ЭМЯ: Мөнххадагийн голомтоос 4, Төв шуудангийн 2 ажилтан, Франкфуртын нислэгээр 7 гээд нийт 22 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 22 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 7 хүний 3 дахь шинжилгээнээс халдвар илэрсэн. "Амар" зочид буудалд байсан 5 хүн, "Жаргалант" сувилалд байсан 2 хүн байна. "Амар" зочид буудлын 5 хүний нэг нь резидэнт эмч байна. Тус буудалд 100 гаруй хүн байгаа учраас тэднийг эрсдлээс сэргийлж, нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилчдыг нь сольж тараах, өөр ажиглан тусгаарлах байранд зөөвөрлөсөн. Дотооддоо нийт 15 хүнээс илэрсэн.
БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 2 хүнээс илэрсэн байна. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч. Дөрөв нь Мөнх-Хада компаниас илэрсэн хоёр хүний хавьтлууд байна. Мөнх-Хадагийн голомтод 6 тохиолдол батлагдлаа. Тиймээс ойрын 35 хүнийг тусгаарлан, 92 хүнийг гэрийн хяналтад авч шинжилгээ авч байна. Хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн хүний гаалийн хэсэгт ажилладаг ажилчид байна. 1 хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхай нь тэндээс үүдэлтэй. Тухайн шуудангийн 70 хүнийг хяналтдаа авч, 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаад байна. Бусад нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай гэр бүлийн хавьтал 4, цэгүүдээр шинжилгээ хийснээс гэр бүлээрээ халдвар илэрсэн 3, 4 тохиолдол байна. Мөн ХӨСҮТ-ийн батлагдсан хүмүүсийн ар гэрийнхэн байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 429 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 755 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1242, эдгэрсэн 855, эмчлэгдэж байгаа 377 байна. Үүнээс 266 хөнгөн, 100 хүндэвтэр, 9 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 18 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ