"Оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай байна"

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд нийслэлд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.
Тэрээр "Есдүгээр сарын байдлаар дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол гарсан. Мөн энэ хугацаанд 18435 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16745 нь эмчлүүлээд эмнэлгээс гарлаа. Улсын онцгой комиссын дэргэд ор зохицуулалтын баг ажиллаж байгаа. Өнгөрсөн хоногуудад 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул оронд эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай улаан эрэмбийн 96, улбар шар эрэмбийн 128, шар эрэмбийн 25, ногоон эрэмбийн хоёр иргэнийг эмнэлэгт хэвтүүлсэн.
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор оюутны байруудад орон нутгаас ирж байгаа 10 мянга гаруй оюутан байгаа. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн 13 их сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 750 оюутнаас коронавирус илэрч, таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, СУИС-ийн найман оюутнаас халдвар илэрсэн. МУИС оюутны дөрөвдүгээр байр, Оюутны өргөө орон сууцны хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгоод байна. Оюутнуудад санхүүгийн хүндрэл үүсэж байгаа учраас төрийн их дээд сургуулийн удирдлагууд оюутнаа эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг уриалахыг хүсье" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 74.5 хувь, хоёрдугаар тунд 70.7 хувь нь хамрагдаад байна. Харин хүн амын гуравдугаар тунгийн хамрагдалт 11 хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй батлагдсан тохиолдлын тоо 6510. Үүнээс 445 хүүхэд, 930 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа юм. Гэрээр 35690 тохиолдол эмчлүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ