Хүүхдийн 100 мянгыг ирэх зургаадугаар сар хүртэл олгоно

Засгийн газраас ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.
Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг.
Төсөв хэлэлцэх бүрд олон нийтийн анхаарлын төвд байнгын байсаар ирсэн асуудал бол хүүхдийн мөнгөн тэтгэмж. Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал нэмэгдүүлж, 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл КОВИД-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор уг арга хэмжээг ирэх оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор тооцож, 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ