш.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ