Зөв бичгийн дүрмийг “самрах”-аа больё!

Сүүлийн жилүүдэд монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн талаар шуугиж, улмаар маргаантай гэгддэг үгсийг нэг янзаар бичихээр холбогдох газруудаас тушаал, шийдвэр гарсан билээ. Хүмүүс олон жилийн турш хэрэглээд хэвшсэн үгсийг илтэд “буруу” бичих болсонд дургүйцлээ илэрхийлсээр ирсэн юм.  Сүүлд гэхэд л “Үндэсний Үсэглэлийн Аварга-2021” нэвтрүүлгийн анхны дугаар ням гарагт "Боловсрол" телевизээр гарч монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудал эргэн сөхөгдөв. Тухайлбал, “Монгол хэлний дүрмийг өөрчилж, үгсийг зориудаар эвдэж байна” гэсэн олон нийтийн шүүмжлэл цахим орчинд тархаж байгаа энэ үед эрдэмтэн, судлаачид мэргэжлийн тайлбар өгчээ.



Тодруулбал, цоморлог гэдэг үгийг 1983 онд хэвлэгдсэн “Монгол үсгийн дүрмийн тайлбар толь”-д ЦОМОРЛОГ гэдгээр нь бичиж нийтэлжээ. Ямар ч үгийг зөв бичих суурь нь үгийн язгуур, үндсийг зөв бичих явдал юм. 1983 оны Үсгийн дүрмийн тольд, 2018 оны Журамласан тольд ч ИДЭВХ гэж оруулсан бөгөөд дээрх үгийг жишээ болгон дүрмийн дагуу тайлбарлажээ.


Кирилл бичиг нь монголчуудын оюуны соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ бидэнд зөв зохистой буюу дүрэм журамтай хэрэглэх шаардлага байгаа. 1941 оноос хойш кирилл монгол бичгийн дүрмийг нэг мөр болгож, сургалт судалгаанд эргэлзээгүй хэрэглэх олон янзын санал гарсаар иржээ. Үе үеийн эрдэмтдийн гаргасан тэрхүү санал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүйгээр өнөөдрийг хүргэсэн байна. Үүнийг нэг мөр болгож шийдэхгүй бол эх хэлний боловсролын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй.


Энэ талаар Хэл бичгийн ухааны доктор Д.Боролзой Юуны өмнө зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй, бас цаашид ч өөрчлөгдөхгүй байх гэдгийг мэргэжлийн хүний хувьд шуудхан хэлчихье. Үнэ цэнэ, сармис гэх зэргээр бичдэг байснаа үнэ цэн, саримс гэж бичдэг болчихлоо, дүрэмд өөрчлөлт орчихов уу гэж та асуулаа, хүмүүс ч энэ талаар их маргалдаж байгаа харагдлаа.Үнэндээ бол зөв бичих дүрмийн толиуд харвал үнэ цэн, саримс гэх зэргээр огт өөрчлөгдөөгүй хуучин хэвээр л байгаа шүү. Өөр өөрсдийн зөв бичгийн дүрэм гэж байхгүй шүү дээ. Буруу бичсэнээ л өөрийн зөв бичих дүрэм гээд байгаа бололтой. Өөрийнх нь бичсэн шиг л байхгүй бол дүрэм өөрчилсөн, ингэж бичдэг байгаагүй гээд байх юм. Тэгэхээр цаашид Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж нэгэнт хэвлүүлсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг л өдөр тутмын бичгийн харилцаандаа хэрэглэж дадах хэрэгтэй” гэв.

 

Угтаа хэл бол үндэстэн оршин тогтнохуйн нэгэн үндэс. Эдээрээ оролдвол эвддэг, эхнэрээрээ оролдвол салдаг гэх мэргэн үгийг манай ард түмэн эртнээс хэлсээр ирсэн. Хэл соёлоороо оролдоно гэдэг бол яавч сайн зүйлд хүрэхгүйн цондон. Үүнээс гарах сөрөг үр дагавар асар их бөгөөд кирилл үсгийн дүрэмд дахин, дахин өөрчлөлт оруулалгүй “тайван байлга”-аад аль гэж хэлмээр байна.

 



Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ