Бостоны тусгай ажиллагааны эргэн тойронд

АНУ-ын Бостон хотноо марафон гүйлтийн үеэр цуврал дэлбэрэлт үйлдсэн хэргийн буруутнуудыг өнгөрсөн пүрвээс баасан гаригт /орон нутгийн цагаар/ илрүүлж тусгай ажиллагаа явуулсан тухай мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллүүдийн гол сенсаци болж байна.

Дэлбэрэлтийн үеэр гудамжны камерт үлдсэн дүрс бичлэгийг шүүсэн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд хоёр сэжигтэн этгээдийн зургийг олон нийтэд зарлаж эрэн сурвалжилж эхэлсэн.

Улмаар тэднийг илрүүлж буудалцаан болсны эцэст сэжигтнүүд болох Тамерлан Царнаев амиа алдаж, дүү Жохар Царнаев баривчлагдаад байна. Үйл явдал хэрхэн өрнөснийг Bataar.mn вэбсайт тоймлон хүргэе.

18-ны Пүрэв гариг, 17.10.

Цагдаагийнхан марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийн зургийг олон нийтэд зарлав.

Эхний сэжигтэн, хар саравчтай малгай, хар хүрэмтэй, хоёр дахь сэжигтэн арагш нь харуулж өмссөн цагаан саравчтай малгай, хар хүрэмтэй байв.

Эхний сэжигтэн дүрс бичлэгт үлдсэнээр дэлбэрэлт болсон газар үүргэвчээ орхижээ. Цагдаа нар сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхийг олон нийтээс хүсэж, мөн зэвсэглэсэн онц аюултай этгээдүүд байж болзошгүй тул болгоомж, сэрэмжтэй байхыг бостончуудад анхааруулжээ.

18-ны Пүрэв гариг, 22.30.

Дэлбэрэлт болсон газрын эсрэг талд буюу голын нөгөө эрэгт Массачусеттсийн технологийн хүрээлэнгийн ойролцоо дахин буун дуу гарлаа.

Гэрчүүдийн хэлж буйгаар буун дуу гурван удаа гарсан бөгөөд удалгүй цагдаа нарыг ирэхэд хүрээлэнгийн ойролцоо эргүүлд гарч байсан цагдаа машиныхаа дэргэд бууны шархтай ухаангүй олджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амиа алдсан байна.

Ах дүү Царнаев цагдаатай тулгарч саатуулагдсан ба улмаар буудалцаж цагдаа амь үрэгдсэн хэмээн одоогоор таамаглаж буй юм.

Тэндээс ах дүү хоёр хойд зүгийг чиглэн явж хар өнгийн мерседес бенз машин хулгайлсан ба энэ үеэрээ эрэн сурвалжлах ажиллагаа эрчимжсэн байсан учир цагдаа нар ч шуурхай мэдээлэл авсан аж.

Улмаар цагдаа нар сэжигтнүүдийг Бостоны баруун захын дүүрэг чигтэй явж байгааг тогтоож отолт зохион байгуулав.

Уотертаун дүүргийн Декстерийн өргөн чөлөө, Лаурель гудамжны ойролцоо цагдаа нар сэжигтнүүдтэй буудалцаж энэ үеэр хүнд шарх авсан ах Тамерлан Царнаев амиа алдсан байдаг.

Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч сумны шарх үхлийн шарх байжээ. Яг энэ үед ах дүү Царнаевын мэдээллийг цагдаа нар бүрэн олж, Кембриж дүүрэг дэх гэрт нь нэлээд хэдэн гар аргаар бэлдсэн тэсрэх төхөөрөмж илрүүлж байлаа.

Харин дүү Жохар Царнаев шархадсан ч харанхуйг далимдуулан зугтаж амжсан байна.

19-ний Баасан гариг, шөнийн 01.00.

Цагдаа нар шархадсан Царнаевыг хайж Уотертаун дүүргийг бүхэлд нь бүслэн самнаж эхэллээ.

Холбооны мөрдөх товчооны терроризмтэй тэмцэх тусгай тасгийнхан, хуягласан тусгай ажиллагааны машинууд бүхий 300 орчим цагдаагийн хамтаар гудамжнаас гудамж дамжин түүнийг хайж байв.

Уотертаун төдийгүй ойролцоох дүүргүүдэд хөдөлгөөнийг хязгаарлаж, гудамж, байшин бүрийг самнасан цагдаа нар шөнийн 05.30 цагт нийтийн тээврийн бүх сүлжээг бүрэн зогсоолоо.

Өглөө болсон ч эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулсаар. Цагдаа нар Жохар Царнаевыг бүслэгдсэн дүүргээс гарч амжаагүйд итгэлтэй байсан ч оройн 18.00 цаг боллоо.

19-ний Баасан гариг, 19.00

Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байх үеэр хэвлэлийнхэн АНУ-ын Мэрилендэд оршин суух хэрэгтнүүдийн авга ах, ОХУ-ын Дагестанд амьдардаг аав, ээжтэй нь холбоо тогтоож амжив.

Ах, дүү Царнаевын аав хөвгүүдээ өмөөрч, гэм буруутайд итгэхгүй байгаа төдийгүй тэднийг ангуучилж байгаа Америкийн цагдаа нарыг илтэд буруутгаж телевизийнхэнд ярилцлага өгч байв.

Энэ үеэр оршин суугчдын мэдээллийн дагуу сэжигтний байгаа газрыг тогтоосон цагдаа нар нэгэн байшинг бүслэв. Улмаар байшингийн хажуу талд завин дор нуугдсан Жохар Царнаевыг баривчилснаар тусгай ажилагааг зогсоолоо.

Жохар Царнаев цагдаа нартай буудалцах үеэр нэлээд хүнд шарх авсан ба түүнийг хотын эмнэлэгт хүргэн эмчилж байгаа аж.

Ах, дүүс хэн байв

ОХУ-ын Дагестанаас гаралтай мусульман шашинт ах, дүү Царнаев АНУ-д 2001 оноос хойш амьдарч иржээ. Чеченийн дайны үед Америкт цагаачилж ирсэн ба удалгүй эцэг нь төрөлх Дагестан руугаа буцсан байдаг.

Харин ах, дүү хоёр тус тусын сургуульдаа суралцаж Америкт үлджээ.

19 настай Жохар Царнаевын тухай түүний ээж Анзор Царнаев BBC агентлагт яриа өгөхдөө “Миний бага хүү тархины мэс засалч болохыг хүсдэг, даруу дөлгөөн, эрдэм номд шамддаг сайн хүү.

Тэр хэзээ ч зэвсэг барихааргүй хүүхэд” гэжээ.

Жохар чеченчүүдийн дунд хамгийн нийтлэг нэртэй нэгэн бөгөөд Оросын залуусын интернэтийн сүлжээ болох “VKontakte”-д чеченчүүдийн группын залуу гишүүдийн нэг байжээ.

Магадгүй эндээс л эрдэм номд дуртай хүү радикал, шашинлаг үзэлд нэрвэгдэж эхэлсэн байж болох юм хэмээн CNN тоймложээ.

26 настай, буудалцааны үеэр алагдсан Тамерлан Царнаевын хувьд боксоор сонирхон хичээллэдэг, коллежийнхоо аварга, гэрэл зураг ихэд сонирхдог нэгэн байжээ.

 Түүний найз бүсгүй нь Тамерланыг үлгэр жишээ ах, Чеченийн салан тусгаарлах үзлийг ихэд дэмжигч, машид шүтлэгтэй тиймээс ч архи, тамхийг жигшдэг нэгэн байсан хэмээжээ.

Магадгүй салан тусгаарлах үзэл, лалын хэт даврах үзэл нийлээд түүнийг дүүгийнхээ хамт террорист ажиллагааг үйлдэхэд хүргэсэн байж болох.

Гэхдээ марафон гүйлтийн үеэр бөмбөг дэлбэлэх, алан хядах ажиллагаа үйлдэхийг ах дүүс дангаараа үйлдсэн гэхэд бас л бодууштай. Ах, дүүстэй лалын хэт даврагсадын нууц бүлэглэлүүдээс холбогдож улмаар эгнээндээ элсүүлсэн байж болохыг америкчууд бичсээр байна.

Н.Умард 

 

    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ