Гурван Батхуягийн тавилан

АМГ-ын дарга асан Д.Батхуяг. Түүнийг2011 оны хоёрдугаар сарын 17-нд Засгийн газар АМГ-ын дарга буюу Монгол орны хөрсөн доорхи бүх баялгийн эзэн, манаачаар томилсон. Гэвч Д.Батхуяг Монгол орны баялгийг манах бус хар гарт хулгайчуудад баруун солгойгүй цацсан зүсээ буруулсан нэгэн байжээ.

Хөвсгөл аймгийн харьяат Д.Батхуяг уг нь яах аргагүй монгол хүн. Харин сөөм газрынх нь төлөө цусаа урсгаж явсан өвөг дээдсийнхээ үлдээсэн газар шороо, доорхи баялгийг нь гадна, дотны этгээдүүдийн гарт хууль бусаар шилжүүлж байсан хэргээс нь үзвэл түүнийг монгол гэмээргүй.

Насаараа боловсролын салбарт ажилласан багш аав, ээжийн гэр бүлээс гаралтай Д.Батхуяг хожуу төрийн албанд орж ирсэн. Ердөө тав зургаан жил болж буй. Гэсэн ч энэ хугацаандаа маш өндөр хариуцлагатай албанд тохоон томилогдож байлаа.

АМГ-ын даргын албыг тэрээр ерөнхий сайд асан С.Баяраас авсан гэлцэх. Ер нь түүнийг С.Баярын гарын хүн гэх ба заримдаа Д.Батхуягийг АТГ-т баривчлагдсан нь экс ерөнхий сайдын далайн чанадыг зорьсон шалтгаан нь болсон ч гэдэг.

Д.Батхуяг яагаад ашигт малтмалын 192 лицензийг хууль бусаар олгох болов. Тэр зөвхөн өөрийгөө бодсон бол 100 байтугай 10 том лиценз ч насаараа идэх хоолтой нь залгах байсан биз. Тэгвэл монгол орны өнцөг булан бүрт хөрс шороон дороо орших баялгийг ухаж ашиглах эрхийг хууль бусаар авахыг хүссэн олон улстөрч, компани, гадаадын эрхмүүдэд тэр үгүй гэж чадсангүй.

Баялгийн авдрын түлхүүрийг гарт нь атгуулсан эзэддээ, эздийг нь тойрон хүрээлсэн, тэрхүү авдрыг ухахаар шунахайрсан олон бүлэг этгээдүүдээс нүүр буруулахад хэцүү байсан биз.

Харин илүү амар замыг сонгосон нь өдгөө Монгол Улсын шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байгаа явдал болжээ. Нийгэм дэх олны танил Батхуягуудын төлөөлөл мөн хэдий ч түүний нэр нэгэнт сүүдэрт бичигдэх болжээ.

Ц.Батхуяг. Жүжигчин Амбий хэмээн олноо танигдсан тэрээр Дорнод аймгийн харьяат. Тэрээр аавыгаа дагаж явсаар жүжигчин болсон гэдэг. СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж, 90-ээд оны сүүлээр Германд машины бизнес эрхэлж, тэр мөнгөөрөө байр авахыг мөрөөдөж байсан гэдэг.

Тэр үед нь түүнийг жүжигчний мэргэжлээ орхихыг зөвлөж байсан ч Амбий урлагтаа үнэнч үлдсэн. Энэ ч түүний хамгийн зөв сонголт болсон бизээ.

Ард түмнээ баясган, цэнгүүлдэг, тайз дэлгэцийн хайртай жүжигчдийн нэг болсон Ц.Батхуяг хүнд өвчнөөр өвчилж байсан ч олон түмнийхээ буянаар эрүүл саруул болж чадсан. Нэг хэсэг түүний нас барсан тухай мэдээллийг шар хэвлэлүүд нийгэмд цацаж дуулианы эзэн ч болж байв.

Ямартай ч тэрээр ард түмэндээ нэртэй, нүүртэй нэгэн Батхуяг. Өнөөгийн Монголын нийгэмд олны анхаарлын төвд байдаг Батхуягуудын яах аргагүй төлөөлөл нь тэр мөн юм. Урлаг, дахин давтагдашгүй авьяасынхаа ачаар тэр хэнээс ч дутахааргүй, нүүр бардам амьдарч явна.

Түүний нэр дээр дурдсан Д.Батхуягийн оршин буй сүүдрийн нөгөө талд цаасан дээр цагаанаар бичигдэж, урлагт дурласан олон залуусын үлгэр дууриал болж явна.

Г.Батхуяг. Өмнөговь аймгийн харьяат Г.Батхуяг дээрх хоёртой үе чацуутнууд. Гэхдээ тэр хоёр шиг олны анхаарлын төвд байдаггүй нэгэн. Өмнөх Засгийн газрын үед БСШУЯ-нд нэгэн багахан хэлтсийн албан хаагч хийж байгаад Шинэчлэлийн тодотголтой засаг гарсны дараа ажлаа өгч /үнэндээ ажлаа өгсөн үү, чөлөөлөгдсөн үү гэдгийг төр өөрөө ч сайн ялгадаггүй гэх/ одоо гэр бүлийн хамт хотын захын хашаа байшиндаа хүнсний ногоо тариалж, оёдлын цех ажиллуулдаг юм.

Төрийн албанаас хувийн хэвшил рүү хөл тавьсан Г.Батхуягийнх даржин амьдралтай, олсон орлогоо хэдэн хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулдаг ч аз жаргалтай нэгний тоонд өөрийгөө оруулж явна.

Дунд сургууль, дээд сургуульд багш хийж байгаад яаманд томилогдож жил гаруйн хугацаанд ажилласанаа тэрээр бахархан ярих дуртай. Ардын хүүхдийн боловсролд амьдралаа зориулж яваад төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгээд ч амжсан.

Нэг их удалгүй түүний суудалд хэлтсийн даргатай нь жигтэйхэн найз нэг хүүхэн ирсэнд тэрээр гомдол, санал ч болсонгүй, хэдэн хүүхдүүдтэйгээ нийлэн хашаандаа тариалдаг ногоогоо тордож “бизнес” хийхээр шийдсэн гэдэг.

Тэр Амбий буюу нэр нэгт Ц.Батхуягийг телевизээр гарахад нь харах дуртай, авьяас билгийг нь хүндэлж явдаг гэсэн. Харин АМГ-ын дарга асан Д.Батхуягийг бодохоор уурлаж бухимдахаас түрүүнд даанч дээ гэж өөрийн эрхгүй харамсдаг гэнэ лээ.

Манай нийтлэлийн гол баатар Батхуягууд өөр өөрийн тавилан, төөргөөр амьдарч явна. Харин тэдний хоёр нь л хүссэнээ хийх эрх чөлөөтэй, цээж дүүрэн амьсгалтай,сэтгэл тэнүүн жаргалтай, харц өөдрөг яваа. Элгэн түмэндээ хүндлэгдэж, тэднийхээ нэгэн хэсэг болж яваа.

Харин нэг нь...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ