А.Ариунзаяа: Хүүхэд хамгааллын асуудалд маш няхуур хандах ёстой.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийг түр амрааж магадгүй байгаа нөхцөл байдалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах тайлбарыг өглөө.
Тэрээр "Нөхцөл байдлын хувьд ямар байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр танилцуулсан. Засгийн газрын хуралдааны үеэрх танилцуулгадаа Нэгдүгээрт, томуугийн улирал эхэлж байна, хоёрдугаарт ЕБС-ийн хүүхдүүдийн сүүлийн долоо хоног цахимаар хичээллэх, оюутнуудын амралтыг эхлэхээс өмнө цахимаар шалгалт авах талаар хэлэлцсэн. Статистик дүн шинжилгээнээс харахад үүнийгээ дагаад ах, эгч нар нь амрахад цэцэрлэгтээ ирэх хүүхдийн тоо 50-60 хувиар буурдаг учир цэцэрлэгийн сургалтыг мөн цахимаар болгож, түр амраах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хувилбарыг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан.
Гэхдээ мэдээж ах эгчгүй ч хүүхэд байна, эцэг эх нь хоёул ажилтай, харах хүнгүй ч айл бий. Хүүхэд хамгааллын асуудалд маш няхуур хандах ёстой. Хэрэв хүүхэд харах хүн байхгүй бол яалт ч үгүй цоожлоод явдаг. Хүүхэдтэй холбоотой гардаг хамгийн түгээмэл ослууд нь ахуйн хүрээнд бодлог. Тиймээс бид энэхүү шийдвэрийг гаргахдаа маш анхааралтай байх ёстой. Мөн 2018 онд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор байгууллагуудад хүүхдийн өрөө гаргах саналыг дэвшүүлсэн ба хүүхэд харах хүн байхгүй бол түр хугацаанд ажил дээрээ байлгах боломжийг бүрдүүлэх юм.
Хөдөлмөрийн тухай хуульд байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогыг баримтлах, бага насны хүүхэдтэй эцэг эх гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх, 0-12 насны хүүхэдтэй бол онцгой цар тахлын үед ажил олгогчтойгоо ярилцан цахимаар ажиллахыг уриалсан" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ