‘Миний хамаатны ах’ сэдэвт зохион бичлэгээс хүчирхийллийн хэрэг илрүүлэв

Цагдаагийн байгууллагын хамгийн чухал зүйл бол мэдээлэл олж авах үйл явдал юм. Хэрэв мэдээлэлгүй бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл санааг хамгааалахад асуудал үүснэ. Нийгэмд олон төрлийн гэмт хэрэг, асуудал байгаагийн нэг нь хүчирхийлэл. Манай улсад хоногт дунджаар 100-150 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг. Энэ нь зөвхөн дуудлага өгч буй тоо. Дуудлага өгөөгүй хэчнээн хэрэг далд байгааг таамаглахад бэрх. Мөн энгийн үзэгдэл мэт болсон хүчирхийлэл нэмэгдсээр байна. Хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Ялангуяа хүүхдийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөх гэж буй хүүхдийг урьдчилан хамгаалахын тулд цагдаагийн байгууллагад мэдээлэх ёстой хүмүүс бол сургуулийн багш, нийгмийн ажилтан, эмч нар юм. Гэвч эдгээр хүмүүс холбогдох албаныханд мэдээлэх нь ховорджээ.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь олон арга хэмжээг хэрэгжүүлж буй аж. Тэдгээрээс дурдвал, ЕБС-ийн есөөс дээш ангийн сурагчдаар “Миний хамаатны ах” сэдэвт зохион бичлэг хийлгэсэн бөгөөд өөрт болон бусдад хамгийн муухай сэтгэгдэл, үлгэр дуурайлал үзүүлсэн хүнийхээ талаар бичсэн аж. Гэтэл тэрхүү зохион бичлэгийн тусламжтайгаар цагдаагийн байгууллага нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хүчирхийллийг зогсоож, арга хэмжээ авсан байна. Мөн сургууль дээр санал хүсэлтийн хайрцаг байрлуулж, хүүхдүүд өөрт тулгарсан асуудлуудыг бичжээ. Тус хайрцагнаас 20 гаруй хүчирхийллийн хэргийг илрүүлж, арга хэмжээ авч ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ