"Арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрт өмнөх сарын төлбөр тодорхой хэмжээгээр байгаа"

Цар тахлын үед иргэд, ААН-ийг дэмжих зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл цахилгаан, дулаан, усны хэрэглээг төрөөс даах шийдвэр гарсан. Ингэхдээ өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс дааж, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө төлөх зохицуулалтыг хийсэн юм.
Харин хэрэглэгчдийн цахилгааны төлбөр өндөр гарсан, үүнээс багахан хувийг тэглэсэн гэх гомдол цахим орчимд цацагдаад байгаа. Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ асуудалд тайлбар өгчээ.
Тэрбээр "2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрт арваннэгдүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал, Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.
Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулъя. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ