2 жилийн дараа Улаанбаатар хотын автозам бүтэн өдөр '0' зогсдог болно

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд “Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам” сэдвээр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч Б.Одсүрэн илтгэл танилцуулсныг хүргэж байна.

2025 он гэхэд ДНБ-ийхээ 12 хувийг түгжрэлийн өртөгт зарцуулдаг болно

Нийслэлийн замын хөдөлгөөний талаарх судалгаануудыг хийж байна. 2010 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 35 км/ цаг байсан. Энэ үед машины тоо 234 мянга, замын сүлжээ 954 км байсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд замын сүлжээ 19 хувиар нэмэгдсэн бол машины тоо гурав дахин нэмэгджээ. Энэ бүгдээс үүсэж буй түгжрэлийн өртөг 2020 онд 2.7 их наяд байсан. /Шууд болон шууд бусаар/ Бид одоо л арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол хоёр жилийн дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөн бүтэн өдөр “0” зогсдог болно.

Түгжрэлийн өртгийг шатахууны зардал, цаг хугацааны зардал, нөөцийн үр ашиггүй хуваарилалт, агаарын бохирдлын зардал, дуу чимээ, ажлын бүтээмж буурах, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, стресс зэргээр тооцдог. Судалгаагаар нийслэлийн иргэд бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд зарцуулдаг. Түгжрэлийг шийдэхэд ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2025 он гэхэд ДНБ-ийхээ 12 хувийг түгжрэлийн өртөгт зарцуулдаг болно. Тиймээс түгжрэлийг бууруулахад яаралтай арга хэмжээнүүдийг зайлшгүй авах хэрэгтэй.

Хөнгөн галт тэрэгний үйлчилгээг яаралтай нэвтрүүлнэ

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд судалж, тооцсоны эцэст хөнгөн галт тэрэгний маршрутыг гаргасан. Хотын төвд ажлын байр төвлөрдөг учраас дараах чиглэлд явахаар төлөвлөсөн.

Нэгд, Нисэх, Яармагаас 120 мянгатын Тэмээтэй хөшөөнөөс цаашаа Цэцэрлэгт хүрээлэн хүртэл

Хоёрт, Зунжингаас Гэгээнтэн хүртэл

Гуравт, Толгойтоос Амгалан хүртэл

Хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлэх ажил одоогийн байдлаар трасс төлөвлөлтийн үе шат дээр явж байна.

Унадаг дугуй болон явган зорчиход таатай нөхцөл бүрдүүлнэ

Хотын төв цэгээс таван км зайд 186 мянга орчим хүн оршин суудаг. Явган хүний зам хангалтгүй, дугуйн замын хүрэлцээ бага, хашаа хаалт ихтэй учир иргэд богино зайд ч тээврийн хэрэгсэл ашигладаг. Тиймээс тээврийн хэрэгслээс татгалзаж явган болон дугуйгаар зорчиход таатай хотын төвийг бий болгож, хүн төвтэй ногоон Улаанбаатар болгоход зорин ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ