Орчин үеийн цирк нээгдсэн өдөр

    1768 оны 04-р сарын 04-ний өдөр дэлхийн хамгийн анхны орчин үеийн циркийг Лондонгийн Ламбетд /Lambeth, London/ нээсэн нь циркийн урлагийг хөгжүүлэхэд томоохон алхам болжээ.  Анх 14-р зуунд англи хэлэнд орж ирсэн цирк /circus/ гэдэг үг нь “тойрог” эсвэл “цагираг” гэсэн утгатай Грекийн κίρκος (kirkos) гэдэг үгнээс гаралтай бөгөөд Ромоор дамжин англи хэлэнд орсон.  
   Харин Монголд цирк 1934 онд үүсэн байгуулагдаад 90 орчим жил хөгжиж эдүгээ хүртэл 130 гаруй оронд монголын циркийн жүжигчид зочлон тоглож, циркийн сургууль байгуулагдсанаас хойш 180 гаруй уран бүтээлчид төгссөн байна. Бусдаас ялгаатай нь Монголын цирк нь хөтөлбөртөө амьтдыг бараг ашигладаггүй (Монголд байдаг гэрийн тэжээмэл морь, тэмээ, сарлаг, чоно гэх мэт амьтдыг эс тооцвол), дийлэнх олонхи нь цэвэр акробат, жонглёр, уран нугаралт, хошин шог дээр суурилсан байдаг. 
    Монголын уран нугаралт яагаад дэлхийд брэнд болов гэхээр дөч, тавиад онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш, Ж.Эрдэнэнцэцэг /Ирина/ нарын агуу гавьяагаар монгол циркчин эмэгтэйг уран нугаралттай холбож өгсөн байна. Монгол эмэгтэйн уян налархай, даруухан ааш аяг, тэр сайхан намуун аялгуу, бурхны суулт зэргийг уран нугаралтанд тусгаж өгсөн нь их нөлөөлсөн юм.  
   1968 онд Монгол улсын Сайд нарын зөвлөлөөс 2000 хүний суудалтай цирк барих шийдвэр гарч 1971 онд Улаанбаатар хотод Румын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар баригдсан Монгол Улсын Циркийн шинэ байр ашиглалтад орсон. Түүний дүрс нь аварга том өргөө гэртэй төстэй, хоёр мянган хүний суудалтай, энд циркийн тоглолтоос гадна нийтийг хамарсан төрөл бүрийн тоглолт болдог байв. 
     Монголын цирк 1970-1990 он хүртэл чансаагаараа дэлхийн тавцанд эхний тавд орж байв. Хятад, Орос, Солонгос, Ардчилсан Солонгос, тэгээд Монгол гэж яригддаг байлаа. Амьтан сургалт, уран нугаралт, акробат үсрэлтээрээ, алиалагчдаараа нэртэй учраас хаана ч циркийн уралдаан тэмцээн болсон Монголыг урьдаг байжээ. Ямар ч том тоглолт болсон монголын уран нугаралт, акробат, хүнд жингийн үзүүлбэрийг урьдаг байдал 1990 он хүртэл үргэлжилсэн юм.  
    Жил бүр цирк олон улсын янз бүрийн тэмцээнд багаа илгээдэг бөгөөд үргэлж шагналтай ирдэг байжээ. Монголын үндэсний цирк АНУ, Австри, Швейцарь, Япон, Герман, Голланд, Итали, Франц, Норвеги, Их Британи, Солонгос, Израйль, Орос, Хятад зэрэг дэлхийн олон оронд тоглогдсон. Монголын циркчид циркийн урлагийн олон улсын тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль бүгдийг хүртсэн. Акробатчин Лодойн Энхцэцэг анхны алтан медалиа 1983 онд Парист авсан. Дараа нь акробатын эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар 1986 онд Монте-Карлод болсон наадмаас “Мөнгөн алиалагч” шагналыг хүртсэн.  
    Одоогийн Монголын циркийн сургуулийн шилдэг сурагчид уран нугаралтаар Монте-Карлогийн Олон улсын хүүхдийн наадмын мөнгөн медаль, Улаан-Үд хотноо болсон циркийн урлагийн их наадмын Гран при шагналын эзэд болоод байна.
 Мөнгөн загастай адил тэд маш уян хатан үзүүлбэрээрээ дэлхийд гайхагдсаар байна.
No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ