С.Баярцогт нарт холбогдох шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцуулна

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2020.12.03/ 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлсэн. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцсон юм. Гэхдээ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч буцаан тусгаарласан юм. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцсэн
. Ингээд бүхэл өдөржин үргэлжилсэн шүүх хурал 22.00 цагт завсарласан бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр /2020.12.04/ албан ёсоор танилцуулахаар болсон юм.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял,гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.
Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан.
Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ