Намрын чуулган нээлтээ хийж, нам түгжирсэн долоо хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.
Улстөрд
“ХҮН-ЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙ ШАЛТГААНЫ АРД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙНА”
Орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөдөлмөрийн үндэсний намынхан хэн нэгэнд худалдагдахгүй. Бид өөрчлөлтийг бий болгохоор эвлэлдсэн болохоос хэн нэгэнтэй холбогдож улс төр хийх гээгүй. Биднийг хамтарч ажиллахгүй бол сонгуульд оролцуулахгүй гэж байна гэж ойлголоо. Бид эхнэр хүүхдийнхээ цүнхийг барьж явснаас хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг барьж яваагүй. Хуулийн байгууллага хараат, хэн нэгэнд үйлчилдэг байх юм бол өөрчлөх ёстой. Бидний шаардлагын хариуг 24 цагт өгөхгүй бол эсэргүүцэл илэрхийлж, хамгийн хүнд тэмцлийг сонгоно. Энэ бүхний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байна” гэлээ.
МОНГОЛ УЛС “АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-Т НЭГДЭН ОРОВ
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав.
Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр тус хэлэлцээрийн оролцогч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн интеграцийн үйл явцад идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтой юм.
Х.Баттулга: Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж дахин дахин Та бүхнээс хүсэж байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ? Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна” гэв.
Г.ЗАНДАНШАТАР: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗУРГААН ХУВЬ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Намрын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн олон салбар, чиглэлийг хамарсан 112 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн шинжтэй томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна” гэлээ.
Ш.АДЬШАА: Ц.НЯМДОРЖИЙН ҮЕД ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Шүүхийн тухай хууль Ц.Нямдоржийн үзэл баримтлалаар өргөн баригдсан учир тус хуулийн төслийг эргүүлэн татах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдэгдлээ. Тэрбээр "Шүүхийн тухай хууль гэж Ц.Нямдорж сайдын үед өргөн барьсан хуулийг эргэн харах шаардлага бий. Ц.Нямдорж сайдын үзэл баримтлал, бодлогоор Шүүхийн тухай хуулийг боловсруулсан. Гэтэл өнөөдөр шинэ Засгийн газар, шинэ сайд томилогдсон. Шүүхийн тухай хууль чухал гэдгээрээ Үндсэн хуулийн дараа ордог. Өмнөх Засгийн газрын сайдын үзэл баримтлалаар өргөн мэдүүлсэн хуулийг яагаад татаж авч болдоггүй юм бэ. Шударга шүүхийн тухай асуудал өнөөдөр Монголын нийгмийн хамгийн тулгамдсан асуудал" гэлээ.
НИТХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч үнэмлэхээ гардан авсан юм.
Нийгэмд
МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН 313 ТОХИОЛДЛЫН 307 НЬ ЭДГЭРЧЭЭ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монголд батлагдсан 313 тохиолдол байгаагийн 307 нь эдгэрсэн. Энэ долоо хоногт 4230 хүн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дөрвөн хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ" гэв.
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ТЭГ ЗОГСОЛТ БОЛОВ
Төлөвлөлтгүй хотын түгжрэл иргэдийг бухимдуулж байна. Ажилдаа ирж, очихын тулд 2-4 цагийг зарцуулах нь түгээмэл боллоо. Очих гэж хоёр цаг, тараад харих гэж хоёр цаг. Олон улсын үзүүлэлтээр автомашин 10-15 км цаг хурдтай явж байвал үүнийг ТЭГ зогсолт гэж үздэг. Тэгвэл анхны цас хаялсан өдрүүдэд Нийслэл хотын замын хөдөлгөөн ТЭГ битгий хэл ТАГ болов. Зам дээр явсан нь зам дээрээ, зогсоолоос зам руу орох гэсэн нь тэр газраа таг гацаж гурван цаг болж, урьд хожид байгаагүй ТЭГ зогсолтыг үзэв. Энэ талаар http://bataar.mn/n/101645 нийтлэлээс уншаарай.
ТОЛГОЙТ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм.
Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ