ГХЯ: Монгол охиныг зодсон хоёр хүүхдийг тодорхой хугацаагаар улсын тусгаарлалтад авсан

БНСУ-ын MBC телевизийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20:00 цагт Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (Монгол улсынхаар 7-р анги) сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яам ажиллаж, хохирогч охины оршин суудаг Янгсан хотын цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.

Хэрэг 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Үлдсэн хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болжээ. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн.

Уг хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийнхний зүгээс асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүслээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ