“Архигүй орчин бүтээцгээе” хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэв

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ГХУСАЗСЗ/ өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ.


Хуралдаанаар “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн талаарх үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.


2020 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороодод зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17,100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.


Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс


  • 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
  • 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
  • 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
  • 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.


Уг хэлэлцүүлгийн үр дүн, иргэдийн санал хүсэлтийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ