Э.Баясгалан: УНТЭ-ээс өдөрт 60-70 хүнд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэд харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очиж үзүүлэх боломжтой юм.

Улс, орон даяар тавдугаар сарын 1-нээс эхэлсэн үзлэгийн талаар БЗД-ийн 4 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Бямбажаваас тодруулахад "Өрхийн эмнэлгүүд 0-17 насны хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Жишээлбэл, манай эмнэлэгт өчигдөр гурван хүүхэд ирж, үзлэг оношилгоонд хамрагдсан. Харин өнөөдөр (үдээс өмнөх байдлаар) 10 хүүхдэд шинжилгээ хийсэн" хэмээн мэдээлэл өгөв. 

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Н.Нямсүрэн "Өчигдөр амралтын өдөр таарсан учраас иргэд үзлэг шинжилгээнд харьцангуй бага хамрагдсан. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны иргэд өчигдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт очиж үзүүлэх хуваарьтай байсан. Тодруулбал, тус эмнэлэгт таван иргэн очсон мэдээлэл бий. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд тав, Номун эмнэлэгт долоон иргэн тус тус очсон байна. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 18 иргэн ирж, үзлэгт хамрагдсан" хэмээн хэллээ.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн /УНТЭ/ Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Э.Баясгалан "УНТЭ-т өчигдөр 10 гаруй хүн ирсэн. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 20 гаруй хүн үзлэг, шинжилгээнд хамрагдахаар ирээд байгаа ч Эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэх шалтгаанаар долоон иргэн буцсан. УНТЭ-ийн зүгээс өдөрт 60-70 хүнд үзлэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Манайх Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19 дүгээр хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа" хэмээн мэдээлэл өгөв. Мөн "Иргэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай.  Харьяаллын бус хүмүүсийг үзэх боломжгүй" гэдгийг анхаарах нь чухал гэдгийг яриандаа дурдсан юм.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн /НЭМҮТ/ Тархвар зүй шуурхай удирдлагын албаны дарга Д.Баярмаа "Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын хүрээнд 119 тусгай дугаарыг ажиллуулж байна. Зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой тус дугаарт орон даяар бүх иргэн холбогдох боломжтой. 

Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 800 орчим иргэд тусгай дугаарт залгаж зөвлөгөө, мэдээлэл авсан" гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ