П.Мөнхжаргал: Агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээг үр ашигтай байлгахаас гадна хүнээ чухалчилж байна

“Иргэний нисэхийн үндэсний төвийн дүрэм” шинэчлэн батлагдсантай холбогдуулан ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргалаас дараах тодруулгыг авлаа.
-Дүрэмд орсон гол шинэчлэлүүд юу вэ. Дүрэмд яагаад өөрчлөлт, шинэчлэл хийх болсон бэ?
-Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэрт агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээг эдийн засгийн үр ашигтай үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллага юм. Тиймээс дээрх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/171 дүгээр тушаалыг үндэслэн ИНҮТ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж улмаар шинэчлэгдэн батлагдсан дүрмийн дагуу Иргэний нисэхийн үндэсний төвд мэргэжлийн хэлтэс байгуулах, бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтыг илүү оновчтой болгох ажил хийгдэж байна.
Үндсэндээ Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-аас манай улсад байнга тавигддаг шаардлагад нийцүүлэн иргэний нисэхийн салбарын хяналт, үйлдвэрлэлийг салгаж салбарын хөгжил, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх шат дараалсан ажлууд хийж буй нэг нь ИНҮТ-ийн дүрмийг улам сайжруулах, түүнд нийцүүлсэн бүтэц, зохион байгуулалтыг хийх явдал юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ИНЕГ нь нисэх буудлуудын үйлчилгээг сайжруулья, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллуулья гэж байнга ярьдаг ч төрийн статустай байгууллага нь нисэх буудлуудыг ашигтай, орлоготой ажиллуулах реформ хийж болдоггүй байсан.
Харин ИНЕГ-ын харьяа үйлдвэрлэл хариуцсан ИНҮТ байгуулагдсанаар орон нутгийн нисэх буудлуудыг ашигтай ажиллуулах, навигацийн үйлчилгээний үнэлэмжийг олон улсад улам нэмэгдүүлэх, энэ хоёр үйлчилгээг нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан тогтвортой, нэгдмэл, найдвартай үйл ажиллагаа явуулахад чиглэсэн оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийсэн дэвшлүүд гарч байна.
-ИНҮТ-ийн бүтэц, зохион байгуулалтын хувьд оновчтой болгох ажлын хүрээнд хийгдсэн гол өөрчлөлт нь юу вэ?
-Нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээг эдийн засгийн ашигтай үзүүлэх гэсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд мэргэжлийн хэлтсүүдийг байгуулж байна.
Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгийн чухал. Тиймээс нисэхийн салбарт ажиллаж байгаа ажилчдынхаа эрүүл мэнд, ажлын байран дээрх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилтыг нэн тэргүүнд тавьж байна. ИНҮТ-ийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд хийгдсэн гол өөрчлөлтийн нэг нь энэ.
Тодруулбал, ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг чухалчилж, олон улсын жишигт нийцсэн байгууллага байхын тулд ИНҮТ-ийн бүтцэд дээрх асуудлыг хариуцсан нэгж бий болсон.
Иргэний нисэхийн үндэсний төвийн шинэчлэн батлагдсан дүрмийг бүрэн эхээр нь үзнэ үү.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ