Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, хоёр сая төгрөг болголоо

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралджээ. Хурлаар Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг хэлэлцсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая төгрөгөөр шинэчлэн тогтоожээ. Үүнээс өмнө энэхүү тэтгэмжийн хэмжээ нэг сая төгрөг байсан юм. 

Мөн амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний (даатгуулагчийн) ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая 500 мянган төгрөгөөр тогтоожээ. Эдгээр шийдвэрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм байна.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь дараах байдлаар шинэчилж байлаа.

  • 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг,
  • 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг,
  • 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг,
  • 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ