З.Мэндсайхан:Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна

Эмээлтэд байрлах мах махан бүтээгдэхүүний тулгамдсан асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тавдугаар сарын 30-ны өдрөөс ажлын хэсэг байгуулагдаж махны асуудлаар шалгалт явуулж байна.

Эмээлтэд махны чиглэлээр 32 аж ахуй нэгж байрлаж байна. Монгол Улсад мах экспортлох эрхтэй 61 аж ахуй нэгж бий. Үүнээс 31 нь Хятад улсруу мах экспортлох эрхтэй юм. Ингэхдээ дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох эрхтэй 15 үйлдвэр байна.

Эмээлтэд байрлах 32 аж ахуй нэгжийн 17-гийнх нь үйл ажиллагааг түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийж, спандартын дагуу ажиллах байгаа эсэхийг шалгаад, үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, хариуцлага тооцох, стандарт хангуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан “Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Бид энэ эрхийг өгдөг асуудалд ойлголтоо цэгцлэх ёстой.Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй.  

Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.

Тэдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээг өгдөг. 

 Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд. 

Мөн Мал эмнэлгийн мөшгөх системийг бид гаргаж, аль цэгээс бэлтгэгдээд Улаанбаатар хотод орж ирж байгаа талаар мөшгөх системээр Мал эмнэлэгт хяналт тавьдаг.

Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хотод 65.9 тонн мах, 157,000 литр сүү орж ирсэн. Энэ бүгдээрээ мал эмнэлгийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүнүүд.

Манай хүнсний үйлдвэрүүд нойтон махыг амталж, боловсруулж хэрэглэдэг. 

Гэтэл дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.  Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.

Мөн Эмээлт орчмын боловсруулах үйлдвэрээс махыг экспортод гаргах асуудал дээр ААН-үүд гаалийн байгууллагад малаа Мал эмнэлгийн олон улсын сертификат буюу шинжилгээнд хамруулсны дараа экспортод гаргах эрхтэй байдаг.

  Мал махны эрүүл ахуйг зөрчсөн асуудал бол хэдхэн ААН-ийн асуудал мэт боловч Монгол Улсын мал, махны экспортыг бүрэн утгаар нь саад учруулах байдлыг үүсгэж байгаа. Тиймээс салбар яам энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна" гэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж

- Сэтгүүлч Өнөрцэцэг “би өөрөө хариуцлага хүлээнэ” гээд лацыг тайлсан. Улсын байцаагчийн лацыг иргэн хариуцлага хүлээхэд бэлэн гээд хуулж болдог юм уу?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эрүүл мэнд, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, дэд бүтэц гээд долоон салбарт хяналт тавьдаг. Монгол Улсад үйлчилж байгаа дүрэм журмыг монгол ч байна уу, гадаад хүн ч байна уу дагаж мөрдөх ёстой. Шүгэл үлээж байгаа хэвлэлд талархах хэрэгтэй. Зариг манай байгууллага руу ярьсан учраас хяналт шалгалтын явцад хамтарч ажилласан. Хяналт шалгалтын ажлыг аль ч хэвлэл нээлттэй мэдээлж болно. Өнөөдөр ч манай хяналтын ажил явж байгаа. Төрийн байгууллага нээлттэй шилэн байх ёстой. Мах чанасан асуудал дээр би шүүмжлэлтэй байгаа. Тэр махыг хэрэглэх эсэхийг шинжилгээний дүгнэлт гарсны дараа шийддэг. Тиймээс мах идсэн байцаагчид хариуцлага тооцно. Лацыг мэргэжлийн хяналтын байцаагч ч бай, хэн нэгэн иргэн авч болохгүй тул зөрчлийн асуудал үүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ