С.Энхболд: Эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийлээ.

Мөн үеэр эм, тарианы хомсдол үүсэж буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр “Эрүүл мэндийн яамны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж бий. Энэ байгууллага эмийн чанар, хяналт, нөөцийг хариуцаж ажилладаг. Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тиймээс ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудад 1-2 сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүл гэсэн үүрэг өгсөн. Тиймээс одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол хараахан үүсээгүй байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагад уулзалт зохион байгуулж, Шадар сайдын дэргэд ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсэг хэд, хэдэн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тодруулбал, Таньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, тээврийн асуудлыг шийдэж, бусад боомт болон агаарын тээврээр тээвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. 

Дуслын шингэний 70 орчим хувийг дотооддоо хангадаг үйлдвэр бий. Уг үйлдвэрт одоогоор тасалдал үүсээгүй. Гэхдээ өмнөх үеийнх шиг их хэмжээгээр олгохгүй байгаа. Ингээд явбал 14 хоногийн нөөц бий. Эм, эмнэлгийн хэрэгслийн түүхий эдийг татан авах ажлуудын яаралтай зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ