Үндэсний аврах баг Халхголын түймрийн голомт руу нислээ

Дорнод, Сүхбаатар аймагт гарч буй хээрийн түймрийг унтраахаар 260 гаруй хүн ажиллаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарч буй тал хээрийн түймрийн улмаас 3 айл өрх орон гэргүй болж, тодорхой тооны мал амьтад өртөөд байгаа билээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 08-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутаг луу тархаад байна. Улмаар алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн галын тархац нэмэгдэж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрээд байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэжээ. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэх бэлтгэл хангав. Иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, үнс нурмыг ил задгай хаяхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ