Кармело Энтони гайхамшигтай байна

Нью-Йорк Никс Дорнод бүсийн хоёрдугаар байраар плэйоффд амжилттай орж ирсэн бол Бостон Селтикс 41 хожилтойгоор долдугаар байрт эрэмбэлэгдснээр ийнхүү хоёр баг хоорондоо таарсан юм. Тэдний өрсөлдөөний эхний тоглолт өнөөдөр өглөө боллоо. Нью-Йорк Никсчүүд цувралыг талбай дээрээ эхлүүлсэн шигээ, Кармело Энтонигийн гайхалтай тоглолтын үр дүнд хожлыг ч мөн эхлүүлж чадлаа.  

Тоглолт 85:78-ын харьцаагаар талбайн эздийн давамгайлал дор өндөрлөсөн ба Кармело Энтони гайхалтай байж 36 оноо ганцаараа зулгааж чадсан. Түүний араас багийн нөхөд нь болох Жи Ар Смит 15, Рэймонд Фелтон 13, Кэнион Мартин 10 оноо тус тус авсан. Харин Бостоноос Жефф Грин, Пол Пирс нар багаа төлөөлж 20-иос дээш оноо тус тус авсан ч энэ нь хожилд хүрэхэд хангалтгүй байлаа. Кевин Гарнетт 37 минут талбайд гарсан ч наймхан оноо зулгаажээ.

Ийнхүү Кармело Энтонигийн хөдөлмөр цувралыг Нью-Йоркчууд тэргүүлж эхэллээ.  Хэрвээ тэд плэйоффын эхний даваанд учраа таарсан Селтиксчүүдийг буулгаж чадвал дараагийн өрсөлдөгч нь Индиана болон Атлантагийн аль хожсон нь байх бөгөөд тэдний хэн нь ч Нью-Йорк Никсийг барахгүй гэдгийг мэргэжилтнүүд дурдаж буй. Тиймээс Кармело Энтони тэргүүтэй Никсчүүд бүсийнхээ аваргын төлөө тоглолтод Майамитай тулгарах магадлал өндөрт тооцогдож байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ