Ковидоор өвдөөд эдгэсэн хүнд 64 төрлийн хам шинж илэрч байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдвар (КОВИД-19) нөхцөл байдлын ба вакцины дархлаа сэргээх тунгийн явцын мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүдэд өгөв:

-Ковид 19-өөр өвдөөд эдгэсний дараа хүний биед 64 төрлийн хам шинж илэрч байна. Ядрах сульдах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх шинж тэмдэг голдуу илэрдэг. Бид эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинээр гарган, эмнэлгүүдэд нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Дельта хувилбар дэлхийн бүх бүс нутагт давамгайлж байна. Энэ хувилбарын тохиолдол, нас баралт  Зүүн Европ, Их Британид өнгөрсөн 14 хоногт эрс нэмэгдсэн. Дельта хувилбарын дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрсдэлт бүлэг буюу хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт эрэмбэлэн хэвтүүлэх зорилгоор нийслэлийн ор зохицуулалтын багийг ажиллуулж байна.

Долоо хоногийн хугацаанд тандалтаар нийт 2818 хүн ирснээс 1887 хүнийг хэвтүүлсэн. Үүнээс яаралтайгаар 509 хүн, 272 жирэмсэн хүнийг эмнэлэгт эрэмбэлэн ангилж хэвтүүлсэн. Шаардлагагүй эмнэлэгт хэвтэлт буурчээ. Энэ баг ажилласнаар нийслэлд гэрийн нас баралт гараагүй.

Вакцины дараа тогтсон дархлаа 3-5 сарын дараа буурч байгаа нь мутацлагдсан хувилбарын халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа судалгаанууд гарсан. Тиймээс зарим улс вакцины нэмэлт тунг хийж эхэлжээ. Тухайлбал Израильд нэмэлт тун хийлгэсэн 60-аас дээш насны 1.1 сая хүнээс 12 хоногийн дараа 0.1 хувь нь өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нэмэлт тун хийлгэсэн 418,024 хүнээс 14 хоногийн дараа 1 хувь нь өвчилсөн. Эдгээр судалгаанаас дүгнэхэд вакцины нэмэлт тунд хамрагдсанаар халдварт өртөх, өртсөн тохиолдолд хүндрэх нас барах эрсдэлээс хамгаалах хувь өссөн. Тийм учраас нэмэлт тунд хамрагдалтыг эрчимжүүлнэ.

Одоо хэрэглэж буй ковид-19 вакцинууд аль нь ч үржих боломжтой вирусийг агуулаагүй нь вакцины дархлаа богино байгаагийн нэг шалтгаан гэж үзэж буй аж. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар дархлаа сэргээх нэмэлт вакцинжуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг дуулгалаа.

Ковидын вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа хамгийн өндөр хэмжээнд тогтож, 2, 3 дахь сараас хойш буурч байна. Бид дархлааны санамж эсийг сэргээх, дараагийн мутацад орсон хувилбараас сэргийлэхийн тулд 3 дахь тунг эхлүүлсэн. Цаашид дараа дараагийн хувилбар гарах эсэхийг судлаад явж байна. Ямар хэлбэр байх, ямар хурдаар тархах, ямар эмнэл зүйгээр эмчлэхийг одоо хэлэх боломжгүй. Дельта хувилбар цаашид улирлын томуу шиг дэгдэлт хэлбэрт шилжихийг үгүйсгэх аргагүй. Цаашид жилд нэг удаа хийх вакцин гаргах, эмчилгээг тодорхой болгох талаар эрдэмтэд ажиллаж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ