Тавдугаар сард олон жилийн дунджаас сэрүүн байна

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын цаг агаарын төлвийг танилцууллаа.

Монгол орны хувьд тавдугаар сарын агаарын дундаж температур нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0…8°C, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12...20°C, бусад нутгаар 8...12°C дулаан байдаг аж. Хур тунадасны хувьд сарын нийлбэр нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–15 мм ордог.

2023 оны тавдугаар сард Монгол орны нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орж энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүснэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.Сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. 

Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсэх төлөвтэй. Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. 

Арав хоногуудын зааг үеэр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14–16 м/с хүрэх буюу зарим үед 17–19 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ